Сэтгэл хирдхийлгэм газрууд
- schedule 2014 оны 10 сарын 20
- chat_bubble 2
Дэлхийд харсан битгий хэл сонссон хүний сэтгэл баясаж нүд алдам үзэсгэлэнтэй сайхан газар олон байдаг. Гадна дотны жуулчид гийчдийг соронз мэт татаж байдаг.
Тэгвэл дэлхийд үс босч, цус царцааж, зүрх зогсоомоор аймшгийн газрууд олон байдаг бололтой.
Ийм газруудаас товч танилцуулья.
Японы амиа хорлогчдын ой
Аокигахара Жюкай – хэмээдэг энэ ойд 1950 оноос хойш 500 гаруй хүн өөрийн амь насаа егүүтгэжээ.
Засаг захиргаанаас цөхөрсөн хүмүүсийн энэ ой руу орох замыг утас татан хааж нэгэн пайз өлгөсөн байна.
Үүн дээр “Тань амьдрал бол эцэг эхийн чинь өгсөн үнэлж баршгүй бэлэг юм”. “Та зогс, амиа егүүтгэхээс өмнө дахин бодож цагдаа ру ярина уу” гэсэн утга бүхий бичиг бичсэн байдаг байна.
Прага дахь Еврейчүүдийн хуучин оршуулга
Хотын дундах энэ хуучин оршуулгын газраас хүмүүс айдаг. Зай завсаргүй шахам шарилын чулуу сарзайна.
Хачирхалтай нь 1478 оноос эхтэй энэ оршуулгын газар нь 12 давхар байдаг гэнэ. Он цагийн эрхэнд жижигхэн газарт дээр дээрээс нь оршуулсаар байгаад ийм олон давхаргыг үүсгэжээ.
Украйны орхигдсон /сүнстэй/ Припять хот
Сүнсний хот нэртэй орхигдсон эзэнгүй хот дэлхий даяар бий. Харин Припять хот бол их онцлог гэдгийг санаж байгаа биз ээ. 1986 оны 04 сарын 26-нд дэлбэрсэн Чернобилийн атомын цахилгаан станцын цацрагт идэвхит бодисоос болж 50 мянган хүнтэй энэ хотыг тэр чигт нь яаралтай нүүлгэн шилжүүлсэн.
Ууж байсан хоол цай, хийж байсан ажлаа шууд орхиод л өмсөж байсан хувцастайгаа шахуу гарсан гэдэг./Тэнд үлдээн орхисон бүх зүйлсээ 50,000 хүн санан бодон байдгаас сүнстэй хот бий болсон/
Мексикийн хүүхэлдэйн арал
Энэ арал бол Дон Жулиан Сантанагийн эзэмшил. Тэр нэг өдөр арлынхаа уснаас живж нас барсан охины цогцос олжээ. Удалгүй бас нэг хуучин хүүхэлдэй олсон байна.
Тэр уг хүүхэлдэйг модонд өлгөхөөр шийдсэн байна. Ингээд мань эр болон арлынхан 50 жилийн турш усанд хөвөж ирсэн хүүхэлдэйнүүдийг модонд өлгөсөөр байжээ. Ингэснээр “үхсэн хүүхэлдэйн” аймшгийн ой бий болсон аж.
Одоо энэ амшгийн газар нь жуулчдыг очих дуртай газрын нэг болсон байна.
Японы Хашима арал
Японы энэ жижигхэн арал дээр нүүрсний уурхай нээгдэж ажил оволцож, хүн олон бужигнасан газар байжээ. Гэтэл 1974 онд нөөц нь дуусч уурхай хаагдсанаар хэдэн мянган оршин суугчид нүүн шилжицгээжээ. Тэдний үлдээсэн хоосон орон сууц, барилга байгууламжинд сүнс, хий үзэгдлүүд “суурьших” болжээ.
Португалийн ясан дуган
Португалийн ясан сүм ойролцоогоор 5,000 лам нарын яснаас бүрдсэн гэнэ.. Бүрдсэн гэдэг нь уг сүмийг хүмүүсийн ясаар босгосон гэсэн үг. Энэ ариун дуганы хана туургийг нь битүү хүний ясаар дүүргэсэн байна.
Та энд хоёр бүтэн араг ясыг дээш хананд өлгөгдсөн байхыг харна. Мөн нэг нялх хүүхдийн бүтэн араг ясыг ил өлгөснийг харна.
Харанхуй бүдүүлэг шашны ноёрхлын үед 16-р зуунд баригдсан уг сүм нь 3 дам нуруу бүхий 18.7 м урт, 11 м өргөн ажээ.
Английн Кембрижийн цэргийн амнэлэг
Энэ госпитал 1878-1996 онуудад ажиллаж байжээ. Эмнэлгийн зардлыг дийлэхгүй байсны улмаас хаасан байна. Харин зарим тоног төхөөрөмж, тавилга зэргийн хамт орхигдсон газар нь аймшгийн байшин болон үлджээ. Энд олон аймшгийн киноны зураг авсан гэдэг.
