Мария Октябрьскаягийн хайр дурлал ба үзэн ядалт
- schedule 2014 оны 11 сарын 20
- chat_bubble 0
Энэ бол Крымд олон хүүхэдтэй тариачны гэр бүлд төрсөн, дайнд амь үрэгдсэн эр нөхрийнхөө өшөөг авахын тулд Аугаа их Эх орны дайны үед танк худалдаж аваад Томскоос фронт руу явсан Мария Октябрьская (Нөхөрт гараагүй байхад нь Гарагуля гэдэг байсан) хэмээх жинхэнэ орос эмэгтэйн түүх юм.
Мария зургаадугаар ангиа төгссөний дараагаар эхлээд консервийн заводад, дараа нь телефон станцад ажиллажээ. 1925 онд морин цэргийн сургуулийн сонсогч Илья Рядненкотой Симферопльд танилцсан байна. Хэдэн сарын дараа тэд гэрлэж, гэрлэлтээ бүртгүүлэхдээ Октябрьский гэдэг овгийг авцгаажээ. “ Энэ эмэгтэй нөхөртөө тун ч хайртай, өөрийнхөө жинхэнэ хагастай учирсан хүн байлаа. Цэргийн хүний эхнэр болохынхоо хувьд Крым, Молдавт байдаг цэргийн хотхонуудаар хэрэн хэсчээ. Цэргийн ангид ирэнгээ л сайн дурын уран сайхан, оёдлын дамжаа зохион байгуулдаг, гайхамшигтай гарын ур дүйтэй эмэгтэй байлаа.
Мария нөхөртөө бүрэн дүүрэн таарч тохирч байхыг эрмэлздэг байсан бөгөөд эмнэлгийн сувилагчийн дамжааг дүүргэж, авто машин жолоодоход суралцан, винтовоор сайн бууддаг байлаа. Ямар сайндаа л “Ворошиловын буудагч” тэмдгийг хүртэл авч байхав дээ. Бас тэгээд маш сэтгэл булаам эмэгтэй байж.
Дайны өмнөх зургууд дээр тэр үеийнхээ хамгийн сүүлийн үеийн гангарааг өмссөн үзэсгэлэнт бүсгүй биднийг ширтэнэ. Мария Васильевнагийн нөхөр нь дайны өмнө Кишиневт алба хааж байжээ. Яг тэнд байхад нь Октябрьскийн гэр бүлийнхнийг дайн нөмөрчээ. Илья Октябрьский дайны анхны өдрөөс Москва руу курст томилогдож, тэндээсээ шууд л фронт руу явжээ. Мария Васильевна эгчтэйгээ Сибирь рүү нүүлгэн шилжүүлэгдсэнээс хойш хосууд дахин уулзаагүй байна.
1941 оны зуны адгаар ирсэн гашуудлын мэдээнд: “ 206 дугаар буудлагын дивизийн хорооны комиссар Илья Федотович Октябрьский 1941 оны 8 дугаар сарын 9-нд Киевийн ойролцоо зоригтойгоор тулалдаж яваад амь үрэгдлээ” гэсэн байлаа.
Нөхрийнх нь үхэл сульдуулсан хэдий ч хүчирхэг эмэгтэйн сэтгэлийн хатыг дийлээгүй юм.
Мария Октябрьская Новосибирскт болсон эмэгтэйчүүдийн их хуралд Томскоос төлөөлөгчөөр очихдоо фронтод амь үрэгдэгсэдийн ээжүүд, эхнэрүүдтэй танилцлаа. Эрэгтэйчүүдийн нугалдаг хүнд ажлуудад хэрхэн суралцаж байгаагаа, уй гашуугаа яаж тайтгаруулдаг талаараа тэд ярьжээ. Чухам яг тэр их хурал дээр л Мария Васильевна өөрийнх нь байх ёстой газар бол эх орноо хамгаалагчдын эгнээнд орох явдал гэсэн шийдвэрийг гаргажээ.
Эхлээд Мария фронт руу явуулж өгөөч гэсэн хүсэлтээ цэргийн хэлтэстээ гаргажээ.
