Чехийн Экспорт банкны удирдлагуудтай уулзлаа
- schedule 2015 оны 11 сарын 25
- chat_bubble 0
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Чехийн Экспорт банкны захирал Карел Буреш болон холбогдох удирдлагуудтай уулзаж, Монгол Улсад хэрэгжиж буй төсөл санхүүжилт болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтад Аж үйлдвэрийн сайд болон Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэлхам болон холбогдох бусад албаныхан байлцлаа.
Экспортын банк нь 1955 оноос эхлэн үйл ажиллагагаагаа явуулж буй бөгөөд Бүгд Найрамдах Чех Улсын экспортыг дэмжих зорилгоор үүсгэн байгуулсан 100 хувь төрийн өмчит ашгийн төлөө бус байгууллага юм. Одоогоор дэлхийн 20 гаруй улс оронтой хамтран ажиллаж байна. Экспортын банкны захирал Карел Буреш Монгол Улстай хамтран хэрэгжүүлж буй хэд хэдэн төслүүд байгааг онцлов. Энэхүү төслүүд цаашид хоёр орны худалдаа эдийн засагт үр өгөөжөө өгнө хэмээн итгэж буйгаа тэрбээр Аж үйлдвэрийн сайдтай уулзах үеэрээ илэрхийллээ.
Харин Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Экспортын банкныхантай уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, Аж үйлдвэрийн яамны үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. Тэрбээр “Аж үйлдвэрийн яам байгуулагдаад нэг жил болж байгаа хэдий ч энэ хугацаанд Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогоо баталсан. Бодлогоор экспортыг дэмжих болоод зөвхөн хүнд үйлдвэр төдийгүй хөнгөн аж үйлдвэрийн салбарт ч хөрөнгө оруулалтыг гол болгон тусгасан” гэв. Экспортыг баримжаатай аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бодлогыг хэрэгжүүлэх, Монгол Улсын ЖДҮ-ийг хөгжүүлэхэд Чех улсын тоног төхөөрөмж, технологийг нутагшуулах шаардлага байгаа талаар Аж үйлдвэрийн сайд онцоллоо. Цаашид харилцан ашигтай эдийн засгийг бий болгох, хамтран хэрэгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэх олон хэлбэр байгаа талаар уулзалтын үеэр талууд ярилцсан юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...