Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ
- schedule 2018 оны 4 сарын 19
- chat_bubble 0
Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.04.19) хуралдаан 10 цаг 04 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, энэ талаарх танилцуулгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа хийсэн. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны долдугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамж нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэж заасныг зөрчсөн эсэх тухай иргэнээс гаргасан маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц хэлэлцсэн байна. 2018 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна. Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй” гэсэн дүгнэлтийг гаргасан гэж дурдав.
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа нар тус тус танилцуулсан.
Хууль зүйн байнгын хороо 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32-д заасан журмын дагуу хэлэлцжээ. “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32-д заасны дагуу хэлэлцээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг дэмжээгүй байна.
Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, О.Баасанхүү, Д.Тогтохсүрэн, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.
Улсын Их Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар Хууль зүйн болон холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлт зөрвөл нэгдсэн хуралдаан дээр Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтээр эхэлж санал хураалгах бөгөөд энэ санал эс дэмжигдвэл холбогдох Байнгын хорооны санал дэмжигдсэн гэж үзнэ” гэж заасны дагуу асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Хууль зүйн байнгын хорооноос гаргасан саналын томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь дэмжсэнгүй.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...