Сумо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцогчдыг бүртгэж эхэллээ
- schedule 2015 оны 4 сарын 20
- chat_bubble 0
Сумо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах “Wanpaku sumo” тэмцээн 2015 оны тавдугаар сарын 02-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тэмцээн дөрвөн насны ангиллаар явагдах юм. Тэмцээний талаар JCI Монгол байгууллагынхнаас асууж тодрууллаа.
-“Wanpaku sumo” үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? Хаанахын ямар байгууллага зохион байгуулдаг, ямар онцлогтой арга хэмжээ вэ?
- Wanpaku хэмээх тэмцээн нь жил бүр Япон улсын Токио хотноо зохион байгуулагддаг хүүхдийн сумо бөхийн уламжлалт томоохон тэмцээн. Энэхүү тэмцээний зорилго нь,
- Сумо бөхөд сонирхолтой, сумогоор хичээллэдэг хүүхдүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Тэдгээр хүүхдүүдийн дунд мэргэжлийн, бодит өрсөлдөөнийг бий болгох
- Хүүхдүүдэд спортоор нөхөрлөх боломжийг олгох
- Бие биенээ хүндлэх хайрлах, тэсвэр хатуужил суулгах
- Чадварлаг сумоч Монгол хүүхдүүд Япон улсад тэмцээнд оролцон байр эзлэн, цол авах
JCI Монгол байгууллага нь JCI Токио, Монголын сумо бөхийн холбоо, “Зориг” сантай хамтран 198 хүүхэд, багачуудын оролцоотойгоор анх 2014 оны 5 сарын 23-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулсан. Энэ жил Япон улсад 31 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “Wanpaku sumo” өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг JCI Монгол байгууллага дээрх байгууллагуудтай хамтран хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ жилийн хувьд тавдугаар сарын 2-ны өдөр буюу хагас сайнд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
-Энэ жилийн тэмцээн ямар журам шалгаруулалтаар явагдах бол..? Хүүхдүүдийг хаана хэзээ бүртгэх вэ. Бүртгүүлэхэд ямар нэг шалгуур шаардлага тавих уу?
-“Wanpaku sumo” өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн 4 насны ангиллаар явагдана. 1. VI ангийн хүүхдүүд /11-12 нас/ 2. V ангийн хүүхдүүд /10-11 нас/ 3. IV ангийн хүүхдүүд /9-10 нас/ 4. 5-6 насны гэсэн ангилалтай байна.
Бүртгэл дөрөвдүгээр сарын 15-29-ний хооронд явагдана.
Бүртгэл явагдах газрууд:
- “Зориг” сангийн байранд,
- Монголын Үндэсний Их Сургууль 1 давхар 109 тоот,
- Баянгол дүүрэг 3-р хороо 4-р байр 4-р орц 1 давхар 184 тоот,
- Cүхбаатар дүүрэг 1-р хороо Юнескогийн гудамж Далай цамхагт өдөр бүр бүртгэж байна.
Бүртгүүлж, мандат авахдаа болон тэмцээний өдөр ирж бүртгэлээ баталгаажуулахдаа төрсний гэрчилгээ, зурагтайгаа ирэх хэрэгтэй. Төрсөн огноог шалгаж, бүртгэх учир төрсний гэрчилгээг заавал шаардана.
Монголын Сумо Бөхийн холбооноос Кёкүшюзан Д.Батбаяр болон бусад туршлагатай шүүгчид шүүж, ерөнхий зохион байгуулагчаар JCI Монгол байгууллага ажиллана.
-Тэмцээнээс гарах үр дүнгийн талаар мэдээлэл өгнө үү?
-JCI Токио болон JCI Монгол байгууллагын анхны хамтын ажиллагаа болох 2014.5.23-24нд Монгол улсын өсвөр насны хүүхдүүдийн дунд “WANPAKU SUMO” тэмцээнийг "Монголын Сумо бөхийн холбоо" болон "Зориг сан"-тай хамтран зохион байгуулсан бөгөөд тус тэмцээний 3 насны ангилал тус бүрийн ялагч хүүхдүүдийг 2014.08.03-нд Япон улсын Токио хотноо зохион байгуулагдсан Япон улсын өсвөрийн WANPAKU SUMO тэмцээнд анх удаа Монгол улсаас бүх зардлыг нь хариуцан оролцуулсан.
9-10 насны ангиллын ялагч Батхуяг овогтой Баярболд хүү маань Япон улсын 40.000 гаруй тамирчдаас шалгарсан 396 аварга хүүхдүүдээс шалгаран 3-р байр эзлэн Цом болон “Секивакэ” цолоор шагнагдаж улс эх орныхоо нэрийг олон улсын дэвжээнд ирээдүйн бяцхан иргэдийнхээ төлөөллөөр мандуулж чадсан.
Энэ жил ч мөн ахлах гурван насны ангиллын 3 аварга хүүхдийн зардлыг даан Япон улсын өсвөрийн “WANPAKU SUMO” тэмцээнд 2 дахь удаагаа амжилттай оролцуулахаар чармайн ажиллах болно.
-Тэмцээний зохион байгуулалтын үед хүүхдүүдийн урам зоригийг сэргээсэн үйл ажиллагаанууд байгаа юу?
-Япон улсын соёлыг сурталчилсан зарим нэгэн арга хэмжээ зохион байгуулах ба өнгөрсөн жилийн аварга болж, Япон явсан хүүхдүүдийг авчирч сэтгэгдлийг сонсох, тэдний Японд барилдсан бичлэг, зураг зэргийг үзүүлэх ажлууд төлөвлөгдсөн байгаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...