Дэлхийн хамгийн том нууц хоргодох байрууд
- schedule 2015 оны 10 сарын 3
- chat_bubble 0
Нууц хонгил буюу хоргодох байр. XX зууны эхнээс “Хүйтэн дайн”-ы цаг үе хүртэл үргэлжилсэн зэвсэглэлийн үр дүнд бий болсон байр юм. Гэхдээ мэдээж дэлхий даяар байгаа нууц хонгил, бункер болгон тийм зориулалтаар баригдаагүй.
Харин өнөө үед олонд алдартай болсон зарим бункеруудыг олон нийтэд үзүүлдэг болжээ.
Самара хот дахь Сталины бункер
“Сталины Бункер” бол ЗХУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч В.И.Сталинд зориулан болзошгүй нөхцөлд байрших зориулалттай Самара хотод баригдсан нууц обьект. Дэлхийн 2-р дайнд Москва эзлэгдсэн тохилдолд энд ирж цэрэг арми, улс орноо удирдах боломжит газар нь байжээ.
Уг бункерийг 1942 онд барьсан бөгөөд 1990 онд нууцын ангиллалаас гаргасан байна. Бункерийг Москвагийн мщтроны ажилчид, Донбассын уурхайчид зэрэг улс орны хамгийн шилдэг мэргэжилтнүүд босгожээ. Байгууламжийн загвар нь Москвагийн метроны буудал “Аэропорт”-ын багасгасан хуулбар байжээ.
Бүх барилгачдыг төрийн нууц задруулахгүй байх амлалт авч гарын үсгийг нь зуруулсан байна. Нууцлалыг чанд хадгалсан тул ойролцоох нутгийн иргэд өндөр хашааны цаана юу хийгдэж байгааг ч мэдээгүй гэнэ. Газар шороог зөөж зайлуулах ажлыг шөнөөр хийж байсан байна.
Барилгачид обьектийг дуустал хэзээ ч холдоогүй ба хоол ундаа идэх, хонох, амрах гээд бүх л амьдралын хэрэгцээгээ энэ хашаанд эсвэл бункерт өнгөрүүлж байжээ.
Барилгын ажил хоёр ээлжээр тасралтгүй явагдаж байсан бөгөөд жил хүрэхгүй хугацаанд 25 мянган куб метр шороо гаргаж, 5,000 куб метр бетон цутгасан байна.
Сталины бункер бол нууцын ангиллаас гарсан дэлхийн хамгийн хүчирхэг бункер гэнэ. Энэ нь газрын гүнд 37 м-т байдаг ба 12 давхар барилгатай тэнцэхээр аж. Харьцуулж хэлэхэд, Гитлерийн бункер 16 метр гүн байсан бол Лондонд Черчилийн бункер доошоо ердөө 2 давхар байжээ.
Москва хотын “Бункер-42”
Москва хотын төвд Таганкад энэ бункер байрладаг. Олон жилийн өмнө энд Нисэх хүчний командын нөөц байр /ГО-42/ байсан. Бункер 1950-аад онд цөмийн бөмбөгний халдлага гарсан тохиолдолд ашиглах зориулалтаар метроны бүтэцтэйгээр барьсан. Нийт 7000 м.кв талбайтай, 600 м урттай бөгөөд 65 м-ийн гүнд байдаг. Өдгөө музей болгон нийтэд үзүүлж байгаа.
Бункерийн барилгын ажилд хоригдлуудыг оролцуулсан гэнэ. Бункерийн температур жилийн турш 0-ээс дээш 16 хэм хүртэл байдаг ба чийгшил маш өндөртэй байжээ.
Баллистик пуужингийн хяналтын самбар.
2006 онд бункер хэсэгчлэн зарагдсан. Тэд зарим өрөөг тохижуулан зоогийн газар, клубын чиглэлээр ашиглан хурал хуй зэрэг баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулж иржээ.
Английн Бурлингтон бункер
Их Британийн Бурлингтон хотын Уилтшир гүнлэгт Хүйтэн дайны үед ЗХУ-ын болзошгүй цөмийн халдлагаас хамгаалах зориулалтаар бункер барьжээ. 1950-аад оны сүүлээр Их Британийн Консерватив Ерөнхий сайд Гарольда Макмилланы санаачилгаар 37 м-ийн гүнд баригдсан 6 хэсгээс бүтсэн, 97 га талбайтай бункерт төрийн чухал албаны 4,000 хүн багтан 3 сарын турш амьдрах боломжтой байжээ. Дайн болсон үед Хааны болоод Засгийн газрын кабинет аюулгүй ажиллах нөхцөл бололцоогоор хангагдсан онцгой нууц обьект юм.
