Төрийн шагналын тухай хуулийн төсөлтэй танилц даа
- schedule 2015 оны 12 сарын 3
- chat_bubble 0
ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ ҮНДЭСЛЭЛ, ШААРДЛАГА
1. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 13 дах хэсэгт зааснаар "улсын цол, одон, медаль, цэргийн дээд цолыг бий болгох..." асуудал нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах асуудал хэдий ч өнөөгийн байдлаар Төрийн шагнал, одон медалийн асуудлыг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 148-р зарлигаар батлагдсан.
~ "БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм” болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71-р зарлигаар батлагдсан
~ “Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам” болон бусад хууль тогтоомжоор зохицуулж байгаа нь төрийн дээд шагналын нэгдсэн бодлого, зохицуулалт, чиг үүрэг алдагдаж, нэр хүнд нь унах, нийгмийн хөгжлөөс хоцроход хүргэж байна.
2. Энэ асуудлыг нэг мөр цэгцэлж, шагналын талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлогыг Монгол Улсын Үндсэн хуулийн тулгуур зарчимд нийцүүлэх тодорхойлох бодит шаардлагын үүднээс Ерөнхийлөгчийн Тамгын газар 2009 оноос үе шаттайгаар энэхүү хуулийн төслийг боловсруулах ажлыг эхэлсэн.
- 2009 оны 9-р сард Төрийн шагнал, одон медалийн тогтолцоо, агуулга, хэлбэрт дүгнэлт хийх ажлыг эхэлсэн
- 2010 оны 3-р сард Монгол Улсын Төрийн шагнал, одон медалийн бодлогыг өөрчлөх төслийн уралдааныг зарласан
- 2010 оны 6-р сард Шагналын тогтолцоог өөрчлөх тухай “Иргэний танхим”-ын хэлэлцүүлэгт иргэдийн саналыг авах ажлыг эхэлсэн
- Монгол Улсын ерөнхийлөгчийн 2013 оны 15 тоот захирамжаар “Төрийн шагналын тухай хуулийн төсөл боловсруулах” ажлын хэсгийг байгуулав.
- 2014 оны 4-р сарын 28-нд ажлын хэсгийн боловсруулсан төслийг president.mn цахим хуудсанд байршуулж иргэдээс санал авах ажиллагааг эхэлсэн.
- 2014 оны 4-р сарын 30-нд Хуулийн төслийн хэлэлцүүлгийг Иргэний танхимд зохион байгуулсан.
- Хэлэлцүүлгээс гарсан санал, шүүмжийг тусгасан төслийг 2014 оны 6-р сард president.mn цахим хуудсанд дахин байршуулж иргэдээс санал авах ажиллагааг эхэлсэн
- 2014 оны 9-р сарын 1 нд Төрийн дээд одон, медалийн загвар шалгаруулах уралдааныг зарласан ба 10-р сарын 9 нд дүнг нь гаргасан.
- 2015 оны 9-р сарын 9-нд Монгол Улсын Төрийн шагналын тухай хуулийн төсөл болон хуулийн төсөлд дурьдсан дагуу боловсруулсан энгэрийн тэмдэг, одон, медалийн загварын хувилбаруудыг эцсийн байдлаар president.mn цахим хуудсанд байршуулж иргэдээс санал авах ажиллагааг явуулж байна.
Хуулийн төсөл нь:
- Төрийн шагналын ангилал, төрөл, эрэмбийг зохистой тогтоож, төрийн шагналын тогтолцооны нэгдмэл, цогц байдлыг хангах;
- Төрийн дээд шагналын нэр, төрөл, шалгуур үзүүлэлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн эрхэм зорилго, үзэл баримтлал, одоогийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай нийцүүлэн тодорхой болгох;
- Төрийн дээд шагналаар шагнах журам, үйл явц нь ил тод, ардчилсан зарчимд тулгуурлах;
- Бүтээлч хөдөлмөр, оюуны бүтээлийг дэмжих урамшуулах зорилгоор бүтээл олгох төрийн шагналын нэр, төрөл, шалгуур үзүүлэлтийг тодорхойлох;
- Монголын төрт ёс, төрийн бодлогын залгамж халааг хэвээр хадгалах;
- Төрийн шагналын тоо хэмжээг хязгаарлах, үнэ цэнийг нэмэгдүүлэх гэсэн үндсэн зарчимын хүрээнд боловсруулагдсан бөгөөд 7 бүлэг 40 зүйлтэй.
Монгол Улсын Төрийн шагналын тухай хуулийн төслийн шинэчилсэн хувилбар болон хуулийн төслөөрх энгэрийн тэмдэг, одон, медалийн загварын хувилбаруудыг үүгээр хүргэж байна.
