Эрүүгийн хуулийн заалтыг эсэргүүцэн эмч нар жагслаа
- schedule 2016 оны 4 сарын 26
- chat_bubble 0
Шинээр баталсан Эрүүгийн хуульд эмч нарт тооцох хариуцлагын системийг хүндрүүлсэнд бухимдан эмч нар өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Чингисийн талбайд жагслаа.
Эрүүгийн шинэ хуулийн 15.1 дүгээр зүйлд “Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгөөр торгох эсхүл 2-8 жил хорих ял эдэлнэ” гэж заасан юм. Жагсаалд оролцогчид энэ заалтад өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулахыг хууль баталсан эрх баригчдаас шаардаж ийнхүү жагсч байгаа гэлээ.
Энэхүү жагсаалд 6000 орчим эмч, эмнэлгийн ажилтан, оюутан оролцож байгаа гэж зохион байгуулагч Эрүүл мэндийн эрх зүйн төвийн дэд тэргүүн Д.Энхсүлд хэллээ. Жагсаалд оролцохоор Төв, Дорноговь аймаг тэргүүтэй 5-6 аймгаас эмч нарын төлөөлөл ирсэн байна. 13.00 цагт эхэлсэн жагсаалд оролцогчид хууль баталсан эрх баригчдыг гарч ирж шаардлага хүлээн авахыг уриалан лоозон барьсан байв.
Тэдний төлөөлөл болох Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн эрхлэгч н.Мөнхзаяа “Эмч нар санаатайгаар хүний аминд хүрнэ гэж хэзээ ч байхгүй. Эмч нарын хувьд хариуцлагаа үүрдэг, үүрсээр ч ирсэн. Гэтэл ийм хууль баталсанд эрүүл мэндийн ажилтнуудаас гадна оюутнуудын хүртэл хүсэл эрмэлзэл унасан нь харагдаж байна. Тиймээс өнцөг булан бүрээс дуу хоолойгоо хүргэхийн тулд бид ирсэн” гэж байлаа.
Энэ жагсаал зөвхөн нийслэлд болж байгаа биш, аймаг бүр төв талбайдаа зохион байгуулж ирж шаардлагаа хүлээлгэн өглөө. Тэд шаардлагынхаа хариуг заасан хугацаанд авахыг хүссэн бөгөөд хариуг хугацаандаа өгөөгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэв.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...