Эдийн засаг цаашид хэрхэн өсөх талаар Монголбанкнаас мэдээлэл хийлээ
- schedule 2019 оны 3 сарын 4
- chat_bubble 3
Монголбанкнаас мэдээлэл хийлээ. Нийт мөнгөний нийлүүлэлт 19.6 их наяд төгрөгт хүрсэн тухай дуулгав.
Жилийн өсөлтөөр авч үзвэл энэ нь 24.6 хувьд хүрээд буйг Төвбанкны Судалгаа статистикийн газрын захирал Б.Батсүрэн танилцууллаа. Мөнгөний нийлүүлэлт өмнөх сараас 0.9 хувиар буюу 168.3 тэрбум төгрөгөөр өсжээ.
Нийт мөнгөний нийлүүлэлтийн 51.7 хувийг төгрөгийн хадгаламж, 15.7 хувийг валютын хадгаламж, 15.2 хувийг төгрөгийн харилцах, 14.2 хувийг валютын харилцах, үлдсэн 3.3 хувийг хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө тус бүр бүрдүүлж байна.
Нийт хадгаламжийн хэмжээ 13.1 их наяд төгрөгт хүрснээс 84.4 хувийг иргэдийн хадгаламж, 15.6 хувийг байгууллагын хадгаламж эзэлж байна. Иргэдийн хадгаламжийн 81.3 хувийг, байгууллагын хадгаламжийн 57.2 хувийг төгрөгийн хадгаламж бүрдүүлжээ. Хугацаа хэтэрсэн зээл өмнөх сараас 13 тэрбум төгрөг буюу хоёр хувиар буурчээ. Чанаргүй зээл өмнөх сараас 3.6 тэрбум төгрөг буюу 0.2 хувиар өссөн байна. Хугацаа хэтэрсэн нийт зээлийн 81 хувийг хувийн байгууллагын зээл бүрдүүлжээ.
Мөнгөний бодлого хэрхэн хэрэгжиж буй нөлөөллийн талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд хэлэхдээ, “Монголбанкнаас макро зохистой бодлогын арга хэмжээ авсны хүрээнд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаар 70 хувь, хугацаа нь 30 сар байхаар тогтоосон. Энэ нь нэг талаас эдийн засгийг, нөгөө талаас хэрэглэгчийг хамгаалах зорилготой юм” гэдгийг тайлбарлаж байв.
Иргэд цалин, тэтгэвэр гэх мэт тогтмол орлогоо барьцаалж зээл авсан тохиолдолд зээлийн сарын төлбөр нь татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн дараах орлогын 75.5 хувиас хэтэрвэл наад захын амьжиргааны зарлагаа танах эсвэл нэмж зээл авах, зээлээ сунгах шаардлагатай болох тул өрхийн өрийн дарамт нэмэгдэх, зээлгүйгээр амьдрах боломжгүй болж өрийн торонд орж, түүнээс гарч чадахгүй байх эрсдэл нэмэгдэнэ. Иймээс өр, орлогын харьцааг 70 хувиар тогтоосноор зээлдэгч нь амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангах орлогыг өөртөө авч үлдэнэ. Ийм шаардлагыг тавьж байгаа нь тэднийг хамгаалж байгаа хэрэг юм гэдгийг Монголбанкнаас тодотгож байна.
Төвбанкнаас мөнгө, зээлийн зохистой өсөлтийг ханган ажиллаж байна. Үүний үр дүн гэвэл инфляци зорилтот түвшнээс бага буюу 7.3 хувьтай, харин эдийн засаг 6.9 хувиар өсч, сэргэлт эрчимжсэн.
Зээлийн хүү буурч буй нөлөөгөөр банкуудаас олгож буй бизнесийн зориулалттай, төгрөгөөр олгосон зээл өнгөрсөн онуудтай харьцуулахад өссөн. Энэ нь бизнес эрхлэгчдийн дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажлын байр, үйлдвэрлэл өсөхөд түлхэц болж байна гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Эдийн засаг цаашид хэрхэн өсөх талаар Монголбанкнаас, өрхийн хэрэглээ нэмэгдэж, хөрөнгө оруулалт тогтворжиж, уул уурхайн бус салбарын өсөлт нэмэгдэнэ. Санхүүжилтийн эх үүсвэрийн хувьд бизнесийн зээлийн нэмэгдэж, гадаадын шууд хөрөнгө оруулалт, хувийн секторын гадаад зээл хэвийн үргэлжилнэ гэж үзэж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...