Дуучин Ука: Хүмүүст миний амьдралаас илүү уран бүтээл маань сонирхолтой байна байх
- schedule 2015 оны 12 сарын 3
- chat_bubble 0
“Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр өнөөдөр хоёр дахь бие даасан цомгоо танилцууллаа. Түүний анхны цомог “I am Love” нэртэйгээр сонсогчдын хүрээл болгосон бол, хоёр дахь цомгоо “11.06” хэмээн өөрийн төрсөн өдрөөрөө нэрлэжээ. Энэхүү цомогт “Мөрөөдөл бид хоёр”, “Амжиж хөтөлье гараас чинь” зэрэг долоон дуу багатжээ.
Шинэ цомгийн танилцуулгын үеэр түүнтэй уран бүтээл, хувийн амьдралынх нь талаар ярилцлаа.
-Юуны өмнө хоёрдахь бие даасан цомгоо өлгийдөж авсанд баяр хүргэе. Цомог хэр хугацаанд бүтсэн бэ?
-Баярлалаа. Юуны өмнө www.gereg.mn сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Би “11.06” цомгоо сонсогч, фенүүдийнхээ хүртээл болгож байгаадаа маш их баяртай байна.
Долоон дуутай гэхээр хүмүүст цөөн сонсогдож магадгүй л дээ.
Цомгоо хийхээс өмнө “Амжиж хөтөлье гараас чинь” дуу маань бүтсэн байсан. Гэтэл “Ocean Grey” студийн Ариука, Нацагаа хоёр маань “Чанартай дуутай л бол цомогт хэдэн дуу байхыг зохиогч өөрөө шийддэг” хэмээн хэлсэн. Ингээд л наймдугаар сараас төрсөн өдөртөө зориулж энэ цомгоо хийж эхэлсэн. Цомгийнхоо бүх дууг клиптэй болгохоор ажиллаж байна.
-Цомогт багтсан “Зүрхэн тэмдэг” дууг та нөхөртөө зориулж дуулсан уу?
-Тиймээ. Нөхөр маань над руу залгахаар “Зүрхэн тэмдэг”-ний зураг гардаг /инээв.сур/. Энэ дууны маань эхлэлд “Зөвхөн чамдаа зориулсан” хэмээн эхэлдэг. Дууны үгнүүд дээр ч гэсэн нөхөртөө хэлэхийг хүссэн маш гоё үгнүүд бий. Хосуудын аз жаргалтай мөч бүрийг энэ дуундаа шингээхийг хичээж ажилласан.
Миний дуунуудын үгийг дийлэнхдээ репперүүд бичсэн байдаг. Яагаад ч юм, яруу найргийн төрлөөр бичсэн үгтэй дуу дуулахаар байдаг л хэв загвартай юм шиг санагдаад байдаг юм.
Сүүлийн үед би болон “Киви” хамтлагийнхан реппер D.N.K буюу Danka-тай хамтарч ажиллах болсон.
Мөн реппер Цэцэтэй хамтарч 16-аас дээш насныханд зориулсан “Араас минь тэврээч” гэсэн “халуухан” дууг хийсэн байгаа. Ерөнхийдөө “11.06” цомогтоо амьдралд өдөр бүр тохиодог сайхан бүхнийг шингээсэн гэхэд болно.
-Цомгийн ковер зурган дээр яагаад “десант” цамц өмсөж авахуулсан юм бэ?
-Энэ бол миний нөхрийн цамц /инээв.сур/. Зураг авалтын өмнө хамтдаа явж байгаад дэлгүүрээс авсан юм. Яагаад ч юм бэ, надад десант хувцас таалагддаг. Багаасаа л ийм өнгийн хувцас сонирхон өмсдөг байсан. Нөхөр маань ч бас надтай адилхан сонирхолтой.
-“Дүрэлзсэн гал шиг” эрч хүчтэй дуучин бүсгүй маань ээж болоод нэлээд “зөөлөн” болсон санагддаг. Та өөрийгөө юу гэж дүгнэх вэ?
-Бүсгүй хүн ээж болоод бусдыг улам ихээр хайрладаг болдог юм билээ.
