Зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар Прокурорын шаардлага хүргүүлсэн гэлээ
- schedule 2016 оны 4 сарын 28
- chat_bubble 0
С.Зориг агсны эхнэр Д.Булганыг өнгөрсөн оны 11 дүгээр сарын эхээр гэрээс нь баривчилж, хорьсон билээ. Төв аймгийн цагдан хориход хоригдож байгаад саяхан хорих 461 дүгээр анги руу түүнийг шилжүүлсэн.
Энэ сарын эхээр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд нар Д.Булганыг эргэсэн. Ц.Оюунгэрэл гишүүн “Өнөөдөр @boldlu бид хоёр Булганы ээжийн өргөдлийн дагуу маш нууц тодотголтойгоор хоригдож буй Булгантай Төв аймгийн хорих газарт очиж уулзлаа” хэмээн жиргэсэн байдаг. Ийнхүү Б.Булганы эрх зөрчигдөж байгаа талаар хэвлэл мэдээллээр цацагдсан.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Б.Булганы хоригдож байсан нөхцөл байдалтай танилцаж шалгалт хийсэн аж. Энэхүү шалгалтын дүнгийн талаар УЕПГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хяналтын прокурор Ц.Өлзийжаргал сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Шалгалтаар УИХ-ын гишүүдийн мэдээлэлд дурьдагдсан "...Б.Булганы хоригдож байгаа өрөөний гэрэл тод бусад өрөөнийх бүдэг..." гэсэн нь үндэслэлгүй байсан ба тус байрны хорих бүх өрөөний гэрэлтүүлэг жигд түвшинд суурилагдсан байна гэв.
Харин хорих өрөөний бие засах хэсэг үүдэндээ ил байрласан нь эмэгтэй хүний эрхэмсэг байдлыг алдагдуулж, залхаан цээрлүүлж байгаа тал ажиглагдаж байна гэсэн мэдээллийн дагуу шалгалт хийхэд сантехникийн холболтоос шалтгаалаад ганц Булганы өрөө биш бусад найман өрөөний бие засах хэсэг нь үүдэндээ байрлалтай байсан тул далдлах хаалт хийлгэжээ. Түүнчлэн Б.Булган нь гэрээсээ илгээмжээр ирүүлсэн номыг уншиж байгаа ба бичгийн цаас, бал оруулаагүй, хорих өрөөний эсрэг талын цонхыг хөшгөөр байнга хаалттай байлгасан гэсэн мэдээллүүд нь үндэслэлтэй байсан тул бичгийн цаас, бал өгөх, хөшгийг татуулж, цонхыг нээлгэх зэрэг арга хэмжээг авчээ.
Дээрхи зөрчлүүд нь тус хорих байрны албан тушаалтны зүгээс Хууль зүйн сайдын тушаалаар баталсан "Хорих байрны дотоод журам"-ыг зөрчсөн зөрчил байх тул зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байх, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар ШШГЕГ-т Прокурорын шаардлага бичиж хүргүүлсэн байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...