“Монголын үндэсний сэтгүүл зүй” -н 104 жилийн ойн баяр боллоо
- schedule 2017 оны 3 сарын 6
- chat_bubble 0
Өнөөдөр /2017.03.06/ “Монголын үндэсний сэтгүүлзүй” үүссэний 104 жилийн ойн баярын арга хэмжээ “Чингис” зочид буудлын “Тэмүүжин” танхимд боллоо.
Тус арга хэмжээний ёслолын арга хэмжээг МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид нээж үг хэлээд, ахмад сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлэх ёслол, мөн шагнал гардуулах ёслол болж өнгөрсөн юм.
Энэхүү ёслолын арга хэмжээнд МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, МСНЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга С.Алтанцэцэг, тус эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүд, сэтгүүлзүйн салбарын ахмад гишүүд, сэтгүүлчид оролцлоо.
Тус арга хэмжээний үеэр МСНЭ-ийн болон бусад шагнал гардуулах ёслол болохоос гадна МСНЭ-ийн жендерийн зөвлөлийн танилцуулгыг МСНЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга С.Алтанцэцэг уншиж танилцуулсан юм.
Мөн “Хэвлэл мэдээллийн салбарт зохиогчийн эрхийг дээдлэх тунхаг”-ийг төрийн холбогдох байгууллагуудад гардуулах, Тунхагт шинээр нэгдэгсдийг зарлалаа.
Түүнчлэн “Чөлөөт хэвлэл бол чөлөөт ард иргэд мөн” аяны нээлт болсон юм.
Тодруулбал, 1913 оны гуравдугаар сарын 06-ны өдөр монгол сэхээтнүүд “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаарыг гаргасан бөгөөд энэ өдрийг Монголын үндэсний сэтгүүлзүй үүссэн өдөр гэж тэмдэглэх саналыг 1992 онд Монголын сэтгүүлчдийн холбооны VII их хурлаас гаргаж, 2009 оноос хойш тогтмол тэмдэглэж байна.
Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн мэргэжлийн толгой байгууллага –МСНЭ нь үндэсний сэтгүүлзүйн 104 жилийн ойг тохиолдуулан сэтгүүл зүйн хүндтэй ахмадууд болох МУСГЗ Б.Лигдэн, МУСГЗ Д.Дорждулам, МУСГЗ М.Шийрэв нарт “Алтан өргөмжлөл” хүртээж хүндэтгэл үзүүлэв.
МСНЭ өнгөрсөн жилээс эхлэн МОНЦАМЭ агентлагтай хамтран “Мэдээний шилдэг сурвалжлагч” шагнал олгодог болсон бөгөөд энэ жил 25 дугаар суваг телевизийн сэтгүүлч Г.Мөнхтуул, “IToim” сайтын сэтгүүлч Г.Улсболд, фотосэтгүүлч Б.Бямба-Очир нар тус шагналын эзэд боллоо.
Ойн арга хэмжээний үеэр Монголын сайтын холбооны санаачилгаар МСНЭ тэргүүтэй нөлөө бүхий 16 ТББ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл санал нэгтэй баталсан “Хэвлэл мэдээллийн салбарт зохиогчийн эрхийг дээдлэх тунхаг”-ийг төрийн холбогдох байгууллагуудад гардуулж, МҮОНРТ, мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, “Өдрийн сонин” сонин зэрэг байгууллагууд уг тунхагт шинээр нэгдэж байгааг зарлав.
Энэхүү үйл ажиллагааны үеэр МСНЭ болон Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооны хамтарсан санаачилгаар зохиогдож буй “Чөлөөт хэвлэл бол чөлөөт ард иргэд мөн” сэдэвт аяны нээлт боллоо.
Энэ аянд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид нэгдэж, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, чөлөөт хэвлэлийн үзэл санаанд харш хууль тогтоомж, шийдвэрийг төрийн зүгээс гаргуулахгүйн төлөө эв санааны нэгдэлтэйгээр тэмцэх юм.
Мөн МСНЭ-ийн дээд шагналуудаар зарим сэтгүүлчдийг шагнав.
