Нүдэндээ хиймэл нулимас хэрэглэх нь зөв үү?
- schedule 2016 оны 5 сарын 19
- chat_bubble 0
АУ доктор,дэд профессор Д.Уранчимэг (AШУҮИС)
Нүд хуурайших нь ахимаг насны хүмүүст ихэвчлэн тохиолддог бөгөөд нүд хуурайших, аргах, торох шинж тэмдгээр илэрдэг. Нүд хуурайших нь хэдийгээр биеэ даасан өвчин биш боловч нулимсан давхаргын өөрчлөлттэй холбоотой шинж тэмдгүүдийн цогц юм. Нүдний нулимсан давхарга нь муцин, сероз, липидэн давхарга гэсэн үндсэн 3 давхаргаас тогтдог. Ердийн үед 10-20 секунд тутамд хаталтаас болж нулимсан давхарга задарч байдаг ба нүд анивчих үед дахин шинээр нулимсан давхарга үүсдэг байна. Аливаа эмгэгүүдийн үед нулимс ялгаралт багасах нь эвэрлэг бүрхүүлийг хуурайшуулж нүд хуурайших хам шинжийг үүсгэдэг.
Нүдний нулимс ялгаралт багасах шалтгаанууд:
1. Шалтгаан тодорхойгүй–олон өвчтөнүүдэд нүдний болон системийн өвчингүй боловч нулимс ялгаралт багасдаг. Зарим үед антигистамин, жирэмслэлтийн эсрэг эм , артерийн даралт бууруулдаг зарим эмүүд, антидепрессант эмүүд, Паркинсоны өвчинд хэрэглэдэг эмүүд, шээс хөөх үйлчилгээтэй эм, булчин сулруулах эм, хамрын зарим дусаалгууд, антихолинэргик эмүүдийг хэрэглэсэн үед нүд хуурайшдаг байна.
2.Нүдний нулимсны дутмагшил – төрөлхийн алакрами / нулимс гарахгүй байх/, үрэвслээс шалтгаалсан нулимсны булчирхайн эд эсийн атрофи буюу фиброз
- Кератоконьюнктивит
- Шёгрений хам шинж/ энэ нь кератоконьюнктивит, ксеростоми, ревматоид артрит хавсран тохиолддог хам шинж/
3.Нулимсны булчирхайн гэмтэл
4.Саркоидоз- нулимсны булчирхайн гранулём
5. Нулимсны булчирхайн хавдар
6.Нулимсны булчирхайн сувгийн бөглөрөл- нүдний салстын трахома, пемфигус, Стивенс-Жонсоны хам шинжийн үед
7.Мэдрэлийн гаралтай өвчнүүд болон мейбомын булчирхайн үйл зүйн алдагдал
8.Дакриоаденит- улаан бурхан, гахайн хавдар болон бусад үрэвслээс шалтгаалсан нулимсны булчирхайн үрэвсэл
9.Нулимсны булчирхай болон шүлсний булчирхайг үрэвсүүлдэг эвэрлэг бүрхүүлийн хавсарсан үрэвсэлт өвчнүүд
10.Микуличийн синдром- сүрьеэ, лейкеми, Ходкинсийн өвчин, амилоидоз зэрэг өвчний үед
11.Бусад системийн өвчнүүд- эвэрлэг бүрхүүл шилжүлэн суулгасны дараа, полимиозит, туяа эмчилгээний дараа, ДОХ, В,С гепатит, тэмбүү, сүрьеэ, долдугаар мэдрэлийн саажилт
12.Муцин дутагдлаас нүд хуурайших – амин дэм А-ийн дутагдалаас шалтгаалсан, ксерофтальми, салстыг сорвижуулдаг улайлт, трахома, химийн түлэгдэл, туяаны түлэгдэл, пемфигус
13.Липид дутагдлаас нүд хуурайших- мейбомын булчирхайн төрөлхийн дисплази
14.Зовхины үйл ажиллагааг алдагдуулдаг нүдний зарим өвчин- кератит, симблефарон/ зовхи болон нүдний салст хоорондоо наалдах/, птеригиум/ нүдний далавч хальс/, лагофтальм/ нүдний зовхи анигдагдахгүй болох/, зовхи гадагш эргэх
15.Эвэрлэг бүрхүүлийн эпителиопати зэрэг орно.