ТӨСӨЛ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны ... дугаар сарын ... -ны өдөр Улаанбаатар хот
ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Төрийн шагнал, түүний ангилал, эрэмбэ шагнах журам болон төрийн шагналтай холбоотой бусад харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Төрийн шагналын тухай хууль тогтоомж
2.1.Төрийн шагналын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээрт нийцүүлэн гаргасан бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Дараах нэр томьёог энэ хуульд дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."төрийн дээд шагнал" гэж Монгол Улсын нэрийн өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог, энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан цол, одон, медалийг;
3.1.2."бүтээлд олгох төрийн дээд шагнал" гэж бүтээлч хөдөлмөр, оюуны бүтээлийг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог, энэ хуулийн 28, 29 дүгээр зүйлд заасан шагналыг;
3.1.3."төрийн байгууллагуудын шагнал" гэж энэ хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасан шагналыг;
4 дүгээр зүйл. Төрийн шагналын төрөл
4.1.Төрийн шагнал нь төрийн дээд шагнал, бүтээлд олгох төрийн дээд шагнал, төрийн байгууллагуудын шагналаас бүрдэнэ.
4.2.Төрийн дээд шагнал болон бүтээлд олгох төрийн дээд шагналыг Монгол Улсын Их Хурал зөвхөн энэ хуулиар бий болгоно.
4.3.Төрийн байгууллагуудын шагналыг энэ хуульд үндэслэсэн журмын дагуу бий болгоно.
5 дугаар зүйл. Төрийн шагналын тухай хуулийн үйлчлэх хүрээ
5.1.Энэ хуулийн зохицуулалтаас өөрөөр төрийн шагналыг бий болгохыг хориглоно.
5.2.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг хүчин төгөлдөр болохоос өмнө шагнасан Монгол Улсын цол, одон, медаль болон бүтээлд олгосон төрийн дээд шагнал, төрийн байгууллагуудын шагнал, түүнийг дагалдах нэмэгдэл, мөнгөн тусламж, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт нь хүчин төгөлдөр хэвээр байна.
6 дугаар зүйл. Төрийн шагналаар шагнахад баримтлах зарчим
6.1.Хуульд өөрөөр заагаагүй бол дараах зарчмыг баримтална:
6.1.1.Үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, төрсөн газар, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхахгүй, эрх тэгш хандах;
6.1.2.Байгуулсан гавьяа зүтгэл, амжилт бүтээлд шагналын төрөл тохирсон байх;
6.1.3.Шагналын эрэмбийн дагуу өгсөх зарчмаар шагнах;
6.1.4.Шинээр байгуулсан гавьяаны төлөө шагнахад өмнө авсан шагналаас хойш таваас доошгүй жил өнгөрсөн байх;
6.1.5.Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд нэг төрлийн шагналаар нэг хүнийг дахин шагнахгүй байх;
6.1.6.Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд нэхэн шагнахгүй;
6.2. Онцгой идэвх зүтгэл, хүч чармайлт гарган, олон нийтэд илэрхий үйл баримтад тулгуурлан нийтээр хүлээн зөвшөөрхүйц гавьяа байгуулсан тохиолдолд энэ зүйлийн 6.1.3 болон 6.1.4.-т заасан зарчмыг баримтлахгүй байж болно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ
7 дугаар зүйл.Төрийн дээд шагналын төрөл, эрэмбэ
7.1. Төрийн дээд шагналыг дараах байдлаар ангилж, эрэмбэлнэ:
7.1.1.Эрхэм дээд шагнал:
7.1.1.1.Монгол Улсын баатар цол
7.1.1.2.Улсын эрдэнэ цол
7.1.1.3.Чингис хаан одон
7.1.2.Эрхэм хүндэт шагнал:
7.1.2.1.Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цол
7.1.2.2.Эрдэнийн очир одон
7.1.3.Хүндэт шагнал:
7.1.3.1.Алтан гадас одон
7.1.3.2.Цэргийн гавьяа одон
7.1.3.3.Эхийн алдар I, II одон
7.1.4. Медаль:
7.1.4.1.Цэргийн хүндэт медаль
7.1.4.2.Хөдөлмөрийн хүндэт медаль
7.1.4.3.Шударга журам медаль
7.1.4.4.Найрамдал медаль
7.1.4.5.Энхийн төлөө медаль
7.2.Төрийн дээд шагнал нь медаль, хүндэт шагнал, эрхэм хүндэт шагнал, эрхэм дээд шагнал гэсэн өгсөх эрэмбэтэй байна.
7.3.Цолны энгэрийн тэмдэг, одон, медалийн тодорхойлолтыг Монгол Улсын Их Хурал батална.
7.4.Одон нь бичил хувилбартай байх бөгөөд түүний загварыг энэ зүйлийн 7.3-т заасан тодорхойлолтод тусгасан байна. Чингис хаан болон Эрдэнийн очир одонгийн бичил хувилбарыг төсвийн зардлаар хийлгэж, эдгээр одонтой хамт гардуулна. Бусад одонгийн бичил хувилбарыг тухайн одонгоор шагнагдсан хүний хүсэлтээр, түүний зардлаар хийлгэн өгч болно.
7.5.Цолны энгэрийн тэмдэг, одон, медаль болон одонгийн бичил хувилбарыг Улсын Их Хурлаас баталсан тодорхойлолтын дагуу хийлгэх, хадгалах, мөн цолны батламж, үнэмлэх болон одон, медалийн үнэмлэх хийх асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хариуцна.