Зохиолч нийтлэлч Сономын Лочинг МСНЭ-ийн дээд шагнал Ж.Цэвээний нэрэмжит шагналаар шагнасныг гардуулж өгсөн юм.
С.Лочин нь Монголын тогтмол хэвлэлүүдэд олон жил бичиж, нийтлэхээс гадна “Үнэн” сонинд арав гаруй жил ажиллаж, олны таашаалд нийсэн 1000 гаруй нийтлэл, тэмдэглэл бичиж, сэтгүүлч мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх үйлсэд хоёр гаруй жил зүтгэж, сэтгүүлзүйн судлал шүүмжийн чиглэлээр олон арван өгүүлэл, ном бичиж, үндэсний сэтгүүл зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Түүний энэхүү гавьяа, зүтгэлийг үнэлж дээрх шагналаар шагнасан байна.
Доктор /Ph.D/ профессор Долгорын Цэнджав МСНЭ-ийн дээд шагнал Д.Бодоогийн нэрэмжит шагналаар шагнагдсан билээ.
Тэрээр сэтгүүлзүйн бичлэгийн төрөл зүйлсээр “Буурал ижийнхээ хөлийг дулаацуулж чадлуу” /эссэний боть.2010/, “Он цагийн шастир” /Сэтгүүлзүй, нийтлэлийн ном.2010/, “Элэгдэхийн аргагүй он жилүүд” /Намтар нийтлэл.2012/ номууд гаргасан, Сэтгүүлзүйн чиглэлээр “Эрин сурвалжлах сэтгүүлзүй”, “Хэвлэл мэдээллийн менежмент” /сурах бичиг/ номуудыг бичиж, хэвлүүлсэн. Мөн Монголын өдөр тутмын таван сонинд сурвалжлагчаас эрхлэгч хүртэлх албыг хашиж, сэтгүүлч мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан, XX зууны Монголын түүхт хүмүүсийн нэг Д.Бодоогийн үндэсний сэтгүүлзүйд оруулсан хувь нэмэр, эдийн засгийн талаар баримталж байсан бодлогын асуудлаар эрэн сурвалжилж, энэ сэдвээр даацтай нийтлэл бичиж байсан зэргийг нь үнэлж дээрх хүндтэй шагналаар шагнажээ.
Түүнчлэн МСНЭ-ийн гишүүн, сэтгүүлч Намсрайн Лутбаярыг МСНЭ-ийн нэрэмжит шагналаар шагнасан юм. Тэрээр 1990-ээд оны сүүлийн хагасын Монгол орны бодит байдлыг баримтаар нотлох олон сайн нийтлэл, ярилцлага бүхий “Сонинтой хуучраагүй сонирхолтой баримтууд” номыг 2016 онд эмхэтгэн гаргасаныг нь үнэлж энэхүү шагналаар шагнасан байна.
Мөн МСНЭ-ээс 2012 хойш уламжлал болгон зохион байгуулж буй сэтгүүлзүйн анхдагчдыг батламлах ажил үргэлжилж байгаа юм. Энэ удаад сэтгүүлч Ж.Нэргүйг анхдагчаар тодруулсан билээ.
Сэтгүүлч Жамъяндоржийн Нэргүй нь 1990 онд Улсын Бага Хурлын Хэвлэлийн төлөөлөгчөөр анх томилогдсоноос хойш 26 жилийн турш Монголын парламентын Хэвлэл мэдээллийн албанд ажилласан, Цагаатгах ажлыг зохион байгуулах улсын комиссын Хэвлэл мэдээллийн албан анхны даргаар 1991 онд томилогдон тасралтгүй 25 жил ажилласан, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгчөөр анх сонгогдож, 4 жил ажилласан, Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн Хэвлэл мэдээллийн анхны төлөөлөгчөөр томилогдон тасралтгүй 1992 онд томилогдон эдүгээг хүртэл тасралтгүй 25 жил ажиллаж байгаа тул “Монголын улсын хэвлэлийн анхны төлөөлөгч” мөн болохыг батламжилсан байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...