Нүдэнд гарах зовиур:
- Нүд өвчингүйгээр аргах
- Нүд улайх
- Нулимс гоожих
- Нүд бүрэлзэх
- Нүд загатнах
- Нүдэнд юм торох
- Нүд гялбах
Халах, хөрөх, удаан хугацаагаар юм унших, хүйтэн халуун агааржуулагчтай өрөөнд байхад нүд аргах Уйлах үед нүдний нулимс бага гарах
- Нүд хуурайших магадлал өндөртэй өвчтөнүүд:
- Менопауз эхэлсэн буюу гормоны өөрчлөлттэй эмэгтэйчүүд
- 50 ба түүнээс дээш насны хүмүүст
- Диуретик /шээс хөөх эм/, бетаблок, психотропик эмүүд хэрэглэж байгаа өвчтөнүүд
- Хэрх өвчтэй хүмүүс
- Зовхины эмгэгтэй хүмүүс
- Тамхи татдаг хүмүүс
- Шороо тоос, нарны хэт ягаан туяа, салхинд байнга гадаа ажилладаг хүмүүс,
Нүдний өнгөн хэсэг дээрх нулимсны давхарга 0,3мм-ээс багагүй байдаг. Нүд хуурайших үед энэ хэмжээ багасах ба салстын ксероз буюу хуурайшил, Битогийн толбо, эвэрлэг бүрхүүл дээр липид болон муцины бөөгнөрлүүд, хуурайшлын толбууд үүсч эхэлдэг. Хүнд хэлбэрийн үед эвэрлэг бүрхүүлийн олон давхар хучуур эсүүд дээр цэгчилсэн шалбархайнууд үүсдэг ба энэ нь эвэрлэгийн доод хэсэг болон доод зовхинд флюресцен будагч бодис дусаахад илүү тод харагддаг. Нүд хуурайших тусам эвэрлэг бүрхүүл дээр саарал өнгөтэй толбонууд бий болох ба энэ нь салст, олон давхар хучуур эс, уураг болон өөх тосны найрлагатай байдаг. Улмаар эвэрлэг бүрхүүл нимгэрэх, цоорох тохиолдол хүртэл байдаг байна.
Одоогийн байдлаар нүд хуурайшилд хэрэглэж байгаа эмчилгээ нь зарим шинж тэмдгийг бууруулах сайн үр дүнтэй байгаа боловч бас бүрэн гүйцэд төгс эмчилгээ болж чадахгүй байна. Нүд хуурайших нь архаг явцтай, эмчилгээ хийхгүй бол хараа муутгах боломжтой болохыг тайлбарлаж, эмчилгээг эхлэхийн өмнө өвчтөний сэтгэл зүйг сайн бэлдэх нь чухал юм. Үндсэн суурь өвчнийг сайн эмчлэх нь нүд хуурайшлыг эмчлэх нэг алхам болдог.
Нулимс орлуулагч
Хиймэл нулимс болон лубрикантууд нь нүд хуурайшлын гол эмчилгээ болдог. Эмийн худалдаанаас хэдийгээр маш олон төрлийн хиймэл нулимс олж авч дусаах боломжтой боловч түүнд агуулагдаж буй нүдний эвэрлэг бүрхүүлийн олон давхар хучуур эдийн ургалтад нөлөөлөх хоруу чанарыг тодорхойлох нь бас төвөгтэй байдаг.
Хиймэл нулимс/ нүдний дусаалга/
Хиймэл нулимс нь ихэвчлэн хөнгөнөөс хүнд хэлбэрийн нүд хуурайшил, кератоконьюнктивитийг эмчлэхэд хэрэглэнэ. Дусаалгыг тогтмол хэрэглэх нь тохиромжтой. Хөнгөн хэлбэрийн үед цөөвтөр харин хүнд хэлбэрийн үед 1 цаг тутам буюу дунд зэргийн нүд хуурайшлын үед өдөрт 4-6 удаа нүдэнд дусаана. Хэсэг газрын эмчилгээ болох дусаалга нь богино хугацаанд нүдэнд үйлчилдэг. Хиймэл нулимс нь органик бус электролитүүд, презерватив, усанд уусдаг полимер нэгдлүүдийг агуулна. Нүдний шинэ лубрикант тос дусаалгад амин дэм А, полимер, липид нэмж агуулдаг болсон. Амин дэм А –тай нүдний дусаалгууд гарсан нь хүнд хэлбэрийн нүд хуурайшлыг эмчлэх үр дүнтэй аргуудын нэг болж байна. Cellulose derivative Энэ гипотоник уусмал нь 0.1-1% метилцелюлиоз буюу этилцелюлиоз, 0.3-1% гипромеллиоз агуулдаг. Целюлиозийн бүлгийн шинэ эмнүүдээс 0.5%-ийн карбоксиметилцелюлиоз агуулсан Refresh Tears олдоц сайтай байдаг. Энэ дусаалга нь карбоксиметилцелюлиоз агуулснаараа нүдний өмнөд хэсэгт олон давхар хучуур эс дээр маш сайн наалдаж өгдгөөрөө нүдний өөрийнх нь нулимсан бүрхүүлтэй тун ойролцоо үйлчлэл үзүүлдэг байна.
