“Шувуун фабрик”, Био комбинат”-ынхан 22,5 км зам ашиглалтад орлоо
- schedule 2013 оны 10 сарын 28
- chat_bubble 0
Шувуун фабрик-Нисэх чиглэлд 30 минутын зайтай гурван автобус 400 төгрөгөөр иргэдэд үйлчилж эхэллээ
“Биокамбинат”, “Шувуун фабрик”-ын иргэдийн хүсэлтээр Нисэхийн товчооноос Шувуун Фабрик хүртэлх 9 метр өргөнтөй 22,5 км урт авто замын өргөтгөлийн суурь хучилт дуусч, өнөөдөр албан ёсоор нээлээ. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр болон албаны бусад хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Өмнө нь Нисэхийн товчооноос “Био комбинат” хүрэх зам нь карьеруудын хүнд даацын машин явснаас эвдэрч, бужигнасан өлөн тоосон дунд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байсан юм. Тиймээс өнгөрсөн оны 10 дугаар сард нийслэлийн Засаг дарга Хан-Уул дүүргийн Био комбинат, Шувуун фабрикийн иргэдтэй уулзах үеэр оршин суугчид замыг нэн яаралтай засаж, зассан замаар дахиж карьерын том машинуудыг явуулахгүй байх хүсэлт тавьж, иргэдийн хүсэлтийн дагуу замыг өргөтгөн шинэчилнэ гэдгээ хотын дарга амласан юм. Зам засах 17 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөнөөс шийдвэрлэж, “Тотал Инж” компани гүйцэтгэгчээр шалгаран, энэ оны дөрөвдүгээр сараас ажлаа эхэлж, зургаан сарын дотор замын суурийн хучилтыг бүрэн хийж дуусчээ.
Нээлтийн ажиллагааны үеэр нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу Био комбинатыг бид нийслэлийн дагуул хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Жаран мянган хүн ам оршин суух дагуул хотыг бий болгоход дэд бүтэц, тэр дундаа авто зам хамгийн чухал. Шинэ замтай болсноор нийтийн тээврийн үйлчилгээ болон нийгмийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэх болно” гэдгийг онцоллоо.
Урьд нь Шувуун фабрик-Вокзал хүртэл хоёр цагийн зайтай, хоёр автобус 800 төгрөгөөр иргэдэд үйлчилдэг байсан бол өнөөдрөөс эхлэн Шувуун фабрик-Нисэх чиглэлд 30 минутын зайтай гурван автобус 400 төгрөгөөр иргэдэд үйлчилж эхэллээ.
Нисэхийн товчооноос Биокамбинат-Шувуун фабрик хүртэлх 22,5 км авто замыг ирэх оны долоодугаар сард өнгөн хучилт хийн бүрэн ашиглалтад оруулах юм байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...