”Талын түмэн адуу” арга хэмжээ болно
- schedule 2018 оны 10 сарын 28
- chat_bubble 0
Морьтон Монголынхоо малчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, таниулан сурталчлах "Талын түмэн адуу" арга хэмжээ түүхэн аялал жуулчлалын бүс болох Хэнтий аймагт 11-р сарын 3, 4-нд зохион байгуулагдах гэж байна.
БОАЖЯ, Хэнтий аймгийн ЗДТГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр “Мөнх Харилцаа” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй энэ удаагийн Талын Түмэн Адуун төвөргөөнд улс, аймгийн зэрэг цолтой уяачид, залуу адуучид авхаалж самбаагаа сорих болно. Мөн Өвөр Монголын Өөртөө Засах Орноос адуучид дахин ирж оролцох гэж буй нь арга хэмжээний чансааг бататгаж байна.
Хэнтий аймагтаа хамгийн олон адуутай Батноров болон зэргэлдээх сумдын малчдын амьжиргаа, эдийн засгийн эргэлтийг дэмжих үүднээс энэхүү арга хэмжээ нь 5 дахь удаагаа уламжлал болгон зохиогдох гэж байна.
Монгол улсад өвлийн аялал жуулчлал хөгжүүлэн гадаад дотоодын жуулчдын томоохон урсгал бий болгохыг зорингоо өвөл цагийн адуу маллах эртний, нүүдэлчин өв уламжлалыг хадгалан авч үлдэх, орон нутагтаа адуучдын авьяас, чадварыг алдаршуулах ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа.
Хэнтий аймаг нь Монгол улсын төдийгүй дэлхийн хэмжээний түүхт газар нутаг учир аялал жуулчлалын үйлчилгээ, дэд бүтцийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, байгалийн адал явдалт аялал, түүх соёлын аялалын төрлүүдийг нэгэн зэрэг хөгжүүлэх боломжтой нутаг юм.
Энэ удаагийн ТАЛЫН ТҮМЭН АДУУ-н төвөргөөний хөтөлбөрт дараах үйл ажиллагаанууд зохиогдоно:
Адуучдын Хээрийн цайллага, адуун туувар
ТОРГОН ТАР богино зайн бооцоот уралдаан
Нутаг усандаа алдартай хурдан адууны танилцуулга
Адууны зүс нэршлийн танилцуулга
Хос морьдын хөтөлгөө, ховор зүсний адууны цуваа
Морьтон хүүхдийн парад
Хэнтийн Брэнд хүнсний үзэсгэлэн худалдаа
Уран уургач шалгаруулах “Шургуу 2018” тэмцээн
Эмнэг булгиулах тэмцээн
Малчдын өвөлжөөтэй танилцах аялал
Тал нутгийн тайга нохойн уралдаан, хийц шалгаруулалт
Тожил хийцийн адууны тоноглол, дархан урлалын үзэсгэлэн
Талын Түмэн Адуу фото зургийн үзэсгэлэн
Баяр наадмын зочдод зориулсан урлагийн тоглолт.
Ийнхүү Тал нутгийн чимэг болсон түмэн адууны баяр нь гэрэл зурагчид, олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлыг татдаг болсон нь аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн болох гарааг хэдийнээ бүрдүүлээд байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...