Наагий: Сэтгэлээс гарсан уран бүтээл сэтгэлд хүрдэг
- schedule 2018 оны 11 сарын 23
- chat_bubble 0
Холоос гүйдэлтэй борлог минь
Сулдаа ганхам жороо доо
Голоос хайртай амраг минь
Шөнөдөө гэрэлтэм царайлаг аа хэмээн Д.Лувсаншарав гуйан “Би чамд хайртай” дууг дуучин Н.Наранбаатар /Наагий/ жааз хөгжмийн хэмнэлд оруулан, хөнгөн гэгч нь дуулав.
Хуучны уянгалаг, хит дуунуудыг жааз хэмнэлд оруулан дуулсан “Миний захидал” нэртэй цомог нь олны танил болсон, Монгол Улсын Филармоны дуучин, “Наагий” хамтлагийн ахлагч, “N-11” студийн захирал гээд олон ажил албыг зэрэг амжуулдаг дуучин Наагийтай уулзан, уран бүтээлийнх нь талаар сонирхлоо.
Жазз хөгжимчин, дуучин Наагий
- Танд өдрийн мэнд хүргэе. Тантай танилцъя?
Өдрийн мэнд. Намайг Н.Наранбаатар гэдэг. Монгол Улсын Филармоны гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог гуайн шавь. 2005 онд анхныхаа уран бүтээлээ хийсэн. 2009 оноос хойш уран бүтээлээ тасралтгүй хийж байгаа.
- Та ямар мэргэжил? Хэдэн онд сургуулиа дүүргэж байв?
Миний уран бүтээлч болох замыг аав ээж хоёр маань нээсэн. Миний аав амьд хөгжмийн хамтлагтай, өөрөө дуулдаг. Мөн бүх төрлийн хөгжим тоглодог авьяаслаг нэгэн байсан. Багаасаа л аавынхаа дуулахыг сонсож, харж өссөн. Мөн Францын классик дуучдыг хараад тэд шиг үнэ цэнтэй дуучин болно гэж мөрөөддөг байлаа. Тэр бүхэн надад багаас минь нөлөөлж байсан байх. Нэгдүгээр ангиасаа их сургуулиа төгсөн төгстөл жил бүрийн урлагийн наадамд оролцон амжилт гаргадаг байлаа. Их сургуулиа төгсөх жилээ МУГЖ Б.Дашдондогийн дуулаачийн сургуульд орсон. Тэндээс бүх юм эхэлсэн дээ. Мэдээж намайг гараас минь хөтөлж, урлагийн тайзанд гаргасан хоёр дахь хүн бол Б.Дашдондог багш минь юм.
- Та Өвөр Монголын болон Хятадын маш олон уран бүтээлчтэй хамтран ажилладаг хүн. Ингэхэд Өвөр Монголд анх хэдэн онд очиж байсан бэ? Өвөр Монголчууд таныг яаж хүлээж авдаг вэ?
Сhina mobile-ийн урилгаар 2007 онд анх Өвөр Монголд очиж тэмцээнд оролцож байлаа. “Талын од” хэмээх тэмцээнд ороод 4-р байранд шалгарч байсан. Тус тэмцээнд Монгол Улсаас оролцсон хоёр хүний нэг нь би байсан. Дараа нь Хятад улсад уригдан хэд хэдэн удаагийн тоглолтод явсан. Баян Монгол чуулгатай хамт Хөххотод очиж Улаан театрт хэд хэдэн удаа тоглосон. Фенүүд маань гарын үсэг зуруулаад маш гахайтай. Очих болгон хамгийн гайхалтай хүлээж авдаг хүмүүс бол Өвөр Монголчууд. Би өөрөө хараахан од болоогүй ч гэсэн од болох мэдрэмжийг тэнд л мэдэрдэг юм. Тийм сайхан мэдрэмжийг тэндээс авч байсан учраас тэр мэдрэмжүүд маань хэзээ ч мартагдахгүй. Сүүлийн жилүүдэд том том тоглолтоор очиход ч адилхан халуунаар хүлээж авдаг. Уран бүтээлч хүнийг урам зориг, урагшаа алхах алхам бол үзэгчдийн алга ташилт, мөн тэр хүнийг хүлээж авч байгаа байдал. Уран бүтээлч болохын тулд хичээх хэрэгтэй. Мөн хамаг зүйлээ, сэтгэлээ зориулж байх хэрэгтэй. Сэтгэлээс гарсан уран бүтээл хүний сэтгэлд хүрдэг байх ёстой гэж миний хувьд ойлгодог.
- Өвөр Монголын уран бүтээлчдийг та яаж хардаг бэ?
Өвөр Монголын дуучид болон хөгжимчдийн чадвар үнэхээр дээшилж, сайхан болсон. Өвөр Монголчууд өөрийн гэсэн онцлогтой, өөрөөрөө байгаагаараа бусдад таалагддаг. Би маш сайхан уран бүтээлчидтэй танилцлаа. Бүгд л өөрийн стилиэ олчихсон, маш өндөр чадвартай болсон хүмүүс. Хоёр орны уран бүтээлчид хэн хэндээ үлгэр дууриал өгөөд хамтдаа хөгжинө гэдэгт итгэж байна. Өвөр Монголын зах зээлд бүр цаашлаад Хятадад сайхан сайхан уран бүтээлээ хийнэ гэдэгтээ итгэлтэй байна.
- Монголд жазз хөгжим ямар түвшинд явна вэ?
