М.Сарантуяа: Багш нарыг дохионы хэлээр хичээл заахад анхаарч ажиллана
- schedule 2017 оны 4 сарын 28
- chat_bubble 0
29 дүгээр сургуулийн захирлыг түр орлон гүйцэтгэгчээр дохионы хэлний багш М.Сарантуяаг өчигдөр томилоод байна. Түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэе.
-Ажлаа хүлээгээд авчихсан уу. Та энэ сургуульд ажиллаад хэдэн жил болж байгаа вэ?
-Тэглээ. Ажлаа хүлээж аваад өрөөндөө орчихсон байна. Би энэ сургуульд ажиллаад 26, боловсролын байгууллагад ажиллаад 29, сонсголгүй хүүхдүүдтэй ажиллаад 30 жил болж байна.
-“Б.Батсайхан захирал ажлаа хүлээлгэж өгөхгүй байна. Багш нар нь эсэргүүцэж жагсаал хийхээр боллоо” гэх мэдээлэл цацагдаад байсан үнэн үү?
-Тийм зүйл байхгүй ээ. Ямар ч асуудалгүй ажлаа хүлээлгэж өгсөн. Харин багш нар Б.Батсайхан захирлыг явуулах их дургүй байсан.
-Танай сургуулийг тойрсон маш олон асуудал байгаа. Энэ асуудлуудыг яаж шийдвэрлэе гэж бодож байна вэ?
-Хамгийн эхний ээлжид багш, сурагчдын хоорондын ойлголцлын асуудлыг цэгцэлнэ гэж бодож байна. Хүүхдүүд маань сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлд янз бүрийн ярилцлага өгсөн. Харин багш нар маань байхгүй зүйлийг яриад байна гээд бухимдаж байгаа. Тэгэхээр эхний ээлжид багш нартаа "Удахгүй болох хаврын шалгалтандаа анхаарах үүрэг өгнө. Мөн энэ ажлыг бид хийхгүй бол хэн хийх юм. Одоо хийхгүй бол хэзээ хийх юм гэдгийг бэ" гэдгийг ойлгуулж ажиллана гэж бодож байна. Гуравдугаар сарын 27-ноос хойш багш нар дохионы хэлний ур чадвар сайжруулахад анхаарч дохионы хэлний гурван шатанд хуваагдаад сургалтад хамрагдаж байгаа.
-Үүссэн асуудалтай холбоотойгоор нэр бүхий багш нарт сануулах арга хэмжээ авсан гэсэн. Олон нийтийн дунд зөвхөн сануулах арга хэмжээ аваад өнгөрлөө гэх бухимдал байгаа. Та тухайн хүмүүстэй хариуцлага тооцох уу?
-Манай хуучин захирал хөдөлмөрийн хуулийн дагуу сануулах арга хэмжээ авсан юм байна лээ. Одоогоор надад бол тэр хүмүүст арга хэмжээ ав гэсэн юм алга байна. Тэгэх шаардлагагүй ч байхгүй байх гэж бодож байгаа. Гэхдээ цагдаагийн байгууллагын шалгалтын явц ямар гарч ирэхийг бас мэдэхгүй байна. Миний бодлоор манай сургуулийн багш нар дотроос буруутай этгээд гэж гарч ирэхгүй байх гэж бодож байгаа.
-Яагаад. Хүүхдүүд байнга зодуулж, хүчирхийлэл дунд байдаг гэдгээ хэлсэн шүү дээ?
-Хүүхдийн эрхийн конвенцод хүүхэд эрүүл, аюулгүй тав тухтай орчинд сурч боловсрох эрхтэй гэж заасан байдаг. Тиймээс бид хамгийн түрүүнд хүүхдүүдийнхээ төлөө ажиллана. Тийм нөхцөл байдал байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ би өөрөө нүдээрээ үзээгүй болохоор ингэж яриад байна. Өнөөдрөөс манай сургууль дээр нийслэлээс ажлын хэсэг ирж ажиллана. Ажлын хэсгийн дүгнэлт гарч асуудал шийдэгдтэл хүүхдүүдийнхээ аюулгүй орчинд айх, ичих зүйлгүйгээр сурч боловсрох тал дээр нь онцгой анхаарч ажиллана.