8 дугаар зүйл. Төрийн дээд шагналын тоо
8.1. Төрийн дээд шагналыг дор дурдсан хязгаарын дотор олгоно. Үүнд:
8.1.1.Монгол Улсын баатар цолыг 5 жилд нэг удаа, нэг хүртэл хүнд;
8.1.2.Улсын эрдэнэ цолыг 3 жилд нэг удаа, нэг хүртэл хүнд;
8.1.3.Чингис хаан одонг жилд нэг удаа, нэг хүртэл хүнд;
8.1.4.Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цолыг жилд 50 хүртэл хүнд;
8.1.5.Эрдэнийн очир одонг жилд 200 хүртэл хүнд;
8.1.6.Алтан гадас одонг жилд 2000 хүртэл хүнд;
8.1.7.Цэргийн гавьяа одонг жилд 500 хүртэл хүнд;
8.2.Энэ зүйлийн 8.1-т зааснаас бусад төрийн дээд шагналын тоо хэмжээг тухайн жилийн онцлогтой уялдуулан, зохист харьцааг баримтлан Монгол Улсын Ерөнхийлөгч захирамж гарган жил бүр тогтооно.
8.3.Энэ зүйлийн 8.1-т заасан төрийн дээд шагналын тоо хэмжээ тухайн жилийн онцлогоос хамааран хэтрэх шаардлага үүсвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Монгол Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
9 дүгээр зүйл. Монгол Улсын баатар цол
9.1.Монгол Улсын баатар цолыг Монгол Улсын тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөө, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орноо батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах, Монгол Улсыг хөгжүүлэх, эх орныхоо нэрийг алдаршуулах эрхэм үйлсэд онцгой гавьяа байгуулсан хүнд хүртээж,Монгол Улсын баатар цолны энгэрийн тэмдэг, батламж, үнэмлэх гардуулна.
9.2. Эх орноо батлан хамгаалах үйлсэд амь бие хайргүй зүтгэж, баатарлаг гавьяа байгуулан эх орныхоо төлөө амь насаа алдсан хүнд Монгол Улсын баатар цолыг нэхэн хүртээж болно.
9.3. Монгол Улсын баатар цол хүртээх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.
10 дугаар зүйл. Улсын эрдэнэ цол
10.1.Улсын эрдэнэ цолыг үндэсний уламжлалт соёлын биет бус өвийн хосгүй нандин ховор төрөл зүйлсийн тодорхой илэрхийллийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшиж, түүнийгээ улам боловсронгуй болгон хөгжүүлж, түүнийгээ хойч үедээ өвлүүлэх,шавь сургах, сурталчилж түгээн дэлгэрүүлэхэд онцгой гавьяа байгуулсан хүнд хүртээж, Улсын эрдэнэ цолны энгэрийн тэмдэг, батламж, үнэмлэх гардуулна.
10.2.Улсын эрдэнэ цолыг Цагаан сарын баярыг тохиолдуулан олгоно.
10.3.Улсын эрдэнэ цол хүртээх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.
11 дүгээр зүйл.Чингис хаан одон
11.1.Чингис хаан одонгоор дор дурдсан шалгуур хангасан хүнийг шагнаж, уг одонг батламж, үнэмлэхийн хамт гардуулна:
11.1.1.Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэнийг;
11.1.2.Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хүнийг;
11.2.Чингис хаан одонг Их Эзэн Чингис хааны өдөр буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан олгоно.
11.3.Чингис хаан одонгоор шагнах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.
12 дугаар зүйл.Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цол
12.1.Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цолыг ажил мэргэжлийн өндөр ур чадвар, авьяас билгээрээ тодорч, төр, нийгэм, эдийн засаг, соёл, спорт, шинжлэх ухаан болон бусад салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт нийтээр хүлээн зөвшөөрөгдөхүйц гавьяа байгуулж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулсан хүнд хүртээж, Монгол Улсын Гавьяат зүтгэлтэн цолны энгэрийн тэмдэг, батламж, үнэмлэхийг гардуулна.
13 дүгээр зүйл. Эрдэнийн очир одон
13.1.Эрдэнийн очир одонгоор дор дурдсан шалгуур хангасан хүнийг шагнаж, уг одонг үнэмлэхийн хамт гардуулна:
13.1.1.Төр, нийгэм, эдийн засаг болон бусад салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт онцгой гавьяа байгуулж, монгол үндэстний уламжлал, төрт ёсыг хадгалж, хамгаалах, хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан;
13.1.2.Олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримтлан Монгол Улсын найрсаг гадаад харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан;
14 дугаар зүйл. Алтан гадас одон
14.1.Алтан гадас одонгоор дор дурдсан шалгуур хангасан хүнийг шагнаж, уг одонг үнэмлэхийн хамт гардуулна:
14.1.1.Иргэний үүргээ нэр төртэйгээр биелүүлж, авъяас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарын үйл ажиллагаанд гавьяа байгуулсан;
14.1.2. Хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хуулийн засаглал, төрийн бодлого, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх болон гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, хууль сахиулах үйл хэрэгт гавьяа байгуулсан;
15 дугаар зүйл. Цэргийн гавьяа одон
15.1.Цэргийн гавьяа одонгоор Монгол Улсын Зэвсэгт хүчин, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах, дархан хилийг хамгаалах, гамшгаас хамгаалах үйл хэрэгт гавьяа байгуулсан албан хаагчийг шагнаж, уг одонг үнэмлэхийн хамт гардуулна.