Тоснууд
Нүд хурайшилд хэрэглэх хоёрдах гол лубрикант нь protrolatum, ланолин ба минерал агуулсан тоснууд байдаг. Нүдэнд дусаасны дараа хайлж нулимсан давхаргын дээд өнгөн хэсэг дээр жигд тархдаг. Тосны гол ач холбогдол нь хйимэл нулимсыг бодвол салстад удаан баригддаг. Тосыг ихэвчлэн унтахаасаа өмнө салстынд 0,5-0,8мм урттай хавчуулж өгнө. Нүд хуурайшлын хүнд хөнгөнөөс шалтгаалж өдрийн цагаар ч бас тосыг дахин хавчуулж болно. Нүдэнд хэрэглэх гел хэлбэрийн тунгалаг тоснууд нь нүдэнд маш амархан контакт үүгэдэг. Карбопал 980/ полиакрилийн хүчил/ агуулсан гел нь ус их хэмжээгээр агуулдаг тул нүдний өнгөн эдэд маш амархан наалдалт үүсгэдэг. Энэ нь нүд бүрэлзүүлдэггүй бөгөөд нүдэнд зузаан нулимс, тосны давхаргыг бий болгодог. Карбомер гел нь олдоц сайтай нулимсны задрах хугацааг 10 минут хүртэл уртасгаж өгдөг.
Нүдний хавчуургууд
Нүдний хуурайшлыг багасгадаг презервативгүй, усанд уусдаг полимер хавчуургууд байдаг. Цилиндр хэлбэртэй 5мг гидроксипропилметилцелюлиоз /HPMC/ 1мм х 3мм хавчуургыг доод зовхинд хавчуулна. Үүний дараа ойролцоогоор 6-8 цагийн дараа шимэгдэж эхлэх ба нүдний гадарга дээр 12-24 цаг энэ полимер үйлчилдэг. Өвчтөн энэ хавчуурганд амархан дасдаг.
Гел нулимс ба Sodium Hyaluronate /0.1%/
Гел нулимс нь тунгалаг, хагас шингэн синтетик, акриллик хүчлийн өндөр молекулт полимерээс тогтдог. Энэ дусаалга нь салстад дусааснаас хойш хэдэн цагийн дараа удаан шимэгддэг. Sodium Hyaluronate 0.1%-ийн уусмал нь нулимстай ижил үйлчилгээтэй бөгөөд нүд хуурайшилд хэрэглэнэ.
Зөөлөн контакт линз
Гидрофил зөөлөн контакт линз нь нүдний нулимсан бүрхүүлийг хамгаалах боловч халдвар орох, эвэрлэгийн гадаргад тохирохгүй зэрэг олон гаж нөлөө гардаг.
Нулимсны сүвийг бөглөх
Нулимсны сүвийг механик аргаар бөглөх нь нүдний нулимсыг урсаж алга болохоос сэргийлэх нэг арга юм. Силикон болон уусдаг коллаген имплант гэсэн 2 төрлийн бөглөөсийг ашигладаг. Түр хугацааны нулимсны сүвийн бөглөөс нь 0.2-0.4мм-ийн коллаген бөглөө байдаг. Үүний гол зорилго нь өөрийн буюу дусаасан нулимсны чийгшилтийг түр хугацаанд нүдний гадарга дээр барих зорилготой юм. Нулимсны сүвийн силикон бөглөөс нь 1.6мм, 2.0мм, 2.8мм хэмжээтэй байна. Өвчтөний нулимсны 4 сүвд бүгдэд нь бөглөөс хийгээд 7 хоногийн дараа үзнэ. Хэрэв илүүдэл нулимстай байвал зөвхөн дээд зовхины нулимсны сүвийн бөглөөсийг авна.
Байнгын буюу удаан хугацааны бөглөөсийг хүнд хэлбэрийн нүд хуурайшлын үед хэрэглэнэ. Залуу насны өвчтөнүүдэд удаан хугацааны бөглөөс тохиромжгүй байдаг. Учир нь хөгшин хүмүүсээс илүү залуучуудад нулимс ялгаралт нь хэлбэлздэг. Мөн нулимсны сүвийн удаан хугацааны бөглөлтийг хэсэг газрын мэдээ алдуулалт хийсний дараа цахилгаан түлэгчээр хийж болно. Гэхдээ дахин суваг үүсч байгаа эсэхийг тогтмол шалгаж байх хэрэгтэй. Сүүлийн үед шинээр Аргон лазераар каналикулипласти хийж байгаа бөгөөд амархан буцаж хэвэндээ орох хандлагатай байдаг.
Муколитикүүд
5%-ийн ацетилцистейний уусмалыг өдөрт 4 удаа дусаана. Энэ нь нүдэнд илүүдэл салст үүссэн үед хэрэгтэй байдаг. Энэ эмийг хэрэглэснээр салстыг жигд тарааж нулимсан давхаргатай нягт барьцалдаж өгдөг.
Халдвар
Нүдний болрын хагалгаа зэрэг мэс заслын эмчилгээний дараа нүд хуурайшил ихэсдэг. Нүд хуурайшилтай өвчтөнүүдэд нүдний эвэрлэг бүрхүүл нөхөн суулгах хагалгаа хийх нь нилээд төвөгтэй байдаг бөгөөд хагалгааны дараа зөөлөн контакт линз зүүлгэх хэрэгтэй.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...