”Extended facility fund” хөтөлбөрт хамрагдсанаар татварууд нэмэгдэнэ
- schedule 2017 оны 2 сарын 20
- chat_bubble 1
Монгол Улсын Сангийн яам, Монголбанк нь Олон Улсын Валютын Сангийн төлөөлөгчдийн багтай хамтран тус сангийн хөтөлбөрт хамрагдах хэлэлцээрийг 2017 оны хоёрдугаар сарын 1-19-нд зохион байгуулж ажилласан.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд удааширч, төсөв, төлбөрийн тэнцэлд алдагдал үүссэн. Мөн ирэх онуудад бондын эргэн төлөлтүүд хийгдэнэ.
Гадаад, дотоод эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, уул уурхайн хэт хамаарал, төсвийн сахилга бат, нэгдмэл байдал хангалтгүйгээс төсвийн алдагдал ихээхэн хэмжээгээр нэмэгдэж, үүнийг дагаад өндөр хүүтэй үнэт цаас гаргах замаар төсвийн алдагдлыг санхүүжүүлж байсан зэрэг нь Засгийн газрын өрийн хэмжээг огцом нэмэгдүүлж, хүүгийн төлбөрийн дарамтыг өсгөснөөр төсвийн тэнцвэргүй байдлыг бий болгожээ.
Энэхүү нөхцөл байдал, хүндрэлийг даван туулж макро эдийн засгийг тогтворжуулах, цаашид дунд хугацаанд өсөлтийг хангахын тулд Олон Улсын Валютын Сантай хамтран “Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болоод байна.
“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”- нь бүтцийн алдаанаас хамаарч эдийн засгийн өсөлт саарсан, төлбөрийн тэнцэл ихээхэн хүндрэлтэй байгаа улс, орнуудад зориулагдсан байдаг байна.
Энэхүү хөтөлбөр нь урт хугацаанд өргөн хүрээний арга хэмжээг хэрэгжүүлэх боломж бүрдүүлдгээрээ онцлог аж.
ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нь гурван жилийн хугацаатай бөгөөд энэ хүрээнд ОУВС-аас 440 сая ам.долларын санхүүжилтийг олгох юм.
Түүнчлэн ОУВС олон улсын байгууллагууд болон хандивлагч орнуудаас нийтдээ 5.5 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтыг төсвийн алдагдал, төлбөрийн тэнцлийн зориулалтаар авч ашиглана.
Төлбөрийн тэнцлийг сайжруулан макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, дунд хугацаанд өрийн дарамтыг бууруулах аж. Мөн эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнээс хэт хамааралтай байдлыг өөрчлөх, бизнесийн таатай орчин бүрдүүлэх зэрэг бодлого хэрэгжүүлэх юм байна. Ингэснээр дунд хугацаанд эдийн засгийн өсөлт нэмэгдэж 8.1 хувь, инфляцийн түвшин 6.1-7.0 хувь болох юм байна.
Төсвийн нэгдмэл байдлыг хангах, сахилга батыг чангатгах, төсвийн тогтвортой орлогын эх үүсвэрийг бий болгох, төсвийн зарлагын үр ашгийг сайжруулах замаар дунд болон урт хугацаанд төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж, төсвийн тогтвортой байдлыг хангана.
Энэхүү ажлын хүрээнд татварын бодлогын шинэчлэлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тохирсон байна. Харин ингэхдээ эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг аль болох бага байлгах, иргэдийн орлогын ялгааг нэмэгдүүлэхгүй байх, нийгэм, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлдэг зарим төрлийн хэрэглээг хязгаарлах зарчмыг баримтлах ажээ.
Төсвийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд доорх 8 арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм. Тодруулбал,
1.2017 оны долоодугаар сарын 1, аравдугаар сарын 1-нээс шатахууны татварыг буцааж нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Уг нь шатахууны онцгой албан татварыг хоёр удаа бууруулж байсан.