16 дугаар зүйл. Эхийн алдар одон
16.1.Эхийн алдар одон нь нэгдүгээр, хоёрдугаар гэсэн хоёр зэрэгтэй байна.
16.2.Эхийн алдар хоёрдугаар зэргийн одонгоор дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг, Эхийн алдар нэгдүгээр зэргийн одонгоор зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг шагнаж, уг одонг үнэмлэхийн хамт гардуулна.
16.3.Энэ хуулийн 16.2-т заасан дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй.
16.4.Энэ хуулийн 16.2-т заасан зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн гэдгийг энэ хуулийн 16.3-т заасан агуулгаар төсөөтэй хэрэглэж ойлгоно.
16.5.Эхийн алдар одонгоор шагнах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.
17 дугаар зүйл. Хөдөлмөрийн хүндэт медаль
17.1.Хөдөлмөрийн хүндэт медалиар дор дурдсан шалгуур хангасан хүнийг шагнаж, уг медалийг үнэмлэхийн хамт гардуулна:
17.1.1.Иргэний үүргээ нэр төртэйгээр биелүүлж, авъяас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, нийгэм соёл, боловсрол, эрүүл мэнд болон нийгмийн бусад салбарын үйл ажиллагаанд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан;
17.1.2. Хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хуулийн засаглал, төрийн бодлого, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх болон гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, хууль сахиулах үйл хэрэгт идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан;
18 дугаар зүйл. Цэргийн хүндэт медаль
18.1.Цэргийн хүндэт медалиар Монгол Улсын Зэвсэгт хүчин, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах, дархан хилийг хамгаалах, гамшгаас хамгаалах үйл хэрэгт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан албан хаагчийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна.
19 дүгээр зүйл.Шударга журам медаль
19.1.Шударга журам медалиар эрэлхэг зориг, авхаалж самбаа гарган гал, ой, хээрийн түймэр, байгалийн болон үйлдвэрлэлийн гамшиг, аюулаас хүний амь нас, их хэмжээний эд хөрөнгө авран хамгаалсан хүнийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна.
19.2.Шударга журам медалиар нэхэн болон өмнөхөөс өөр болзлоор дахин шагнаж болно.
20 дугаар зүйл. Найрамдал медаль
20.1.Найрамдал медалиар Монгол Улсаас гадаад оронтой тогтоосон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан хүнийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна.
21 дүгээр зүйл. Энхийн төлөө медаль
21.1.Энхийн төлөө медалиар Нэгдсэн Үндэсний Байгууллагын энхийг сахиулах хүчин, олон улсын бусад ажиллагаанд оролцсон цэрэг, цагдаагийн албан хаагчид, энхийг сахиулах, хүмүүнлэгийн асуудлаар идэвхтэй ажиллаж, амжилт гаргасан хүнийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАХ ЖУРАМ
22 дугаар зүйл.Төрийн дээд шагналаар шагнах ерөнхий журам
22.1.Төрийн дээд шагналаар шагнахад дараах журмыг баримтална:
22.1.1.Нэр дэвшүүлэх, тодорхойлох
22.1.2.Тодорхойлолтыг хүлээн авах, уламжлах, хянах, өргөн мэдүүлэх
22.1.3.Шагнах
22.1.4.Гардуулах
23 дугаар зүйл. Төрийн дээд шагналд нэр дэвшүүлэх, тодорхойлох
23.1.Төрийн дээд шагналаар шагнуулахаар хэн ч өөрийнхөө болон бусдын нэрийг дэвшүүлэх эрхтэй.
23.2.Өмнөх гавьяа, амжилт бүтээлээрээ салбарынхаа төрийн шагналаар шагналаар шагнагдсан хүнийг төрийн дээд шагналд нэр дэвшүүлнэ.
23.3.Нэр дэвшүүлэгч нь хуульд заасан шагналын шалгуур үзүүлэлтийг хангасан тухай баримт материал, судалгаа тооцоог бүрдүүлж холбогдох хурлаар хэлэлцүүлнэ.
23.4.Нэр дэвшүүлсэн саналыг дараах хурлаар хэлэлцэнэ:
23.4.1.Нэр дэвшигчийн ажиллаж буй газрын хамт олны хурлаар;
23.4.2.Нэр дэвшигч төрийн бус байгууллагын гишүүн бол тухайн байгууллагын хамтын удирдлагын хурлаар;
23.4.3.Харьяалагдах хамт олон байхгүй бол сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар;
23.5.Нэр дэвшүүлсэн саналыг хуралд оролцогчдын олонхийн саналаар шийдвэрлэнэ.