Энэ хүн яг л над шиг эх хүнээс төрсөн байгаа, энэ над шиг л үрээ хайрладаг...гээд л бусдыг илүү их боддог, хайрладаг болсон юм шиг санагддаг. Бас ээжийгээ, эгчийгээ, эмэгтэй дүүгээ урьдынхаасаа илүү их ойлгож, хүндэлдэг болсон.
Ээж хүн бүр над шиг их өрөвч зөөлөн болчихдог байх /хоолой нь зангирч, нулимс нь цийлэгнэв.сур/. Иймэрхүү юм ярихаар сэтгэл хөдлөөд,уйлчих гээд байдаг болсон.
-Сүбээдэй хүү нь одоо хэдэн сар хүрч байна?
-Манай хүү 12 сарын 9-нд нэг нас хүрлээ. Цаг хугацаа ч их хурдан юм аа.
Хүүхэд гэдсэндээ л уддаг болохоос төрөөд их хурдан өсчих юм. Цомгийн ажил гээд үдээс хойш хүүхэддээ цаг зарцуулж чадахгүй, үдээс өмнө л хүүтэйгээ хамт байдаг байсан. Хүүг маань хамаатны дүү нар маань асардаг.
-Жирэмсэн байх хугацаандаа хэдэн кг жин нэмсэн бэ. Хэр хугацаанд хэвийн жиндээ хүрсэн бэ?
-Би чинь бараг 75 кг болж, төрсөн. Сүү, гурил хоёрыг хэрэглээнээсээ хасаад маш хурдан хугацаанд хэвийн жиндээ хүрсэн.
Гурил, сүү хоёр хамт хүний биед ороод задрахаараа сахар болж үлддэг юм байна л даа.
Тэгээд өдөрт 2-3цаг дасгал хийдэг байсан. Ингэсний үр дүнд маш хурдан хугацаанд хэвийн жиндээ очиж чадсан шүү. Ер нь эрүүл зөв хооллолт жин хасахад их нөлөөлдөг юм билээ.
Хүн чинь жаахан жин нэмэхээр хамар, чих хүртэл томроод ирдэг юм шиг санагдсан.
-Хүүхдээ хөхөөрөө хооллодог уу?
-Тэгэлгүй яахав. Бас өөрөөрөө төрсөн гэж байгаа /инээв.сур/.
-Уран бүтээлч хүнд цаг зав гэдэг маш чухал шүү дээ. Хүүхдээ ч орхигдуулахгүй, өөрийнхөө гоо сайхан, уран бүтээлээ орхигдуулахгүйгээр ийм амжилттай явж байгаа нь үнэхээр “мундаг” санагдаж байна. Эдгээрийг хэрхэн зохицуулж байна?
- Сүүлийн долоо хоногийн хугацаанд 24 цаг надад хүрэлцэхгүй байгаа юм шиг санагдаж байсан. Тэр үед нөхөр маань маш их туслаж дэмжиж байлаа.
Өглөө эрт босоод л нөхөр, хүү хоёрынхоо хоолыг хийж өгөөд л, өдөр ажлаа амжуулаад л, орой хурдхан шиг л гэртээ харихыг хичээдэг болсон.
Бүх зүйлээ л цагийн хуваарийн дагуу хийж, цомгийнхоо ард гарлаа.
Ямар ч байсан, амьдрал сайн сайхан байна. Эмэгтэй хүн сайн хань, сайхан үр хүүхэдтэйгээ байхдаа их аз жаргалтай болдыг одоо биеэрээ мэдэрч байна.
Нууц биш бол нөхрөө манай уншигчдад танилцуулаач?
-Нууцалмаар байна. Хүмүүст миний амьдралаас илүү уран бүтээл маань сонирхолтой байна байх.
Миний нөхөр ханьдаа халамжтай, үр хүүхэддээ хайртай сайхан залуу байгаа.
Тэр минь миний уран бүтээлийг байнга дэмжиж, өдөр болгон намайг сайхан үгээр тэтгэдэг. Ер нь миний нөхөр намайг “сайн услаж” байгаа. Та нар харж байгаа биз дээ /инээв.сур/ Амьдрал сайхан байна аа.
Ярилцсанд баярлалаа.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...