2. Хувь хүний орлогын татварыг шатлалтайгаар нэмэгдүүлнэ. Татварын хувь хэмжээнээс хамаарч 10, 15, 20 хувиар нэмэгдүүлэхээр боллоо. Энэхүү ажлын хүрээнд 84 мянган аж ахуйн нэгжийн тоог шат дараалалтай нэмэгдүүлэх юм байна.
3. Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018, 2019, 2020 онд шатлалтайгаар нэмэгдүүлнэ. Тодруулбал, одоо албан байгууллага 10, иргэн 10 хувийн шимтгэл төлдөг. Харин 2018 оноос нэг хувиар нэмэгдүүлж, тус бүр 11 хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлнө.
4. Суудлын автомашины гаалийн онцгой албан татварыг нэмэгдүүлнэ. Ингэхдээ суудлын автомашины насжилтаас хамаарч 3-15 хувиар нэмэгдүүлэх аж. Тодруулба, моторын багтаамж нь 4501-ээс дээш бол насжилтаас хамаарч 40-250 хувиар нэмэгдүүлэх юм.
5. Архи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 2018 онд арван хувь, 2019 онд таван хувь, 2020 онд таван хувиар нэмэгдүүлнэ.
6. Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна. 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс татвар нэмэгдүүлэх хуулийг мөрдөж эхэлнэ.
7. Импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг одоо байгаагаас 30 хувиар нэмэгдүүлнэ.
8. Татварын удирдлагыг сайжруулна.
Ийнхүү төсвийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд найман арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.
Харин төсвийн зардлын хувьд мөн л найман арга хэмжээг харилцан тохиролцлоо. Тодруулбал,
1. Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авалтын үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд нэмэгдсэн нэг тогтолцоогоор тендер зарлана. Ингэсний үр дүнд өртгийг 10 хувиар бууруулна.
2. Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлнэ. Тодруулбал, тэтгэвэрт гарах насыг хоёр жил тутамд 1.6 жилээр нэмэгдүүлнэ. Ингэснээр 2026 он гэхэд эрэгтэй хүн 65 настай, харин эмэгтэй хүнийхийг мөн л хоёр жилд 1.6 жилээр нэмэгдүүлснээр 2036 онд 65 настайдаа тэтгэвэрт гарахаар төлөвлөгдсөн байна.
3. Цалингийн зардлыг 2017, 2018 онд нэмэх бололцоо байхгүй.
4. Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгохоор болсон. Тодруулбал, нийт хүүхдийн 60 хувьд хүүхдийн мөнгө олгож байгааг 40 хувь болгож бууруулна. Харин хэмнэж байгаа мөнгийг хасалгүйгээр ядуу, буурай амьдралтай хүүхдүүдэд хоолны талон хэлбэрээр олгохоор боллоо.
5. Халамжийн чиглэлээр хэд хэдэн ажил давхцдагийг болиулсан байна. Цэргийн албан хаагчдыг төрөөс орон сууцаар хангах, эсвэл орон сууцны түрээсийн төлбөрийг нь төлнө гэсэн байдаг. Энэхүү байдлаар цааш үргэлжилбэл, жилд 50 тэрбум төгрөгийн ачаалал үүсэж байгаа. Тэрхүү хуулийг хүчингүй болгох юм.
6. Концессын тухайд, эхний ээлжинд одоо байгаа гэрээнд хөндлөнгийн аудитын дүгнэлт гаргана. Уг дүгнэлт гарсаны дараагаар дараа оных нь төсөвт тусгах юм байна.
7. Төсвийн зардлыг УИХ дээр нэмэгдүүлдэг. Энэхүү асуудлыг Засгийн газраас өргөн барьсан зардлаас нэмэгдүүлэхгүй байхаар тохирлоо.
8. Төсвийн зөвлөл байгуулахаар боллоо.
Ийнхүү төсвийн зардлын талаар мөн л найман арга хэмжээг харилцан тохиролцлоо
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...