23.6.Тухайн байгууллагын удирдах эрх бүхий албан тушаалтан нь хурлын шийдвэр, тэмдэглэлийг үндэслэн гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан тодорхойлолт гаргах бөгөөд уг тодорхойлолтод ямар шагналд нэр дэвшүүлж байгааг дурдана.
23.7.Нэр дэвшүүлэгч нь тодорхойлолт болон дор дурдсан бичиг баримтыг хавсарган, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад уламжилна:
23.7.1.Нэр дэвшигчийн анкет. Анкетад нэр дэвшигчийн овог нэр, хүйс, регистрийн дугаар, төрсөн огноо, төрсөн газар, боловсрол, мэргэжил, урьд болон одоо ажиллаж байгаа газар, урьд нь шагнагдсан төрийн шагналууд, шагнуулах үндэслэл, холбоо барих утсыг тодорхой тусгасан байна. 23.7.2.Нэр дэвшүүлж байгаа төрийн дээд шагналын шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж байгаа тухай баримт материал, судалгаа тооцоо
23.7.3.Шагналд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн энэ зүйлийн 23.4-д заасан хурлын тэмдэглэл, шийдвэр
23.7.4. Урьд шагнагдсан төрийн шагналын үнэмлэхний хуулбар
23.8. Дараах албан тушаалд ажиллаж байгаа иргэнийг нэр дурдсан албан тушаалтан төрийн дээд шагналд тодорхойлж, төрийн шагналаар шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид шууд өргөн мэдүүлж болно. Үүнд:
23.8.1.Зэвсэгт хүчний албан хаагч, ажилтныг Зэвсэгт хүчний жанжин штабын дарга;
23.8.2.Улсын хил хамгаалах байгууллагын албан хаагч, ажилтныг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн;
23.8.3.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч, ажилтныг Монгол Улсын Шадар сайд;
23.8.4.Хууль сахиулах тусгай чиг үүргийн төрийн байгууллагын албан хаагч, ажилтныг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн;
23.8.5.Гадаад иргэн, харьяалалгүй хүнийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн;
23.8.6.Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Улсын Их Хурлаас томилогддог бусад албан тушаалтныг Монгол Улсын Их Хурлын дарга;
23.8.7.Монгол Улсын Их Хурлын тамгын газрын ажилтан, Монгол Улсын Их Хурлаас томилогддог, түүний харьяа төрийн байгууллагын ажилтныг Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга;
23.8.8.Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын Ерөнхий прокурор, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга;
23.8.9.Монгол Улсын Засгийн газрын гишүүн болон Засгийн газраас томилогддог албан тушаалтнуудыг Монгол Улсын Ерөнхий сайд;
23.8.10.Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажилтан, Засгийн газрын харьяа яам, тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн ажилтныг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
23.8.11.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга;
23.8.12.Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилтнуудыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга;
23.8.13.Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, бүх шатны прокурор, гүйцэтгэх болон техникийн ажилтнуудыг Монгол Улсын Ерөнхий прокурор;
23.8.14.Тагнуулын байгууллагын албан хаагч, ажилтныг Тагнуулын Ерөнхий газрын дарга;
23.9. Монгол Улсын Ерөнхийлөгчид шууд өргөн мэдүүлсэн энэ зүйлийн 23.8-д заасан эрх бүхий албан тушаалтны гаргасан тодорхойлолтод энэ зүйлийн 23.7.1-23.7.4-т заасан бичиг баримтыг хавсаргана.
23.10.Монгол Улсад хувийн хэргээр байнга оршин суугч гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг төрийн дээд шагналд нэр дэвшүүлэх, тодорхойлох, хянах, өргөн мэдүүлэхэд ерөнхий журмыг баримтална.
24 дүгээр зүйл.Төрийн дээд шагналаар шагнуулах тухай тодорхойлолтыг хүлээн авах, уламжлах, хянах, өргөн мэдүүлэх
24.1.Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга төрийн дээд шагналаар шагнуулах тухай тодорхойлолт, холбогдох бусад баримт бичгийг хүлээн авч, бүрдүүлбэрийг хянана.
24.2.Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга төрийн дээд шагналаар шагнуулах тухай тодорхойлолт, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэж, энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-т заасан баримт бичгийн бүрдүүлбэрт тавьсан шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд ажлын 21 хоногийн дотор аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад уламжилна.
24.3.Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-т заасан баримт бичгийн бүрдүүлбэрт тавьсан шаардлагыг хангаагүй тохиолдолд шаардлагыг хангуулахаар нэр дэвшүүлэгчид материалыг буцаана.
