Нууц нийгэмлэгүүд: Та энэ тухай юу мэдэх вэ?
- schedule 2014 оны 12 сарын 12
- chat_bubble 0
Хэдэн зууны туршид оршсоор байгаа эдгээр нийгэмлэгүүд л чухамдаа улс орнуудын хувь заяанд нөлөөлдөг гэж нилээд нь үздэг. Хамгийн нэрд цууд гарсан нууц нийгэмлэгүүдийн тухай энд өгүүлнэ.
Масончууд
Энэ нь дэлхийд хамгийн нөлөөтэй, олон тоотой байдаг нууц нийгэмлэг юм. Засгийн эрхийг булаан авах, бөөнөөр нь алж устгах, эдийн засгийг хямраах гэх мэт дэлхийн хэмжээний олон хуйвалдаанд тэднийг буруутгадаг. Өнөөдрийн урьдчилсан мэдээгээр масоны бүлгэмийн гишүүд дэлхий даяар 7 сая гаруй байдаг, харин бүлгэм нь өөрөө бараг орон бүрт байдаг байна. Бүлэглэнгийн үүсэл язгуурын тухай ярих юм бол XVII зууны Английн түүх рүү хөвж өгнө.
Масоны бүлгэм албан ёсоор 1717 онд бий болсон байна. “чөлөөт масончууд” (Free masons) хэмээх анхны нэрийг нь “чөлөөт барилгачид” хэмээн орчуулж болох ба түүнд зөвхөн тус бүлэглэнгийн үзэл санаанд итгэгсэд л ордог байна.
Масончууд зан суртахууны үнэт зүйлд оцгой анхаарал тавьдаг учраас энэ байгууллагын гишүүн болгон сайн үйлсээрээ нэр цуутай болохыг хичээдэг байна. Энэ бүлэглэнгийн гол үзэл санаа нь шашны сургаалтай зарим талаар сөргөлддөг учраас сүм хийдүүд түүнийг түгэн дэлгэрэхэд туйлын дургүй байдаг аж.
Александр Пушкин, Марк Твен, Уинстон Черчелл, Генри Форд болон бусад олон хүн масонууд байсан нь тодорхой билээ.
Гэгээрэгсэд
Энэхүү нууц нийгэмлэгийг масонтой хольж хутган бөөнөөр аллага үйлдэх, хуйвалдах, түүнчлэн шашны эсрэг үйл ажиллагаа явуулах зэрэг нүгэлт үйлүүдийг тэдэнд тохох явдал элбэг байдаг. Үнэн хэрэг дээрээ энэ нь чанарын хувьд ч, тооны хувьд ч масон буюу “чөлөөт барилгачид”-аас ялгагдах талуудтай.
Гэгээрэгсэд хэмээн орчуулагддаг иллюминатууд бол боловсролтой залуу өөрчлөгчдийн нийгэмлэг юм.
Энэ нийгэмлэг 1776 онд Баварт үүссэн даруйдаа шуудхан л сүм хийдийн эсрэг бослого гаргасан бөгөөд үнийхээ төлөө удалгүй (1878 онд) хууль ёс зөрчсөн үйл ажиллагаа явуулсан гэж зарлагдсан байна.
Чухамхүү гэгээрэгсэд л нэгдсэн валюттай байх, нэгдмэл хэлтэй байх, нэгдмэл хуультай байх болон бусад олон зүйлийн өөрчлөлт хийхийг санал болгодог нь сонирхол татахуйц баримт юм. Гэгээрэгсэд буюу иллюминатууд өнөөдөр байдаг эсэхийг мэдэхгүй, гэхдээ Европын холбоог харах юм бол...
Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл (Каммора)
Өөрөөр хэлбэл - Италийн мафи юм. “Коза-Ностра”-гийн (Сицил хэлэнд Cosa Nostra — «Бидний хэрэг» гэсэн үг. Орч) бүхий л үйл ажиллагааг камморын нэг өдрийн “ажлын” механизмтай харьцуулах юм бол ойлгоход бэрх. Энэ мафи бий болсон Италийн Неаполь хотын оршин суугчид өнөөдөр ч гэсэн “каморра” гэдэг үгийг сонсоод л дотор нь зарсхийдэг гээд бодоод үз дээ. Энэ байгууллагын цар хүрээ Апеннины хойгийг /Италийн гол улс оршдог хойг/ аль хэдийн орхин оджээ. Мафийн бэлэгдэл, зан үйл, уламжлал нь өнөөдөр хатуу чанга нууцлагдан хадгалагдсаар байна.
