Нэгдүгээр ангид элсэгчдийг наймдугаар сард бүртгэнэ
- schedule 2016 оны 5 сарын 3
- chat_bubble 0
Өнөөдөр Нийслэлийн боловсролын газраас хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Уг хэвлэлийн бага хурлаар цэцэрлэгийн төгсөлтийн баяр болон нэгдүгээр ангийн үсэглэлийн баярын арга хэмжээг тайлант өдөрлөг хэлбэрээр, 9, 12 дугаар ангийн сурагчдын "Эрдмийн баяр"-ыг тайлант өдөрлөг, "Боловсролын баримт бичиг гардуулах ёслол"-ын арга хэмжээ болгон нэгдсэн байдлаар зохион байгуулах нь зүйтэй.
Энэхүү "Эрдмийн баяр" нь нийслэл, дүүргийнхээ түүх соёлоос суралцах, төгсөгчдийн суралцах хугацаандаа сурсан мэдсэнээ багш, эцэг эх, хамт олон, найз нөхөд, залгамж үедээ тайлагнаж сурталчлах ажлыг үр дүнтэй зохион байгуулах зорилготой.
Иймд төгсөлтийн баярыг тэмдэглэхдээ нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй байх, эцэг эх, хүүхдүүдээс хавтгайруулан мөнгө төгрөг хураахгүй, эцэг эхчүүдэд хүндрэл учруулахгүй байх чиглэлийг хүргүүлж байна.
Эрдмийн баярын арга хэмжээг зохион байгуулах нэрийдлээр эцэг эхчүүдээс мөнгө хураамж авсан болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас архидан согтуурч, гэмт хэрэг зөрчилд холбогдсон тохиолдолд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт хариуцлага тооцохыг Нийслэлийн боловсролын газрын даргын тушаал гарсан талаар ярилаа.
Мөн Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар 2016-2017 оны хичээлийн жил ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийг наймдугаар сарын 22-26-ны өдрүүдэд бүртгэнэ.
Нэгдүгээр ангид 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2010 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг бүртгэнэ. 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн таван настай хүүхдүүдийг бүртгэхгүй гэлээ.
Түүнчлэн нэгдүгээр ангид элсэх хүүхдийг бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар, эцэг, эхийн болон асран хамгаалагчийн иргэний үнэмлэхний эх хувь болон хуулбар, 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг зэрэг баримт бичиг бүрдүүлэхээс гадна хүүхдээ дагуулж очих юм байна.
Мөн шаардлагатай тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, эсвэл лавлагаа хэрэгтэй аж. Энэ талаар нэр хүндтэй сургуулиудад хүүхдээ сургах хүсэлтэй аав, ээж нар олон байдаг байна. Тиймээс харьяаллын биш сургуульд хуурамч бичиг баримт бүрдүүлж оруулдаг хэмээн албаныхан тайлбарлалаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...