Давж гарсан өвчин (бүсгүй хүзүүний нугаламын сүрьеэгээр өвчилж байжээ) хийгээд, насных нь байдлаас болоод (бүсгүй тэр үедээ бараг 40 шахаж байжээ) түүний хүсэлтэд хэд хэдэн удаа татгалзсан хариу өгчээ.
Тэгээд байхаар нь өөр замаар явахаар шийдсэн байна. Тэр үед ЗХУ-д батлан хамгаалахад зориулсан ардын сайн дурын санг бүрдүүлэх ажил явагдаж байв.
Хамаг эд хөрөнгө, үнэт зүйлсээ зарахын хажуугаар хэдэн сар хүчээ шавхан ажиллаж байж Т-34 танк үйлдвэрлэхэд зориулан 50 мянган рублийг уг санд хандивлажээ. (Зэрэгцүүлэн жишихэд зориулан тэмдэглэхэд тэр үед заводын ажилчны сарын цалин 200 орчим рубль байжээ) Ингэснийхээ дараагаар Кремль рүү дараах цахилгааныг илгээсэн байна.
"Москва, Кремль, Улсыг батлан хамгаалах хорооны дээд ерөнхий командлагч Эрхэм хүндэт Иосиф Виссарионович аа!
Миний нөхөр, хорооны комиссар Октябрьский Илья Федотович Эх орныхоо төлөөх тулалдаанд амь үрэгдсэн юм. Амиа алдсан түүнийхээ болон фашист нохдын яргалалд өртсөн зөвлөлтийн бүх хүмүүсийн өшөөг авахын тулд нэгийн зэрэг танк үйлдвэрлэхэд зориулж улсын банкинд хувийн хадгаламжийнхаа бүх мөнгө болох 50 000 рублийг хийлээ. Энэхүү танкийг “Дайчин эмэгтэй найз” гэж нэрлэн, жолоочоор нь намайг томилон фронтод явуулж өгнө үү. Би жолоочийн мэргэжилтэй, пулемётыг гарамгай эзэмшсэн, Ворошиловын буудагч хүн юм. Танд халуун мэнд хүргэж, урт удаан насалж манай Эх орны алдрыг мандуулан, дайсныг чичрүүлж байхыг хүсье.
ОКТЯБРЬСКАЯ Мария Васильевна.
Томск хот, Белинскийн гудамжны 31 дүгээр байр" гэж тэр цахилгаанд дурсан байлаа.
Удсан ч үгүй “Хуягт танкийн цэргийн хүчинд санаа тавьсан Мария Васильевна Танд талархал илэрхийлье. Улаан арми таны хүсэлтийг гүйцэлдүүлэх болно. Миний мэндийг хүлээн авна уу. И. Сталин» гэсэн хариу ирлээ.
Мария Октябрьскаяг Омскийн танкийн сургуульд илгээх нь тэр. Тэрээр бүх шалгалтаа “онц” өгч механик-жолоочийн үнэмлэх гардлаа. Уралын танкын заводын ажилчдаас түүнд өгсөн тос нь ханхалсан шинэхэн танкны хуяган дээр “Дайчин эмэгтэй найз” гэсэн бичээс ярайж байлаа.
Баруун фронтын Ельнинскийн торгон цэргийн 26 дугаар танкын бригадад багтсан энэ танкын баг нь дарга-бага дэслэгч Петр Чеботько, цамхагийн буудагч,
түрүүч Геннадий Ясько, буудагч, холбоочин Михаил Галкин, жолооч, механикч түрүүч Мария Октябрьская нараас бүрдэж байлаа.
1943 оны арванэгдүгээр сарын 18-нд Витебск мужийн Лиозненскийн районы Новое Село тосгонд болсон тулалдаанд “Дайчин эмэгтэй найз” танк дайсны хамгаалалт руу хамгийн түрүүнд цөмрөн орж танк эсэргүүцэгч буу болон немцийн 30 орчим цэрэг, офицеруудыг устгажээ. Энэ тулаанд танк нь цохигдлоо. Танкыг нь нүүлгэн шилжүүлэх хүртэл М. В. Октябрьская бүслэгдсэн танкиндаа хоёр хоногийг дайсны галын шугаманд өнгөрүүлжээ.
