Нүдэндээ хиймэл нулимс хэрэглэх нь зөв үү?
- schedule 2017 оны 9 сарын 12
- chat_bubble 0
АУ доктор,дэд профессор Д.Уранчимэг (AШУҮИС)
Нүд хуурайших нь ахимаг насны хүмүүст ихэвчлэн тохиолддог бөгөөд нүд хуурайших, аргах, торох шинж тэмдгээр илэрдэг. Нүд хуурайших нь хэдийгээр биеэ даасан өвчин биш боловч нулимсан давхаргын өөрчлөлттэй холбоотой шинж тэмдгүүдийн цогц юм. Нүдний нулимсан давхарга нь муцин, сероз, липидэн давхарга гэсэн үндсэн 3 давхаргаас тогтдог. /Зураг-1/ Ердийн үед 10-20 секунд тутамд хаталтаас болж нулимсан давхарга задарч байдаг ба нүд анивчих үед дахин шинээр нулимсан давхарга үүсдэг байна. Аливаа эмгэгүүдийн үед нулимс ялгаралт багасах нь эвэрлэг бүрхүүлийг хуурайшуулж нүд хуурайших хам шинжийг үүсгэдэг.
Нулимсны бүтэц
Нүдний нулимс ялгаралт багасах шалтгаанууд:
1. Шалтгаан тодорхойгүй–олон өвчтөнүүдэд нүдний болон системийн өвчингүй боловч нулимс ялгаралт багасдаг. Зарим үед антигистамин, жирэмслэлтийн эсрэг эм , артерийн даралт бууруулдаг зарим эмүүд, антидепрессант эмүүд, Паркинсоны өвчинд хэрэглэдэг эмүүд, шээс хөөх үйлчилгээтэй эм, булчин сулруулах эм, хамрын зарим дусаалгууд, антихолинэргик эмүүдийг хэрэглэсэн үед нүд хуурайшдаг байна.
2.Нүдний нулимсны дутмагшил – төрөлхийн алакрами / нулимс гарахгүй байх/, үрэвслээс шалтгаалсан нулимсны булчирхайн эд эсийн атрофи буюу фиброз
- Кератоконьюнктивит
- Шёгрений хам шинж/ энэ нь кератоконьюнктивит, ксеростоми, ревматоид артрит хавсран тохиолддог хам шинж/
3.Нулимсны булчирхайн гэмтэл
4.Саркоидоз- нулимсны булчирхайн гранулём
5. Нулимсны булчирхайн хавдар
6.Нулимсны булчирхайн сувгийн бөглөрөл- нүдний салстын трахома, пемфигус, Стивенс-Жонсоны хам шинжийн үед
7.Мэдрэлийн гаралтай өвчнүүд болон мейбомын булчирхайн үйл зүйн алдагдал
8.Дакриоаденит- улаан бурхан, гахайн хавдар болон бусад үрэвслээс шалтгаалсан нулимсны булчирхайн үрэвсэл
9.Нулимсны булчирхай болон шүлсний булчирхайг үрэвсүүлдэг эвэрлэг бүрхүүлийн хавсарсан үрэвсэлт өвчнүүд
10.Микуличийн синдром- сүрьеэ, лейкеми, Ходкинсийн өвчин, амилоидоз зэрэг өвчний үед
11.Бусад системийн өвчнүүд- эвэрлэг бүрхүүл шилжүлэн суулгасны дараа, полимиозит, туяа эмчилгээний дараа, ДОХ, В,С гепатит, тэмбүү, сүрьеэ, долдугаар мэдрэлийн саажилт
12.Муцин дутагдлаас нүд хуурайших – амин дэм А-ийн дутагдалаас шалтгаалсан, ксерофтальми, салстыг сорвижуулдаг улайлт, трахома, химийн түлэгдэл, туяаны түлэгдэл, пемфигус
13.Липид дутагдлаас нүд хуурайших- мейбомын булчирхайн төрөлхийн дисплази
14.Зовхины үйл ажиллагааг алдагдуулдаг нүдний зарим өвчин- кератит, симблефарон/ зовхи болон нүдний салст хоорондоо наалдах/, птеригиум/ нүдний далавч хальс/, лагофтальм/ нүдний зовхи анигдагдахгүй болох/, зовхи гадагш эргэх
15.Эвэрлэг бүрхүүлийн эпителиопати зэрэг орно.
Нүдэнд гарах зовиур:
- Нүд өвчингүйгээр аргах
- Нүд улайх
- Нулимс гоожих
- Нүд бүрэлзэх
- Нүд загатнах
- Нүдэнд юм торох
- Нүд гялбах
Халах, хөрөх, удаан хугацаагаар юм унших, хүйтэн халуун агааржуулагчтай өрөөнд байхад нүд аргах Уйлах үед нүдний нулимс бага гарах
- Нүд хуурайших магадлал өндөртэй өвчтөнүүд:
- Менопауз эхэлсэн буюу гормоны өөрчлөлттэй эмэгтэйчүүд
- 50 ба түүнээс дээш насны хүмүүст
- Диуретик /шээс хөөх эм/, бетаблок, психотропик эмүүд хэрэглэж байгаа өвчтөнүүд
- Хэрх өвчтэй хүмүүс
- Зовхины эмгэгтэй хүмүүс
- Тамхи татдаг хүмүүс
- Шороо тоос, нарны хэт ягаан туяа, салхинд байнга гадаа ажилладаг хүмүүс
Эмнэл зүйн шинж тэмдгүүд
Нүдний өнгөн хэсэг дээрх нулимсны давхарга 0,3мм-ээс багагүй байдаг. Нүд хуурайших үед энэ хэмжээ багасах ба салстын ксероз буюу хуурайшил, Битогийн толбо, эвэрлэг бүрхүүл дээр липид болон муцины бөөгнөрлүүд, хуурайшлын толбууд үүсч эхэлдэг. Хүнд хэлбэрийн үед эвэрлэг бүрхүүлийн олон давхар хучуур эсүүд дээр цэгчилсэн шалбархайнууд үүсдэг ба энэ нь эвэрлэгийн доод хэсэг болон доод зовхинд флюресцен будагч бодис дусаахад илүү тод харагддаг. Нүд хуурайших тусам эвэрлэг бүрхүүл дээр саарал өнгөтэй толбонууд бий болох ба энэ нь салст, олон давхар хучуур эс, уураг болон өөх тосны найрлагатай байдаг. Улмаар эвэрлэг бүрхүүл нимгэрэх, цоорох тохиолдол хүртэл байдаг байна. Зураг 2. Нүд хуурайшлын шалтгаант эвэрлэгийн цэгчилсэн шалбархайг флюресцейнээр будаж илрүүлсэн байдал.
