Кофег амт чанартай хэрхэн бэлтгэх вэ?
- schedule 2017 оны 5 сарын 24
- chat_bubble 0
1. Кофе
Кофег сонгохдоо аль болох хуураад удаагүй шинэ кофег сонгох нь чухал бөгөөд бүхэл үрэн хэлбэрээрээ байвал илүү сайн. Кофегоо бэлтгэхийн өмнө хэрэглэх хэмжээгээрээ нунтаглах нь үнэр амт сайтай, шинэ байхад нөлөөлнө.
Мөн кофегоо зөв хадгалаж дадах нь чухал. Харанхуй, сэрүүн, чийггүй нөхцөлд уутны амыг сайтар таглаж хадгалах буюу битүү саванд хадгалах хэрэгтэй.
Кофег хөргөгчинд битгий хадгал. Учир нь хөргөлт нь үрийг чийгтэй болгохоос гадна шинэлэг анхилам үнэрийг нь үгүй болгодог.
2. Нунтаглалт
Кофегоо хэрэглэхийн өмнө нунтаглахыг кофены мэргэжилтэнүүд зөвлөдөг. Кофег нунтаглаж хадгалахад бүхэл байдалтай хадгалсанаас хэд дахин их үнэр, амт чанараа алддаг. Иймээс та өөр тохирсон нунтаглах төхөөрөмжтэй болоорой.
Кофены амтанд гол нөлөөлөх зүйл нь нунтаглалтын ширхэг юм. Та өөрт байгаа кофе нэрэх хэрэгслийнхээ онцлогт тохируулан кофены нунтаглалтын ширхэгийг тохируулна.
Та нэгэнт кофег байнгын хэрэглээгээ болгосон бол энэ талаар мэдлэгийг олж авах хэрэгтэй.
3. Багаж хэрэгсэл
Кофег нэрэх, чанах гэх мэт олон төрлийн төхөөрөмжүүд байдаг. Эдгээр нь өөр өөрийн ашиглах заавартай байхаас гадна бэлтгэгдсэн кофе нь өөр өөрийн амтны ялгаа, өвөрмөц байдалтай.
Иймээс та өөрийн амтлах мэдрэмж, сонирхолдоо тулгуурлан хэрэгслээ сонгох бөгөөд ашиглах зааварыг нь зөв мөрдөх хэрэгтэй. Мөн гол анхаарах зүйл нь багаж хэрэгслийн цэвэрлэгээ, арчилгаа юм. Кофе бэлтгэдэг машин төхөөрөмжөө зориулалтын цэвэрлэгээний бодис, содтой ус зэргээр ариутгаж цэвэрлэж байх хэрэгтэй. Кофег нэрэх үед ялгарсан тос,бохирдол, үлдэгдэл нь дараагийн кофены амтанд сөргөөр нөлөөлдөг.
4. Ус
Хүйтэн цэвэршүүлсэн ус болон савтай цэвэр усыг кофендоо ашиглана. Шүүгээгүй түүхий усаар кофег нэрэх нь кофены чанарт сөргөөр нөлөөлөхөөс гадна кофены машин тоног төхөөрөмжид ч сөрөг нөлөөтэй.
Кофег нэрэх усны хэм 92-95C байх нь зүйтэй. Хэт халуун ус нь кофены амт, үнэрлэг байдлын өөрчилдөг. Иймээс кофе нэрэх багаж хэрэгслийнхээ онцлогт тохируулан мөн усны хэмийг тохируулдаг.
5. Кофег нэрэх
Кофег бэлтгэхдээ ус кофены харьцааг мөрдөх хэрэгтэй. Дундажаар 1:15 буюу 10 гр кофенд 150гр ус гэсэн харьцааг мөрдөх бөгөөд мэдээж та өтгөн уудаг бол кофены хэмжээг 18гр хүртэл нэмэгдүүлж болно.Мөн кофег хандлаж нэрэх явцдаа хугацааг зөв баримтлана. Цайг бэлтгэдэгтэй ижил хэт удаан хандлавал гашуувтар, өтгөн амттай хэт хурдан нэрвэл хандат байдал нь сул амт, үнэр дутуу нэрэгддэг.
Кофе бэлтгэх хэрэгслээсээ хамаарч хугацаа нь бага зэрэг өөр өөр байна.
6.Таашаан уух
Кофег уух болгондоо та амт үнэрийг нь мэдэрч таашаан уугаарай. Олон удаагийн кофе бэлтгэх явцад та өөрийн таашаадаг кофены төрөл, бэлтгэх арга барилыг мэдэж, амт үнэрийн мэдрэмжээ таних болно.
www.facebook.com/monbaristassn.monbaristassn/
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...