“Хос морьтой” бүсгүй
- schedule 2015 оны 3 сарын 6
- chat_bubble 0
“Шүлэг л бичдэг охин доо” гэж бодож явсан, жижигхэн биетэй охин гурван бэсрэг тууж биччихсэн орж ирдэг байна. Би "Шүлэгч" гэсэн ойлголтоосоо салж чадахгүй байлаа. Яагаад гэвэл би бичсэн шүлгүүдтэй нүд харгаж, сонсож явсан удаа олон... Э.Үржинхандын "Шувуутай цүнх" өгүүллэгийн номыг уншаад ихэд олзуурхаж байж билээ. Тэр ном нь гурав дахин хэвлэгдсэн байхыг үзэхүй оюуны "Өндөр" үнэд хүрсэн нь маргаангүй. Энэ гурамсан туужууд мөн л олны анхаарлыг ихэд татах нь мэдээж.
Э.Үржинханд үргэлжилсэн үгийн зохиол, яруу найраг хоёрын нарийн ялгааг мэдэрсэн нэгэн байна. Манай ахмад асар их туршлагатай яруу найрагчдаас зарим нь үргэлжилсэн үгийн зохиол гээд шүлгийн мөрүүдийг цувуулаад биччихдэг явдал бишгүй байдаг.
Хойч үеийн зохиолчид минь алдаанаас хол, эрэл эгээрэлд ойрхон байгаад машид их баярлана. Уяа морьд олон байваас, аргагүй хурдан нь цойлдог шиг, уран зохиолын өргөө, бадарч, сэтгэдэг, бүтээлч хүмүүнээр дүүрэн байваас цагийн бах ханах бөлгөө. Хүсэн хүлээсэн хүмүүсийн нэг нь Э.Үржинханд байхыг үгүй гэх газаргүй хэмээн Монгол Улсын төрийн шагналт Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн Энхбаатарын Үржинхандын “Хэзээ ч оройтохгүй” гурамсан туужийг ариутган шүүсний дараа өмнөтгөлд нь ийнхүү бичсэн байна. Үүнээс харахад түүний бүтээлийг ихэд тоожээ.
“Шинэ мянган Утга зохиолын нэгдэл”, Монголын зохиолчдын Эвлэлийн гишүүн, яруу найрагч, сэтгүүлч, залуухан бүсгүй Энхбаатарын Үржинхандын “Хос номын баяр” “Интерном” номын их дэлгүүрт өчигдөр /2015.03.05/ боллоо. Номын нээлтэд үе үеийн яруу найрагч, зохиолч, нэр хүндтэй уран бүтээлчид хүрэлцэн ирсэн байв. Энэ үеэр найрагч бүсгүйд маань “Монголын зохиолчдын эвлэл"-ийн гишүүний үнэмлэх, тэмдгийг албан ёсоор гардуулан өгсөн нь бас нэгэн баярт явдал болов.
Э.Үржинханд сүүлийн хоёр жилд бичсэн туужуудаасаа “Хэзээ ч оройтохгүй”, “Анирхүү”,“Дурлалын барьцаа” нэртэй туужуудаа сонгож ийнхүү “Хэзээ ч оройтохгүй” нэртэй ном болгон гаргажээ.
Мөн тэрээр сүүлийн жилүүдэд бичсэн шүлгүүдээсээ түүвэрлэн яруу найргийн гурав дахь ном буюу “Алсын гэрлийн хэлтэрхий”-гээ олны хүртээл болголоо.
Түүний энэ түүврийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, яруу найрагч Чойсүрэнгийн Дагвадорж хянасан байна. Харин номын зургийг МУСТА, зураач Амарсанаа зурсан байна.
Залуу уран бүтээлч Энхбаатарын Үржинханд 2009 онд “Өөртөө үнэнч үлдэнэ” яруу найргийн түүвэр, 2011 онд “Шувуутай цүнх” өгүүллэгийн түүвэр, 2012 онд “Хайр цацруулж...” яруу найргийн түүвэр, 2014 онд “Зөндөө хайртай” яруу найргийн цомгууд гаргаж олны хүртээл болгосон. 2012 онд “Хүүхэд, залуучуудын уран зохиолын дээжис” номонд, 2013 онд Өвөр Монголын Өөртөө Засах Орноос эрхлэн гаргадаг “Дэлхийн уран зохиол” сэтгүүлд, 2013 онд “Шинэ мянганы яруу найраг” номонд, 2013 онд МЗЭ-ийн “Монголын эмэгтэй зохиолчид” номуудад бүтээлүүд нь тус тус нийтлэгджээ.
"Алсын гэрлийн хэлтэрхий" нэртэй шүлгийн түүвэр, "Хэзээ ч оройтохгүй" нэртэй гурамсан туужаа ийнхүү нэгэн зэрэг худалдаанд гаргалаа. Худалдах үнэ нь 18 000 төгрөг аж.
Түүний бүтээлийг ӨМӨЗО-ны "Солонго мэдээллийн төв"-өөс дэмжиж, тусласан байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...