24.4.Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга төрийн дээд шагналаар шагнуулах тухай тодорхойлолтыг хүлээн авснаас хойш ажлын 45 хоногийн дотор хуульд заасан шагналын шалгуурыг хангаж байгаа эсэхийг дор дурдсан байдлаар хянан шалгана:
24.4.1.Энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-т заасан баримт бичигт агуулагдаж байгаа мэдээллийн үнэн зөвийг холбогдох байгууллагаас мэдээлэл авах замаар шалгах;
24.4.2.Цол, одонгоор шагнуулах тухай тодорхойлолтыг шалгахад холбогдох яам, харьяа дээд газар болон мэргэжлийн эвсэл, холбоодын удирдах байгууллагаас дүгнэлт, саналыг бичгээр авах;
24.4.3.Төрийн дээд шагналд тодорхойлогдсон иргэний тухай мэдээллийг цахим хуудас болон бусад хэлбэрээр олон нийтэд ил тод мэдээлж, иргэдийн саналыг авах;
24.5.Хянаж шалгаж дууссанаас хойш ажлын 14 хоногийн дотор нэр дэвшигч тус бүрээр шагналын шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэх талаар албан ёсны тодорхойлолт гаргаж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.
24.6.Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан шагнуулах тухай саналыг тухайн жилийн тоо хэмжээнд багтаан хэлэлцээд, олонхийн саналаар зөвшөөрөгдсөн нэр дэвшигчийн асуудлаар тогтоол гаргаж, холбогдох материалын хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх шийдвэр гаргана. Тогтоолд аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга гарын үсэг зурж, дараах бичиг баримтыг бүрдүүлж хавсаргасан байна:
24.6.1.Нэр дэвшигчийн анкет
24.6.2.Төрийн дээд шагналаар шагнуулах тухай тодорхойлолт, түүнд хавсаргасан шагналын шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж байгаа тухай баримт материал, судалгаа тооцоо
24.6.3.Төрийн дээд шагналд нэр дэвшүүлэх тухай асуудлыг анхан шатанд хэлэлцсэн энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасан хурлын тэмдэглэл, шийдвэр
24.6.4.Урьд шагнагдсан төрийн шагналын үнэмлэхний хуулбар
24.6.5.Холбогдох яам, харьяа дээд газар болон мэргэжлийн эвсэл, холбоодын хамтын удирдлагын дээд байгууллагаас дүгнэлт, санал болон олон нийтэд ил тод мэдээлж авсан иргэдийн саналын байдал
24.6.6.Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын гаргасан тухайн нэр дэвшигч нь шагналын шалгуур үзүүлэлтийг хангасан эсэх албан ёсны тодорхойлолт
24.6.7.Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны албан тэмдэглэл
24.7.Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан төрийн дээд шагналд нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх шийдвэр гаргахдаа нэр дэвшүүлж, тодорхойлсон шагнал нь уг хүний гавьяа, зүтгэл, амжилт, бүтээлд тохирсон байх зарчмыг баримтална.
24.8.Нэр дэвшигч олонхийн санал аваагүй тохиолдолд түүний асуудлыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцсэн тухай мэдэгдлийг нэр дэвшигчид хүргүүлнэ.
25 дугаар зүйл.Төрийн дээд шагналаар шагнах
25.1.Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, төрийн дээд шагналаар шагнана.
25.2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар төрийн дээд шагналаар шагнуулахаар өргөн мэдүүлсэн холбогдох баримт бичгийн бүрдэл, агуулгыг судлаж, энэ хуульд заасан шаардлагыг хангасан нэр дэвшигчийг төрийн дээд шагналаар шагнуулахаар санал боловсруулан, зарлигийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулна.
25.3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар нь энэ хуульд заасан шаардлага хангаагүй нэр дэвшигчийн материалыг өргөн мэдүүлсэн албан тушаалтанд буцаан хүргүүлнэ.
26 дугаар зүйл.Төрийн дээд шагнал гардуулах
26.1.Төрийн дээд шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулна.
26.2.Төрийн дээд шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгавраар, түүний нэрийн өмнөөс дараах эрх бүхий этгээд гардуулж болно:
26.2.1.Монгол Улсын Их Хурлын дарга
26.2.2.Монгол Улсын Ерөнхий сайд
26.2.3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, дэд дарга
26.2.4.Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн
26.2.5.Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
26.2.6.Аймаг, нийслэлийн Засаг дарга
26.2.7.Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
26.2.8.Сум, дүүргийн Засаг дарга
26.3.Төрийн дээд шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш 1 сарын дотор ёслол төгөлдөр гардуулна.
26.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгавраар, түүний нэрийн өмнөөс төрийн дээд шагналыг гардуулсан эрх бүхий этгээд нь төрийн дээд шагналыг гардуулсан тухай тэмдэглэл үйлдэж, шагнал гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлнэ.
