Г.Хайдавын шавь нар чуулна
- schedule 2017 оны 9 сарын 19
- chat_bubble 0
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, СУИС-ийн хүндэт доктор, профессор, Монголын дуурийн урлагийн дэг сургалтыг үндэслэгч Гонгорын Хайдавын 90 насны ой тохиож байна.
Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрж өссөн энэ хүн Москва хотноо хэвлэлийн сургуульд явсан ч авъяас сонирхолоороо Москва хотноо П.И Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуульд 1948-1954 онд суралцан төгссөн нь манай дуурийн дуучдын хамгийн анхны дээд боловсролтой мэргэжлийн дуучин болсон байна.
1942 онд уран бүтээлчдийн дунд зарласан зохиолын дууны анхны уралдаанд С.Гончигсумлаа, Б.Бааст нарын "Чамайг үдье" дууг дуулж тэргүүн байр эзэлж байсан нь алдарт дуучны маань их урлагийн гараа байсан биз ээ.
Олон сайхан дуу, ари, романс дуулахаас гадна өөрийн орны хөгжмийн зохиолчдын болон дэлхийн сонгодог 20 орчим дуурийн гол дүрийг гайхалтай сайхан бүтээсэн энэ эрхэм хүний манай сонгодог урлагийн хөгжилд оруулсан том хувь нэмэр бол эх орондоо дуурийн дуучдыг бэлтгэх сургуулийн үндэс суурийг тавьсан явдал юм.
Анхны шавь нараас нь Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Х. Уртнасан, Гавьяат багш Ц.Ерөө, Ардын жүжигчин Д.Баадайжав гээд олон алдартнууд, өнөө цагийн сайхан дуучид УГЖ Х. Үнэнхүү, УГЖ У. Далантай, УГЖ С. Жавхлан зэрэг олон шавийг нэрлэж болно.
Хөгжмийн зохиолч, хуурч, хормейстер Х.Сэргэлэн, МУГЖ дуучин Х.Төмөрбаатар, хөгжим судлаач Х.Ариунаа, найруулагч, хөгжимчин ач зээ нар нь үе удмаараа Монголын хөгжмийн урлагт авъяас билгээ зориулж явна.
Алдарт ахмад багш дуучны маань амьдрал уран бүтээлтэй илүү их танилцахыг хүсвэл 90 насны ойгоор нь гарч буй номыг нь авч, баримтат киног нь үзээрэй. Есдүгээр сарын 21-ний үдэш УДБЭТ-т хүндэтгэлийн тоглолт болно. Олон сайхан шавь нар нь энэ тоглолтыг хүндэт багшдаа зориулан тоглох гэнэ. Сайхан байна шүү.
Ойн арга хэмжээний хүрээнд ,
2017.09.21-нд Соёл урлагийн их сургуулийн “Оюутан” театрт
10:00 “Монголын дуурийн дуулаачийн зуун дамнасан дэг сургууль” Эрдэм шинжилгээний хурал
11:00 “Дамжуулах үг” Баримтат киноны нээлт
Дуурь бүжгийн эрдмийн театрт
16:00 “Г.Хайдав 90” Фото зургийн үзэсгэлэн,
17:00 “Монголын дуурийн хан хүү” хүндэтгэлийн тоглолт,
Дурсгалын зураг,
Номын баяр болно.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...