Монголд жазз хөгжмийг 1950-иад оноос эхэлж тоглох болсон байдаг. Энэ нь Д.Лувсаншарав гуайн “Би чамд хайртай” дуугаар харагддаг юм. Үнэхээр сайхан жазз дуу шүү. 60,70,80-аад оны дууны үг, ая, утга санаа гайхалтай авцалдсан байдаг. Одоо эргээд жазз сонсоход хуучнаа сэргээж сонсож байгаа. Залуус бид өнгөрсөн үеэ мартах учиргүй. Сүүлийн хоёр жилд маш сайн хөгжиж байгаа. Гарман улс цаашлан маш олон улс орноос мэргэжлийн багш нар ирж жазз хөгжимийн хичээл зааж байна. Маш авьяастай залуучууд, хөгжимчид бий болж байна. Жааз хөгжмийг утгаар нь тоглож эхэлсэн.
- Монгол Улсын филармонид орсон ажлын түүхээс тань сонирхвол?
2012 оны 04 дүгээр сарын 14-нд анх Тусгаар тогтнолын ордонд бие даасан жазз оркестр тоглолт хийсэн. Тухайн үед Улсын филармонийн удирдлага ирж үзээд надад филармонид орох урилга өгсөн. Тэгээд л 2012 оны 09 дүгээр сараас ажиллаж эхэлсэн.
- Жазз хөгжмийн талаар? Таны зорилго юу вэ?
Гаднынхныг дуурайж уран бүтээл хийж болохгүй гэж би боддог. Тэгсэн тэгээгүй 100 жил хөгжиж, дэлхийн алдартай уран бүтээлчдийн хүртээл болсон энэ урлагийг бид тэр чигт нь хуулах онцгүй. Аливаа зүйл алхам алхмаар дээшлэх ёстой гэдэгтэй би санал нийлдэг. Улс орны өөрийн гэсэн онцлогтой байх хэрэгтэй. Жазз хөгжмийг би их сонирхдог. Тэр тусмаа хөгжмийг маш их сонсдог, дуунуудыг нь дуулдаг. Студидээ Монголын уран бүтээлчдийн дуун дээр 10-аад жил хамтарч ажилласан. Мөн бүх төрлийн жанраар дуулдаг хүмүүстэй хамтарч үзсэн. Улмаар 60 гаруй CD дээр ажилласан байдаг. Студид ажиллана гэдэг өөрийгөө хөгжүүлэх томоохон туршлага юм. Мах их туршлага надад хуримтлагдсан. Бүх зүйлийг сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Би сэтгэлээсээ ханддаг учраас энэ бүх амжилтууд маань надад ирсэн шагнал юм бол уу гэж боддог. Жазз хөгжмийг хэр баргийн хүн тоглох боломж байх биш, өөрөө хөгжиж байж сурна. Би одоо ч гэсэн хөгжөөд л, сураад л явж байгаа. Насан туршид сурна. Дэлхийн алдартай дуучдаас үлгэр жишээ аваад явна. Хэзээ ч үнэ цэнээ алдахгүй уран бүтээл туурвих зорилготой.
- Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар? Өвөр Монголын уран бүтээлчтэй хамтран дуу гаргах гэж байгаа гэж дуулсан?
Оны өмнө “Single Ladies 3” киноны дууг хийсэн. Одоо шинэ дуундаа CD хийнэ. Өвөр Монголын уран бүтээлч Уянгатай хамтарсан бүтээл “Ээж” хэмээх дуундаа клип хийх гэж байгаа. Бас нэг шинэ дууныхаа CD-д клип хийнэ.
Дэлхий дээр байгаа бүхий л монголчуудтайгаа холбоотой, маш ойр ажиллаж байх хэрэгтэй гэж би боддог. Зөвхөн Монголд байгаа биш. Хүрээгээ тэлэх хэрэгтэй. Ингэж байж уран бүтээлч болно. Ингэж байж бүгдийг үнэлэх үнэлгээ нь өснө, ингэж байж бүх юмны чанар дээшилнэ.
“Ээж” хэмээх энэ дууг “Hot Spot” хамтлаг анх дуулж байсан. Энэ бол Б.Бадар-Ууганы Наранзун хэмээх хүний бүтээл. Дууны утга санаа нь эмээ. Эмээ өвөө дээрээ өссөн хүүхэд зөндөө байдаг. Надаас аваад бүгд эмээ өвөөгийнхөө гараар дамжаад өсөж хүмүүжсэн байдаг. Тэр хүмүүст зориулсан маш их утга агуулсан уянгын дуу байгаа юм. Энэ дууг би Өвөр Монголын уран бүтээлч Уянгатай дуулах санал тавьсан. Цаашид Уянгатай хамтарч мэдээж олон уран бүтээл хийнэ.
- Хамтлагаа танилцуулаач? Урлагийн амжилт бүтээлийнхээ тухайд?
Хамтлаг маань 2010 онд байгуулагдсан. 9 бүрэлдэхүүнтэй. Жааз хөгжим тоглодог хамтлаг байгаа.
Монгол Улс 2015 онд Олон улсын тэмцээнээс сонгодог урлагаараа гурван гранпри авлаа. Нэг нь би. 03 дугаар сарын 13-нд Буриад улсад Олон улсын эстрад дуулаачдын тэмцээнд гранпри шагнал авсан байгаа. Тус тэмцээнд Солонгос, Хятадын олон сайхан залуу дуучид орсон.
- Цаг зав гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсэж байна.
- Та бүхэнд мөн ажлын амжилт хүсэж байна.
Ярилцсан: Х.АРВИНТАЛ, С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...