27 дугаар зүйл.Төрийн дээд шагналаар шагнах тусгай журам
27.1. Дор дурдсан тохиолдолд энэ хуулийн 22 дугаар зүйлд зааснаас гадна тусгай журам үйлчилнэ:
27.1.1.Олон нийтэд илэрхий үйл баримтад тулгуурлан нийтээр хүлээн зөвшөөрхүйц онцгой гавьяа байгуулсан хүнийг шагнахад Ерөнхийлөгчийн Тамгын газар судлаж, шагнах асуудлыг шийдвэрлүүлэхээр Ерөнхийлөгчид шууд өргөн мэдүүлэх бөгөөд Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд төрийн дээд шагналаар шагнах асуудлыг тааллаараа шийдвэрлэнэ;
27.1.2.Энэ хуульд тусгайлан заасан тохиолдолд;
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БҮТЭЭЛД ОЛГОХ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ
28 дугаар зүйл. Төрийн соёрхол
28.1.Төрийн соёрхолыг шинжлэх ухаан, танин мэдэхүйн шинэ онцгой туурвил, анхдагч шинэ техник, технологи, үйлдвэрлэл, урлаг, утга зохиол, оюуны шилдэг гарамгай бүтээлд олгох бөгөөд төрийн дээд шагналын эрэмбийн хувьд эрхэм хүндэт шагнал болно.
28.2.Төрийн соёрхолд нэр дэвшигдсэн бүтээл шалгаруулах, төрийн соёрхол олгох журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.
28.3. Төрийн соёрхолын энгэрийн тэмдэг, батламж, үнэмлэхний загварыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.
29 дүгээр зүйл. Төрийн гэрэгэ - Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал
29.1.Төрийн гэрэгэ - Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагналыг монгол хүний оюун ухаан, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээр цогцлон бүтээгдэж, тухайн ондоо үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн үйлдвэр, барилга, байгууламж, цогцолбор, хэвлэгдэн гарсан ном зохиол, үзэгчдэд хүрсэн урлаг, соёлын бүтээлд олгох бөгөөд төрийн дээд шагналын эрэмбийн хувьд хүндэт шагнал болно.
29.2.Төрийн гэрэгэ - Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагналд нэр дэвшигдсэн бүтээл шалгаруулах, уг шагналыг олгох журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.
29.3.Төрийн гэрэгэ - Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагналын тэмдэг, батламжийн загварыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.
ТАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ШАГНАЛ
30 дугаар зүйл. Төрийн байгууллагуудын шагнал
30.1.Төрийн байгууллагуудын шагналыг Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрээр бий болгоно. Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар нь өөрийн болон харьяа төрийн байгууллагуудын шагналын нэр, төрлийг батална.
30.2.Төрийн байгууллагуудын шагналыг бий болгохдоо дараах зарчмыг баримтална:
30.2.1.Шагналын нэр, төрөл, тодорхойлолт нь энэ хуульд заасан төрийн дээд шагналын нэр, төрөл, тодорхойлолттой давхцахгүй байх;
30.2.2.Шагналын өмнө тухайн төрийн байгууллагын нэрэмжит шагнал гэсэн тодотголыг хэрэглэх;
31 дүгээр зүйл.Төрийн байгууллагуудын шагналаар шагнах журам
31.1.Төрийн байгууллагуудын шагналаар шагнах журмыг тухайн шагналыг бий болгосон төрийн байгууллага эсхүл түүний эрх олгосон төрийн байгууллага, албан тушаалтан энэ хуульд нийцүүлэн батална.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН ШАГНАЛААР ШАГНАГДСАН ИРГЭНИЙ ЭРХ, ҮҮРЭГ
32 дугаар зүйл. Төрийн шагналыг зүүх
32.1.Төрийн дээд шагналыг эрэмбийн дагуу зүүн энгэрт зүүнэ.
32.2.Монгол Улсын баатар цолны тэмдэгээс эхлэн бусад цолны тэмдэг, одон, медалийг эрэмбийн дагуу баруунаас зүүн тийш эгнүүлж зүүнэ.
32.3.Цолны тэмдэг, одон болон медалиуд нэг эгнээнд багтахгүй бол дараагийн эгнээнд шилжүүлэн зүүж болно.
32.4.Бүтээлд олгосон төрийн шагналын тэмдэгийг баруун энгэрт зүүнэ.
32.5.Төрийн байгууллагуудын шагналыг эрэмбийн дагуу зүүн энгэрт медалийн доод талд зүүнэ.
33 дугаар зүйл. Төрийн шагналыг хадгалах
33.1.Төрийн шагналаар шагнагдсан хүн төрийн шагнал, үнэмлэхийг хадгална.
33.2.Төрийн шагналаар шагнагдсан хүн нь түүгээр шагнасан эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлтэйгээр өөрийн шагнал, үнэмлэхийг улсын эсхүл орон нутгийн музейн байнгын хадгалалт, хамгаалалт, үзмэрт шилжүүлэн өгч болно.
33.3.Төрийн шагналыг төрийн бус байгууллага, хувь хүний цуглуулга, үзмэрт шилжүүлэхийг хориглоно.
33.4.Төрийн шагналаар шагнагдсан хүн нас барсан тохиолдолд түүнд олгосон төрийн шагнал, үнэмлэхийг хадгалах үүргийг түүний өв залгамжлагч хүлээнэ. Өв залгамжлагч нь энэ зүйлийн 33.2-т заасан журмын дагуу төрийн шагнал, үнэмлэхийг улсын болон орон нутгийн музейн байнгын хадгалалт, хамгаалалт, үзмэрт шилжүүлж болно.
