Бэлэг бүхэн баяр баясал авчирдаггүй
- schedule 2014 оны 11 сарын 20
- chat_bubble 0
Хүн бүр бэлэг авах, тэр тусмаа чин сэтгэлээсээ өгсөнд нь бүр ч дуртай. Ингэхэд та бэлэг нэн эрт үед, бүүр хүн төрөлхтнийг бичиг үсэгтэй болохоос ч өмнө гарч ирсэн гэдгийг мэдэх үү? Бэлэг бол баяр баясгалан, сэтгэл ханамж төрүүлэхийн тулд нэг нь нөгөөдөө өөрийнхөө хүсэл сэтгэлээр хариу нэхэлгүй өгч байдаг эд зүйлс юм. Нөгөө талаар, хэн нэгэнд зориулж авсан аятайхан бэлэг нь ч, түүнийгээ тэр хүндээ өргөн барих нь ч уг бэлгийг гардуулагчид нэгэн адил баяр цэнгэл авч ирдэг байна.
Хуучин цагт ямар бэлгүүдийг барьдаг байсныг сонирхоцгооё.
Эрний Орост бэлгийг “гостинец” /идээ - гэж орчуулж болох юм. Орч/ гэдэг үгээр нэрлэж байсан ба энэ үгийг өнөөдөр ч тосгонд сонсож болно. Жишээ нь, тосгоны эмээ нар хайртай ач нартаа зориулж амтат идээнийхээ дээжсээс зөндөөнийг цүнхлэн хот орж ирдгийг саная л даа. Иймээс “гостинец” нь бэлэглэх зүйлдээ сэтгэлээ шингээсний бэлэгдэл ч баймаар. Дэлхий нийтийн домгуудад болон орос ардын үлгэрүүдэд бэлгийн зүйлсийн эерэг бэлэгдлүүд олноороо тааралддаг. Сайхан сэтгэлийн өргөл болгож барьсан бэлгийн зүйлүүд л цөм ид шидийнхээ хүчийг олж авч байгаа нь тэнд харагддаг. Гэвч бэлэг бүхэн л баяр баясал авч ирдэг нь юу л бол. Трояны Морийг санахад л та шууд ойлгочихно. /Энэ тухай тайлбар: Эртний грекийн Троян нэртэй жижиг цайзыг эзлэх тулалдаанаар ахей омгийнхон агуу том модон морь сийлж, түүн дээрээ эсрэг талдаа бэлэглэж байгаа тухай үг бичиж үлдээгээд өөрсдпөө зайлан одсон гэдэг. Дайснууд нь итгээд уг морийг хотынхоо төв рүү зөөн байрлуулж залсан байна. Тэр шөнө нь нь морин дотор нуусан цэргүүд дайран гарснаар уг цайз эзлэгдсэн түүхтэй. Орч/
Зарим бэлгүүдэд бэлэгдэл агуулагдаж байдаг, жишээ нь эртхэн үеийн эмэгтэйчүүд салж сарнихын дохио гээд шар цэцэг авахдаа дургүй байдаг байсан бол, одоо цагт байдал бага зэрэг өөрчлөгдөж нөхөрт гарсан хатагтай нар шар цэцгийг дуртайяа авдаг болсон гэнэ. Бас хаад, ноёддоо ард олноос нь өргөн барьдаг өргөлүүд 2 ангилалд хуваагддаг байв. Эхнийх нь чи надад, би чамд гэсэн солилцооны зарчимтай байжээ. Чухамдаа энэ журмыг өнөөдөр бид ч баримталж байгаа юм биш үү. Жишээ нь Орост л гэхэд хоёрдугаар сарын 23-нд тохиодог Арми флотын өдрөөр эмэгтэйчүүд эрчүүддээ бэлэг өгчихөөд, хариуг нь гуравдугаар сарын 8-ны өдөр хараад сууж байх жишээтэй. Хоёр дахь ангилалд албаар өгдөг бэлэг хамаарна. Сайн бодох юм бол өнөөдрийг хүртэл оршсоор байгаа албаар өгдөг бэлгүүдийн хэд хэдэн жишээг та санана даа.
Эртний Вавилон, Шумерт зөвхөн алт, мөнгийг л бэлэглэдэг ёстой байж. Жишээ нь, тааруухан шавийнх нь багшийг эцэг нь урьж дайлан, хүндэтгэлээ илэрхийлэхдээ алтан бөгж өргөн барьдаг тухай эртний шумерийн үлгэрт гардаг. Ийм бэлгийг харамгүй өгсөн бэлэг гэхээсээ илүү, багшийг хүүхдэд нь анхаарал тавихаас өөр аргагүйд хүргэж байгаа албадлагын шинжтэй бэлэг гэвэл зохилтой. Эртний Грект алтан гоёл, гар бичмэл, дарс, боол зэрэг бэлгийг дээдэлдэг байсан гэнэ. Римд ч Шинэ жилээр бие биендээ баяр хүргэж, бэлэг солилцдог байж. Дундад зууны үед арабын орнуудад эр хүн бүрт байвал зохих морьд, нэхмэлийн зүйлс, ариун үнэртнүүд, зэр зэвсэг зэрэг түгээмэл бэлгүүд байжээ.
Европт дундад зууны үед алтыг ч мөн адил өндрөөр үнэлж, хаад ноёд нь онцгой гавьяа байгуулсан харьяатдаа газрыг ч бэлэгт болгодог байсан аж. Дорнын мэргэд /волхвы/ алт, анхилам үнэрт давирхай /ладан/, бальзам /смирна/ зэрэг үнэт зүйл, үнэртэн танартанг ганзагалан ирж нялх Исуст бэлэг болгосон тухай домог Библийн сударт байдагчлан Христийн сүм хийд ч бэлгийн зүйлсийг сайшаадаг байна. Шинэ үед шинэ бэлгүүд гарч ирснийг бид мэднэ. XX зууны эхэнд эмэгтэйчүүдэд сайн үнэртэй ус хамгийн сайхан бэлэг болдог байв. Одоо цагт хэнд өргөн барихаасаа шалтгаалаад бүхий л зүйлийг бэлэглэдэг болж дээ.
Я.Жанчив
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...