1944 оны нэгдүгээр сарын дундуур Витебск мужийн Крынка хамтралын газар нутагт дайтах үеэр Мария Васильевна өөрийнхөө танкаар дайсны хамгаалалтыг цөмлөн орсон боловч танк нь цохилтод өртжээ. Шарх аваад байсан механикч Октябрская дайсны шуурган галын дор гэмтлийг нь арилгах гэсэн боловч зэргэлдээх газар дэлбэрсэн миний хэлтэрхий толгойг нь хүнд шархдуулсан аж.
Мария Васильевнаг Смоленскт онгоцоор хүргэж мэс засалчид шарханд нь үзлэг хийхэд миний хэлтэрхий нүдийг нь цөм цохиж, их тархины тэн хагасыг шүргэсэн учир ямар ч арга хэмжээ авч болохгүй байжээ. Эдгэрэх найдвар бага байсан ч мэс ажилбарын дараа Мария Васильевнаг палат руу шилжүүлэв. Нэг хорооныхон нь энэ жижигхэн атлаа хүчирхэг эмэгтэйг ээж хэмээн эелдгээр нэрлэж цэргийн эмнэлэгт байхад нь захидал бичицгээсээр байлаа.
Сайн байна уу, бид бүхний ээж Мария Васильевна минь ээ ! Тандаа хамгийн хурдан эдгэрэхийг хүсэн ерөөе. Таны “Дайчин найз эмэгтэй”-г чинь Берлин хүрнэ гэдэгт гүн итгэдэг шүү. Таныг шархдуулсан дайснуудаас өшөөг чинь хайр найргүй авах болно. Цагийн дараа тулалдаанд орох гэж байна. Бүгдээрээ таныгаа тэвэрье. Танд манай “Дайчин найз эмэгтэй” чинь мэнд хүргэж байна” хэмээн хороо нэгтнүүд нь нэгэн захидалдаа бичжээ. 1944 оны хоёрдугаар сарын 16-нд Октябрьскаяг эргэхээр багийн гишүүд нь цөмөөрөө ирэхэд бригадынх нь улс төрийн хэлтсийн дарга торгон цэргийн хурандаа Николай Гетман тэдэнтэй хамт ирж Эх орны дайны нэгдүгээр зэргийн одонг гардуулжээ.
Нэг сарын дараа буюу 1944 оны 3 дугаар сарын 15-ны үүрээр Мария Васильевна хорвоогоос хальжээ. Түүнийг Смоленскийн кремль дэх Кутузовын оршуулгын газарт 1812 оны Эх орны дайны баатруудтай зэргэцүүлэн оршуулсан байна. ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн 1944 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн зарлигаар торгон цэргийн түрүүч Мария Васильевна Октябрьская-г Зөвлөлт Холбоот Улсын Баатар цолоор нэхэн шагнасан юм. Энэ эмэгтэйн нэр цэргийн ангийнханы нэрсийн жагсаалтад үүрд бичигдэн үлджээ.
Харин “Дайчин эмэгтэй найз” танк нь алдрын замаа үргэлжлүүлсэн юм. Гэвч энэ нь бэрхшээл туулан байж Мария Васильевнагийн худалдаж авсан анхны танк биш бөгөөд тэр машин эвдэрч гэмтсэн билээ. Ийнхүү танкууд жагсаалаас гарч, харин багийн гишүүд нь амьд үлддэг нь Мария Васильевна хүүхдүүдээ тэнгэрээс харж хамгаалж байна уу даа гэлтэй. Тэд Мария Октябрскаягийнхаа дурсгалд зориулан шинэ машиндаа “Дайчин эмэгтэй найз” нэр өгсөөр байлаа. “Дайчин эмэгтэй найз” танкын 4 дэх нь Кенигсбергт ялалтыг үзжээ.
Өнөөдөр Томскийн 24 дүгээр сургууль Мария Васильевна Октябрьскаягийн нэрэмжит болжээ. Үүдэнд нь уран барималч Сергей Данилины бүтээсэн хөшөө сүндэрлэж, сургуулийн музейд танкчин-баатар эмэгтэйн тухай цөөн тооны үзмэр, материалууд хадгалагддаг ба Жанкад М. Октябрьскаягийн нэрэмжит гудамж бий болж, төмөр замын Крынки өртөөн дээр хөшөөг нь босгожээ.
Я.Жанчив
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...