Өмнө чулууны уурхай байсан газар доорх хот бараг 1 км урттай ба доторхи замын урт 97 км байжээ.
Энэхүү бункерийг олон жил чанд нууцалж байсан ба 2013 онд ашиглалт болон нууцын зэрэглэлээс гаргажээ.
Одоо бункерийг зарах гэж байгаа аж. Түүнийг авах Английн бизнесмэн /зөвхөн англи хүнд худалдана/ Европын хамгийн том дарсны агуулах болгох өндөр магадлалтай байгаа гэнэ.
Чехид байх цөмийн цэнэг хадгалах агуулах
Чехийн баруун хэсэгт байдаг Мишов суурингийн орчим атомын музей байдаг. Энэхүү газар Баруун Германы хилээс 60 км-т байрлаж байсан бөгөөд хүйтэн дайны үед ЗХУ-ын армийн цөмийн цэнэгт хошууг хадгалж байжээ. Энэхүү нууц бункерийг 1960-аад онд Чехословакт барьсан байна. Ийм зориулалттай обьект Чехословакид гурав, Варшавын гэрээний оронд 12 байсан байна. Газар доорх нууц бункер тухайн үедээ ЗХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэлд байсан бөгөөд одоо анхны төрхөөрөө байгаа гэнэ.
ЗХУ-ын цэргийн асар том нууц бункер одоо Чехийн музей болсон байна.
Бункер 100м газрын гүнд дөрвөн давхар, зузаан бетонон бүтэцтэй, хүнд төмөр дааман хаалгануудтай бөгөөд 4,000 хүн багтан ажиллах зориулалттай асар том хэмжээтэй ажээ.
Дөрвөн танхимд 80 цөмийн цэнэгт хошуу хадгалагдаж байжээ. Бункерийн дээр тоглоомын талбай байрладаг. Орох хаалга нь графит зурсан жижигхэн террас гэсэн үг.
Балаклав дахь 825 ГТС обьект
Уг обьект ЗХУ-ын Крымийн хойгт Балаклав буланд байдаг бөгөөд хүйтэн дайны үед цөмийн зэвсгийн цохилтоос хамгаалах байгууламж байжээ. Бункер Хирошимад хаясан цөмийн бөмбөгнөөс зургаа дахин хүчийг /100кт/ тэсвэрлэх чадвартай ба 3000 хүн байрлан нэг сар амьдрах бололцоогоор хангагдсан байсан аж.
Обьект 1957-1961 онуудад 120 мянган тн хад чулууг гарган баригдсан /шөнөөр далайд гаргаж асгадаг/ ба цөмийн зэвсгийн цохиолт хийх чадвартай шумбагч завь байрладаг байсан аж. Энэхүү байгууламжид 14 тооны шумбагч багтах боломжтой гэнэ. Шумбагч онгоц 600 м-ийн хадан хонгил дамжин боомтын зогсоол руу гардаг байжээ. Бункер 1993 онд хаагдаж, 2000 онд орхигдсон байгууламжийг Украйны тэнгисийн хүчинд шилжсэн байна.
Одоо уг онцгой нууц бункер музей болсон бөгөөд хүн бүр зочлон үзэх боломжтой болжээ.
Хятад дахь 816 төсөл
1967 онд Шэньшан уулан асар том бункер барьж эхэлсэн. Зөвлөлт Хятадын харилцаа эрс муудсан үед цөмийн болзошгүй цохилтоос сэргийлж цөмийн зэвсгийн бааз байгуулах зорилгоор “816” төслийг эхлүүлэхээр шийлжээ. Уг газар доорх байгууламж асар том ба нийт 21 км урт, 9 давхар бүтэцтэй 18 цогцолбор бункерээс бүрдсэн 104,000 м.кв талбайтай байжээ.
Энэхүү хоргодох байр нь 8-9 баллын газар хөдлөлтөд, 1 тн-ийн цөмийн цэнэгт хошууг тэсвэрлэх чадвартай хийгджээ. Агуйн хамгийн өндөр нь 79.6 м буюу 20 давхар барилгатай тэнцэхээр байсан аж. Уг төсөл бол дэлхийн хамгийн том газар доорх байгууламж, хамгийн том хиймэл агуй юм.
Хонгилыг Хятадын чөлөөлөх армийн 60 мянган цэрэг офицер бункерийн барилгын ажлыг 1984 онд дуусгасан /төслийн 60 хувийг гүйцэтгэсэн/ боловч хүйтэн дайн дууссанаар 1984 онд уг төслийг зогсоосон байна. 2002 онд нууцын зэрэглэлээс гаргаж 2010 оноос олон нийтэд, жуулчдад зориулан нээжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...