Оношлогоо
Нүд хуурайшлыг оношлохдоо орчин үед нүдний нулимс задрах хугацааг тодорхойлох, Ширмерийн сорил, Венгалын ягаанаар будах, нулимсны лизоцим болон глобулины сорил, нулимсны осмос шинж чанарын үнэлгээ, салстын биопси авах, салстын гистологи шинжилгээ зэргийг хийж үнэлдэг.
Нүд хуурайшлын эмчилгээ
Одоогийн байдлаар нүд хуурайшилд хэрэглэж байгаа эмчилгээ нь зарим шинж тэмдгийг бууруулах сайн үр дүнтэй байгаа боловч бас бүрэн гүйцэд төгс эмчилгээ болж чадахгүй байна. Нүд хуурайших нь архаг явцтай, эмчилгээ хийхгүй бол хараа муутгах боломжтой болохыг тайлбарлаж, эмчилгээг эхлэхийн өмнө өвчтөний сэтгэл зүйг сайн бэлдэх нь чухал юм. Үндсэн суурь өвчнийг сайн эмчлэх нь нүд хуурайшлыг эмчлэх нэг алхам болдог.
Нулимс орлуулагч
Хиймэл нулимс болон лубрикантууд нь нүд хуурайшлын гол эмчилгээ болдог. Эмийн худалдаанаас хэдийгээр маш олон төрлийн хиймэл нулимс олж авч дусаах боломжтой боловч түүнд агуулагдаж буй нүдний эвэрлэг бүрхүүлийн олон давхар хучуур эдийн ургалтад нөлөөлөх хоруу чанарыг тодорхойлох нь бас төвөгтэй байдаг.
Хиймэл нулимс/ нүдний дусаалга/
Хиймэл нулимс нь ихэвчлэн хөнгөнөөс хүнд хэлбэрийн нүд хуурайшил, кератоконьюнктивитийг эмчлэхэд хэрэглэнэ. Дусаалгыг тогтмол хэрэглэх нь тохиромжтой. Хөнгөн хэлбэрийн үед цөөвтөр харин хүнд хэлбэрийн үед 1 цаг тутам буюу дунд зэргийн нүд хуурайшлын үед өдөрт 4-6 удаа нүдэнд дусаана. Хэсэг газрын эмчилгээ болох дусаалга нь богино хугацаанд нүдэнд үйлчилдэг. Хиймэл
нулимс нь органик бус электролитүүд, презерватив, усанд уусдаг полимер нэгдлүүдийг агуулна. Нүдний шинэ лубрикант тос дусаалгад амин дэм А, полимер, липид нэмж агуулдаг болсон. Амин дэм А –тай нүдний дусаалгууд гарсан нь хүнд хэлбэрийн нүд хуурайшлыг эмчлэх үр дүнтэй аргуудын нэг болж байна. Cellulose derivative Энэ гипотоник уусмал нь 0.1-1% метилцелюлиоз буюу этилцелюлиоз, 0.3-1% гипромеллиоз агуулдаг. Целюлиозийн бүлгийн шинэ эмнүүдээс 0.5%-ийн карбоксиметилцелюлиоз агуулсан Refresh Tears олдоц сайтай байдаг. Энэ дусаалга нь карбоксиметилцелюлиоз агуулснаараа нүдний өмнөд хэсэгт олон давхар хучуур эс дээр маш сайн наалдаж өгдгөөрөө нүдний өөрийнх нь нулимсан бүрхүүлтэй тун ойролцоо үйлчлэл үзүүлдэг байна.
Нулимсыг нөөшлөх/ цуглуулах, хадгалах/
Ялгарч гарсан нулимсыг ууршуулахгүй барих нь эмчилгээний нэг чухал хэсэг юм. Нулимсны ууршилт нь нүдний өнгөн хэсэг дээрх агаарын температур, чийглэг, агаарын хөдөлгөөн, дээд доод зовхины хоорондох зай, нулимсан давхаргын хэмжээ зэргээс шалтгаалдаг.
Ууршилтыг багасгахад:
- Өрөөний температурыг бууруулах
- Өрөөг тогтмол чийгшүүлж байх
- Гадаа ажиллах, явах үедээ хажуугийн хамгаалагчтай нүдний шил зүүж занших нь салхи, шорооноос хамгаалдаг
-Хүнд хэлбэрийн хуурайшил болон кератоконьюнктивиттэй хавсарсан тохиолдолд хэсэг газрын блефароррафи хийнэ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...