-Танай сургуулийн багш нар болон өмгөөлөгч Г.Батбаяр манай сургуульд огт тийм асуудал байхгүй гээд байгаа. Байхгүй гэдгийг нь яаж мэдээд байгаа юм бэ. Нэр бүхий багш нар тэр ёс бус үйлдлээ бүх хүний нүдэн дээр ил гаргахгүй нь тодорхой шүү дээ. Гэтэл байнга хамт байгаад, хичээлийг нь хамт заадаггүй хэрнээ хэнтэй яаж харьцаж, хэнийг яаж дарамталж байгааг нь яаж тийм сайн мэдээд байгаа юм бэ?
-Манай багш нар энэ асуудлыг байнга ярилцаж байна. Нуулгүй хэлэхэд, үнэхээр тийм асуудал байгаа юм биш биз гээд ярилцдаг. Гэтэл тухайн хүмүүсийн ажлын байрны тодорхойлолт, багшийн ес зүй энэ тэрийг аваад үзэхээр ямарч асуудалгүй хүмүүс байгаад байгаа юм. Ер нь бүх багш нар огт тийм зүйл байхгүй гээд байгаа болохоор хамт олондоо итгэж байгаа байх.
-Та юу гэж бодож байна. Хүүхдүүдийг огт үндэслэлгүй худал зүйл зохиож ярьсан гэж бодож байна уу?
-Сая бид нар хүүхдүүдтэйгээ ярилцаж үзсэн. Тэгэхэд зарим багш нарт дарамт гэхээсээ илүү харилцааны асуудал байгаа юм байна гэж ажиглагдсан. Хүүхдүүд маань хөгжлийн бэрхшээлтэй учраас аливаа зүйлийг хэт хүндээр, эмзэг хүлээж авч байна лээ. Гэхдээ би нар багш нарынхаа эрх ашгийг хамгаална гэдгээ жаахан хойш тавиад хүүхдүүдийнхээ асуудалд анхаарна гэж бодож байна. Яагаад гэхээр эцсийн бүлэгт бид хүүхдүүдийнхээ төлөө л энэ орчинд ажиллаж, амьдарч байгаа. Тиймээс хүүхдүүдийнхээ эрүүл аюулгүй орчинд сурах боломжийг хангах тал дээр анхаарч ажиллах бодол байна.
-Дотуур байрны хүүхдүүд бас их хэцүү байдаг юм шиг байсан. Шөнө болтол байр цэвэрлүүлдэг, эрэгтэй багш нар байранд очиж хонодог гэх асуудал яригдсан?
-Хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Бас эцэг эхдээ туслах үүрэгтэй байдаг. Тэр утгаараа хүүхдүүд маань тэр дотуур байранд амьдарч байгаа учраас долоо хоногт нэг удаа жижүүрлэж байраа цэвэрлэдэг. Би тэрийг хүүхэд амьдарч байгаа орчныг цэвэр байлгах үүднээс тодорхой хөдөлмөр хийхийг би буруутгахгүй. Гэхдээ дааж , давшгүй их ажлаар дараад байна уу, үгүй юу гэдгийг нь бас шалгана. Бас байранд эрэгтэй багш нар очиж хонодог гэсэн юм яригдсан байсан. Тиймээс нэмж жижүүр багш ажиллуулна гэсэн бодолтой байна.
-Багш нарын дохионы хэлний чадварыг сайжруулах тал дээр та яаж анхаарч ажиллах вэ?
-Мэдээж энэ асуудалд онцгойлон анхаарч ажиллана. Багш нар маань янз бүрийн шинжлэх ухааны хичээл зааж байгаа. Эхний ээлжид хичээлээ заахад нь дэмжлэг болохуйц дохиогоор хангаж өгөх асуудалд анхаарна гэж бодож байна. Хүүхдүүд маань сонсголгүй учраас дохионы хэл маш чухал. Самбар дээр бичсэн зүйлийг уншиж чадах ч тэр үгнийхээ утгыг ойлгодоггүй. Юу гэсэн үг болохыг нь мэддэггүй. Тиймээс хүүхдүүдэд маань дохионы хэл маш чухал.
-Дохионы хэлээр хичээл заахгүй бол хүүхдүүд хичээлээ ойлгохгүй гэдгийг нь мэдсээр байж яагаад өнөөдрийг хүртэл танай сургуулийн багш нар хичээлээ дохионы хэлээр заадаггүй байсан юм бэ?
