Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх шинэ журам маргаашнаас хэрэгжиж эхэлнэ
- schedule 2013 оны 7 сарын 4
- chat_bubble 0
Хууль зүйн сайдын тушаалаар Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журмыг шинэчлэн баталсан.
Шинэчилсэн журам ирэх долоодугаар сарын 5-ны өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд уг журамд Замын цагдаагийн газар олгож байсан тусгай дуут болон гэрэл дохио олгох зөвшөөрлийг нийслэлд ЦЕГ-ын дарга, аймагт Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар, хэлтсийн дарга олгож, холбогдох нэгдсэн бүртгэлийг ЦЕГ хөтлөхөөр тусгасан байна. Мөн тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглох шуурхай ажлын тээврийн хэрэгсэл нь шинэчилсэн журамд заасан өнгө будаг, таних тэмдэг /байгууллагын эмблем/ бичлэгтэй байна. Ингэснээр ямар байгууллагын тээврийн хэрэгсэл гэдгийг шууд таних боломж бүрдэж байгаа юм.
Харин хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэдэг шуурхай ажлын болон тусгайлан тоноглох төрийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд шинэ журмаар Дотоодын цэрэг /хөх-улаан/, Төрийн тусгай хамгаалалт /хөх/, Онцгой байдлын шуурхай албаны бүх төрлийн тээврийн хэрэгсэл, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн хэргийн газрын үзлэгийн болон цогцос зөөвөрлөх /улаан/ Байгаль хамгаалах, хот тохижилт, чирэгч, ачигч, техникийн хяналт болон замын арчлалт үйлчилгээний /ногоон/ байгууллагыг нэмж тусгажээ.
Зөрчлийн улмаас хураагдсан дуут болон гэрэл дохиог Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоолоор баталсан “Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах нийтлэг журам”-ын дагуу шийдвэрлэхээр тусгажээ.
Цаашид Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавих ба хэрэглэх MNS4979:2000 стандартад нэмэлт өөрчлөлт оруулах, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн төслийн 29 дүгээр зүйлийн Цагдаагийн байгууллагын хөтлөх тоо бүртгэлийн баримт бичигт “Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх тээврийн хэрэгслийн талаар” бүртгэл хөтлөх заалтыг нэмж оруулах саналыг хүргүүлэхээр боловсруулсан байна.
Дашрамд дурдахад, хуучин журмын дагуу ЗЦГ-аас 2012 онд 159 байгууллагын 211 тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөл олгохдоо 56 хувь нь журамд заагдсан, 44 хувь нь журам зөрчин олгосон байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...