33.5.Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төрийн шагнал, үнэмлэхийг үрэгдүүлсэн, эвдэж гэмтээсэн тохиолдолд төрийн шагналаар шагнагдсан хүний хүсэлтээр нөхөн олгож болно. Бусад тохиолдолд шагнагдаж байсан тухай тодорхойлолт олгоно. Төрийн дээд шагнал, үнэмлэхийг нөхөн олгох журмыг Ерөнхийлөгчийн зарлигаар батална.
33.6.Төрийн шагнал, үнэмлэхийг энэ хуульд заасан журмаас гадуур худалдах, барьцаалах, ашиглуулах зэргээр бусдад шилжүүлэх, мөн энэ зүйлийн 33.7-т зааснаас бусад тохиолдолд улсын хилээр гаргахыг хориглоно.
33.7. Төрийн шагналаар шагнагдсан хүн өөрөө Монгол Улсын хилээр гарч, гадаад улсад зорчиж байгаа тохиолдолд уг шагнал түүнд олгогдсон болох тухай баримт бичгийг бүрдүүлж, гаалийн мэдүүлэг бөглөн зохих хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын хилээр гаргаж болно.
34 дүгээр зүйл.Хөнгөлөлт, урамшуулал эдлэх эрх
34.1.Төрийн дээд шагналаар шагнагдсан иргэний эдлэх нэмэгдэл, мөнгөн тусламж, тэтгэмж хөнгөлөлт, урамшууллыг хуулиар тусгайлан зохицуулна.
35 дугаар зүйл.Төрийн шагналаас татгалзах эрх
35.1.Төрийн шагналд тодорхойлох явцад иргэн шагналд тодорхойлуулахаас татгалзах эрхтэй.
35.2.Төрийн шагналаар шагнагдсан иргэн төрийн шагналаасаа татгалзах тохиолдолд түүний гаргасан хүсэлтийг үндэслэн тухайн шагналыг олгосон төрийн байгууллага, албан тушаалтан шагналыг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэнэ.
35.3.Төрийн шагналаас татгалзах нь тухайн төрийн шагналд дахин нэр дэвшүүлэх, тодорхойлох, шагнал олгохоос татгалзах үндэслэл болно.
36 дугаар зүйл. Төрийн шагналыг хүчингүй болгох
36.1.Төрийн шагналаар шагнуулах хүсэлт гаргахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд тухайн шагналыг олгосон төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэрээр шагналыг хүчингүй болгоно.
ДОЛДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
37 дугаар зүйл. Төрийн шагналын мэдээллийн сан
37.1.Төрийн шагналын нэгдсэн бүртгэл, төрийн шагналаар шагнагдсан хүнтэй холбоотой бүх мэдээллийг бүртгэж, мэдээллийн санд хадгална.
37.2.Төрийн шагналын мэдээллийн санг дараах байгууллага хариуцан хөтөлнө:
37.2.1.Төрийн дээд шагналын мэдээллийн санг Ерөнхийлөгчийн Тамгын газар;
37.2.1.Төрийн бусад шагналын мэдээллийн санг тухайн шагналыг олгосон төрийн байгууллага;
37.3. Төрийн шагналын мэдээллийн санг хариуцан хөтлөгч нь уг мэдээллийн санд хадгалагдаж байгаа мэдээлэл, түүнд холбогдох бичиг баримтыг 3 жил тутамд Үндэсний төв архивт хүлээлгэн өгнө.
37.4.Төрийн дээд шагналын мэдээллийн сангийн журмыг Ерөнхийлөгч батална.
37.5. Төрийн бусад шагналын мэдээллийн сангийн журмыг тухайн шагналыг олгосон төрийн байгууллагын дарга, эрх бүхий албан тушаалтан батална.
38 дугаар зүйл. Хориглох зүйл
38.1.Төрийн шагналтай холбоотой дор дурдсан зүйл хийхийг хориглоно:
38.1.1.Энэ хуульд заасан төрийн дээд шагнал болон бусад шагналыг хуурамчаар үйлдэх, ашиглах, түүнтэй ижил төрлийн нэр, гадаад байдлаар ижил төстэй одон, медаль, тэмдэг бий болгох, үйлдвэрлэх;
38.1.2.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө бий болсон төрийн дээд шагнал болон бусад шагналыг хуурамчаар үйлдэх, ашиглах, тэдгээртэй ижил төрлийн нэр, гадаад байдлаар ижил төстэй цол, одон, медаль, тэмдэг бий болгох, үйлдвэрлэх, олгох;
38.1.3.Төрийн шагналд зуучлах, төрийн шагналаар шагнасны төлөө бэлэг, шан харамж авах;
39 дүгээр зүйл. Хууль тогтоомжид зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
39.1.Төрийн шагналын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр бол гэм буруутай этгээдэд дараах хариуцлага хүлээлгэнэ:
39.1.1.Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-т заасан хориглосон үйлдэл хийсэн гэм буруутай этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
39.1.2.Энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан хориглосон үйлдэл хийсэн гэм буруутай этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
40 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
40.1. Энэ хуулийг .... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...