-Манай сургуулийн багш нар тодорхой хэмжээнд дохионы хэл эзэмшсэн. Гэхдээ, дохионы хэлний мэргэжлийн багш биш болохоор тухайн хичээлийн бүх нэр томьёог дохиж чаддаггүй. Багш нар маань бүх үгийг дохих гэхээр манай Монголын дохионы хэлний хөгжил тэр төвшинд хүртэл хөгжөөгүй, хичээлийг дохиогоор заах боломж нь бүрдээгүй байна. Гэвч Монголын дохионы хэлний одоогийн байгаа төвшин шинжлэх ухааны нэр томьёог бүрэн хэмжээнд орчуулж өгөхүйц хэмжээн хөгжиж амжаагүй байна. Манай улсад дохионы хэл үүсээд 20 жил болж байгаа. Гэтэл Европын улс орны дохионы хэл 400 жилийн настай. АНУ-ын дохионы хэл гэхэд 350 жилийн настай байна. Тэгэхээр энэ нь цаг хугацааны болон бэлтгэгдсэн боловсон хүчний асуудал юм. Туршлагатай олон жил ажилласан багш нар маань сүүлийн гурван жил олноор тэтгэвэрт гарчихсан. Тэгэхээр сүүлийн гурван жилд залуу багш нар л орж ирсэн.
-Танай сургуульд багшлахаар очиж буй залуучууд дохионы хэлд суралцсан байдаг уу? Ажилд авахдаа энэ шаардлагыг тавьдаг уу?
-1980-1990 онд манай улс сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролд асар анхаарч, тэдэнд хичээл заах багш нарыг ч бэлтгэж байсан юм билээ. Хамгийн сүүлд манай сургуульд 2002 онд боловсон хүчин бэлтгэгдэж ирсэн. Үүнээс хойш 15 жил болоход мэргэжлийн согог зүйч багш ирээгүй. Багшлах эрхийн шалгалтад тэнцсэн, дээд боловсролын сургууль төгссөн багш нарыг авч ажлуулж байна. Тэд дохионы хэл гэж юу байдгийг мэдэхгүйгээр манай сургуульд ирдэг. Учир нь их сургуульд тэдэнд дохионы хэл заадаггүй. Тэдгээр хүмүүсийг манай сургуульд ажиллахаар ирсэн даруйд нь бид дохионы хэлийг заадаг.
-Монголд дохионы хэлээр бэлтгэгдсэн хэчнээн багш байдаг вэ?
-Монгол Улсад дохионы хэлний мэргэжлээр бэлтгэгдэж төгссөн хоёр боловсон хүчин байсан. Тэр хоёр хүний нэг нь бурхан болсон. Харин нөгөө нь 1990-ээд оны үед мэргэжлээ сольсон байдаг. Үүнээс хойш Монгол Улсад зорилготойгоор бэлтгэгдсэн дохионы хэлний мэргэжилтэн байхгүй байна. Хоёр хүн л зөвхөн зургаан сарын хугацаанд бэлтгэгдсэн байдаг. Энэ хоёр хүний нэг нь төрийн бус байгууллага байгуулан ажиллаж байна. Нөгөө нь манай сургуульд багшилж байгаа.
-Олон нийт багш нараас дохионы хэлний шалгалт аваад тэнцэхгүй хүмүүсийг нь явуулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Хэрэв тийм арга хэмжээ авбал, оронд нь ажиллуулах дохионы хэлтэй боловсон хүчин бий юу?
-Байхгүй. Бид дохионы хэлтэй багш ажилд авна гэж хайж үзсэн. Нэг ч хүн ирээгүй. Угаасаа байхгүй. Багш нараасаа шалгалт аваад явуулсан тохиодолд бид дахиад л огт дохионы хэл мэдэхгүй багш нарыг авч ирээд сургах шаардлага гарна. Хүмүүс сонсголгүй хүмүүсийг авч ирээд хичээл заалгаж болдоггүй юм уу гээд байсан. Тийм боломж байхгүй. Учир нь багшийн сургууль төгссөн, багшлах эрхтэй сонсголгүй хүн монголд байхгүй шүү дээ.
Эх сурвалж: zaluu.com
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...