Ганц мэдэгдэж байгаа зүйл гэвэл мафийн хяналтанд байдаг нийт нутаг дэвсгэрийг хоёр хэсэгт хувааж, тус тусад нь толгойлогч (капо) удирддаг явдал.
Нэг толгойлогчийнх нь өдөр тутмын орлого 500 000 еврод хүрдэг. Болж өнгөрөөд удаагүй байгаа Сильвио Берлусконийг тойрч ассан үймээн самуун Италид зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл оршсоор байгааг бодитойгоор баталсан юм.
Засгийн газрын тэргүүний өндөр албан тушаалд ажиллаж байсан түүнийг төрийн өндөр албан тушаалтнуудыг тус байгууллагын гишүүн болоход нь хамжилцсан хэмээн мафитай холбон буруутгаж байсан билээ. Гэвч удаа ч үгүй түүнд тохсон энэ бүх буруутгалыг арилгажээ.
Гурвалууд
Хятадын гурвалуудыг (триадууд) хамгийн эртний нууц нийгэмлэг гэж үзэх бүрэн үндэстэй. Анхны триадууд бүүр нийтийн тооллын өмнө (НТӨ II-I зуун) үүссэн байдаг.
Гурвалууд буюу триадууд нь үндсэндээ хатуу тогтоосон үе дамжин захирах ёсонд захирагддаг цусан төрлийн холбоотой гэр бүлийнхэн юм.
“Лунг тао”(лууны толгой) гэж нэрлэгддэг удирдагчдаа үг дуугүй захирагддаг, эмх цэгцтэй үйл ажиллагааныхаа үрээр триадууд зэмлэл шийтгэл сонсоод байдаггүй.
Хятадын хөгжил дэлхийн эдийн засагт нөлөөлөх нь өсөн нэмэгдэж байгаа болохоор триадууд ч бас шинэ түвшинд гарч Азийн орнууд, Европ, Америк гээд тэд газар сайгүй өргөн хэрэглээний бараа болон цахилгаан барааны худалдаанд хяналт тавьж, хараандаа оруулжээ.
Якуза
Якуза бол японы мафи гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ энэ бас юу гээчийн нууц нийгэмлэг вэ гэдгийг хүн бүр мэдэхгүй. Аль нэг гэр бүл якузагийн гишүүнчлэлтэй эсэхийн хамгийн тод нотолгоо бол биеийнх нь 85%-95% дээр зурсан арилдаггүй шивээсэн зураг юм.
Чухамхүү энэ зураг л энэ ямар хүн бэ, ямар “гэр бүл”-д тэр харьяалагддаг, түүнчлэн тухайн якузагийн үүсэл гарлын товч түүхийг нарийвчлан тодорхойлж байдаг байна. Энэ нийгэмлэгт бас л өөрийн гэсэн үе дамжин захирах ёс байдаг ч дээр дурдсан триад, каммороос ялгаатай нь зөвхөн толгойлогч-захирагдагсадын хоорондын харилцаа төдийгүй нэг бүлэглэлийн гишүүдийн хоорондын ах дүүсэг харилцаа өргөн хэрэглэгддэг гэнэ.
Якузагийн нэг маягийн систем нь “гэр бүлийн” эцгийн эрхт ёсны харилцааг дагаж сахих “мафийн дүрэм журам” юм. Ингэхдээ, аль нэг якузагийн гэр бүлийн эгнээнд элсэн орж байгаа хүн болгон өөрийн төрсөн мах цусны эцэг эхээсээ бүрэн татгалзаж, толгойлогчийг (шеф) нь өөрийнхөө эцэг (оябуна), түүний гэр бүлийн бүх гишүүнийг өөрийнхөө ах нар гэж хүлээн зөвшөөрч, өөрөө бага дүү нь болдог байна.
Үхлээс айдаггүй, гутамшиг болохоосоо айдаг, эх орноо хайрлах гэх мэтийн самурай нарт байдаг шинж чанарууд гэмт хэргийн энэ бүлэглэлүүдэд ч байдаг байна. Өнөөдөр Японы цагдаагийнхны албан ёсны мэдээгээр 100 000 орчим хүн якузагийн гэр бүлүүдэд харьяалагддаг байна.
Я.Жанчив
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...