Болзошгүй ослоос өөрийгөө хамгаалъя л гэвэл бүс зүү!
- schedule 2017 оны 2 сарын 21
- chat_bubble 0
2017 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд Тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 154 бүртгэгдсэнээс орон нутагт 74 бүртгэгдэж, 38 хүн хүнд, хөнгөн гэмтэж, 32 хүний амь нас хохирсон харамсалтай тоо бүртгэгдсэн байна.
Үүнээс замын хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрээр нь авч үзвэл жолооч-7 буюу 22%, явган зорчигч-8 буюу 25%, тээврийн хэрэгслээр зорчигч-17 буюу 53%-ийг тус тус эзэлж байна.
Дээрх судалгаанаас үзэхэд суурингийн гаднах замд тээврийн хэрэгслээр зорчигч зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох асуудал дийлэнх хувийг эзэлж байгаа нь жолооч, зорчигч нар хамгаалах бүсийг хэрэглэж хэвшээгүй, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчдөг, хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлж байгаатай холбоотой юм.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлд “Жолооч нь хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” үүрэгтэй байна.
Мөн 4 дүгээр зүйлд “Тээврийн хэрэгслээр зорчигч нь хамгаалах бүсээр тоноглогдсон автомашинаар зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх, мотоциклоор зорчихдоо хамгаалах малгай өмсөх” үүрэгтэй гэсэн дүрэм бий.
Түүнчлэн үйлдвэрээс тавьсан хамгаалах бүс, суудлын дэр байхгүй буюу шаардлага хангахгүй болсон тохиолдолд автомашин, чиргүүл, мотоцикль, мопед, трактор болон өөрөө явдаг машин, механизмыг ашиглахыг хориглодог.
Өнөөдрийн байдлаар хамгаалах бүс хэрэглэх явдлыг жолооч нар зөвхөн цагдаагийн нүдийг хуурах төдий авч үзэж, цагдаа харагдсан тохиолдолд мөрөн дээгүүрээ сул тохох, эсвэл өөрөө бүсээ зүүчихээд зорчигчдод хэрэглэхийг шаардахгүй явах нь хэвийн үзэгдэл болжээ.
Автомашин урд хэсгээрээ мөргөлдөх үед хүмүүс их гэмтдэг болохыг эрдэмтэд тогтоогоод, хамгаалах бүсийг зөв хэрэглэвэл урд суудалд сууж явсан хүнийг 40-50 хувь, хойд суудалд сууж явсан хүнийг 70-75 хувиар осол гэмтэл, эрсдэлээс бүрэн хамгаалдаг гэсэн судалгаа байдаг.
Автомашин урдуураа мөргөлдөх тохиолдолд сууж яваа хүн энерцийн хүчний үйлчлэлээр автомашины мөргөлдөх үеийн хурдтайгаар урагш шилжиж, бүхээг доторх эд ангийг мөргөдөг.
Автомашин мөргөлдөх үед сууж яваа хүмүүст ирэх ачааллыг өндрөөс унахтай харьцуулбал 30 км/цагийн хурдтай явахад 3.5 метр өндрөөс унахтай адил байдаг. Тээврийн хэрэгслийн хурд ихсэх тусам хамгаалах бүсний ач холбогдол алдагддаг.
Хэдийгээр автомашин бүр өөр өөрийн онцлог хийц, загвартай байх боловч хамгаалах хэрэгслийн ерөнхий зарчим, ач холбогдол бүх улсад ижил юм. Зам тээврийн ослын үед хамгаалах бүс хэрэглээгүй хүмүүсийн 32 хувь нь нуруу нугасны, 50-иас илүү хувь нь нүүрний болон толгойн гэмтэл авч, 53 хувийнх нь тархи доргихоос гадна хамрын болон эрүүний яс хугарч, дух, нүүрний хэсэг зүсэгддэг болохыг тогтоожээ.
Замын цагдаа нар хамгаалах бүс хэрэглэхийг шаардаж байгаа нь жолооч таныг дарамтлан хүндрүүлж байгаа хэрэг огт биш, болзошгүй осолд өртөлгүй эсэн мэнд байгаасай гэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм.
Хамгаалах бүс нь таны амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд бүтээгдсэн аврагч юм.
Хэрэв хэрэглэхгүй бол таныг хамгаалахгүй.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...