Болгарын коммунизмийн /хуучин нийгмийн/ хаягдсан байгууламж Бузлужа
Балканы нэгэн уулын оргил дээр нисдэг таваг хэлбэрийн нэгэн орхигдсон байгууламж бий. Түүнийг 1441 м өндөр Бузлужа гэдэг Балканы хойгийн төв хэсгийн нэгэн оргил дээр байгуулжээ. Энд1868 онд Болгарын босогчид болон Оттманы эзэнт улсын хооронд эцсийн тулаан болсон байна.
Түүний ялалтыг тэмдэглэн 1891 оноос эхлэн агуу цогцолбор барих ажил эхэлсэн аж. Цогцолбор 1981 онд нээгдсэн хэдий ч ашиглалтгүй байсаар эзэнгүйджээ. Эзэнгүй газрыг сүнс, сүүдэр эзэлдгийн адилаар айдас хүргэсэн байгууламж болон хоцорчээ..
Хөрөнгө мөнгөний гачигдлаас болж ашиглалтад бүрэн ашиглаж чадаагүй байна.
Италийн Парма дахь орхигдсон сэтгэл мэдрэлийн эмнэлэг
Энэ хаягдсан эмнэлэгт байнга хий үзэгдэл сүнснүүд харагддаг гэнэ. Тэр тусмаа хэвийн бус сүнснүүд тэнүүчилж байдаг ажээ.
Чехийн Седлиц дэх Оссуари
Энэ бол хүний ясаар бүтсэн сүм гэнэ. Уг бунханы хана туурга гоёл чимэглэлийг ариун сүмд булшлагдахыг хүссэн 40-70 мянган хүний ясаар бүтээжээ. Сүмийг /оршуулгын сүм бунхан/ анх 1278 оноос үүсэлтэй бөгөөд 14-15 зууны үеийн "хар үхэл" хэмээх тахлын, дайны үеэр маш ихээр өргөжин тэлж, олон мянган хүнийг энд булшилжээ. Зарим цаг хугацаанд буулган шинээр барьж байжээ.
Германы Белиц-Хайльштеттен орхигдсон цэргийн эмнэлэг
Германы орихгдсон энэ цэргийн эмнэлэг нь асар том цоцолбор байжээ. Дэлхийн 1-р дайны үед нээгдсэн уг эмнэлэг нь 60 барилгаас бүрддэг гэнэ. Тэдний зарим хэсэг нь одоо ч ажиллаж байгаа юм байна. Энэ эмнэлгийн өвчтөн нь Адольф Гитлер ч байсан байна.
Чехийн Гэгээн Жоржийн сүм
Чехэд Гэгэн Жоржийн гэх сүмд сүсэгтнүүд “сүг сүүдрүүдтэй хамт” залбирцгаадаг байсан аж. Уг сүм 1968 онд оршуулгын ёслолын үеэр дээвэр нурсны улмаас хаагдсан. Үнэндээ зураач Якоб Хадрава бүтээсэн сүнслэг барималууд /толгой дээгүүрээ даавуу нөмөрсөн сүсэгтнүүд/ нь зочид гийчдийг айлгахаас гадна ашиг орлого авчирдаг аж.
Парсын Катакомб
Эн Каткомб гэх оршуулгын булш бунхан газар доор байрлах бөгөөд хонгил, агуй гүн ойролцоогоор 345 м. Та энд ойролцоогоор 6 сая хүний үлдэгдлийг харах болно.
Баруун Виржинигийн цаазын байгууламж
АНУ-ын Баруун Виржини мужид байх готик загварын нэгэн хаалттай шоронг 1995 онд хаасан байна. Энд хоригдлууд сүүлчийн өдрөө хүлээн байдаг байжээ /”Ногоон бүс” кинонд гардаг шиг/. Харин одоо та тэнд шөнийн аялал хийж болох боломжтой болжээ. Та тэнд зөвхөн сүнс сүүдэр төдийгүй 100 гаруй эд зүйлс, төхөөрөмжүүдийг харах болно.
Того улс дахь дэх дэлхийн хамгийн том “чөтгөр шулмын” зах
Та энэ зах дээр бөө мөргөл, хар дом, хараал жатганд хэрэгтэй бүхий л зүйлийг олж болно. Могойн хэл, чонын соёо, сарьсан багвайхайн далавч, хилэнцийн хатгуур ... гээд юу хэрэгтэй тэнд байна гэнэ.
Бразилийн могойн арал
Энэ арал дээр нэг м.кв талбайд нэг могой ногддог гэнэ. Бас дэлхийн хамгийн хортой могойнууд энд амьдардаг. Уг арлын сүүлийн оршин суугчид могойнуудад хатгуулан амь үрэгдсэн бөгөөд одоо хэн ч оршин амьдардаггүй.
Литовийн загалмай уул
Литовийн нэгэн жижигхэн толгой дээр 100,000 гаруй загалмай /булш/байдаг ажээ. Энэ газрыг амар амгалан, хайрын, ариун гэдэг боловч үй олон шарилын загалмайнууд хэнд ч аймшигтай харагддаг газар.
Филиппины Кабаян мумийн агуй
Филиппины Кабаян хотын орчимд байх агуйд эртний муми булшууд байдаг. Эдгээр булшууд нь МЭӨ 2000-1500 онуудад хамаарах гэнэ. Агуйд хүрэхийн тулд хамгийн ойр газраас 10 цаг явж хүрдэг байна. Тэнд хуучны модон авсан дотор занданшуулан хатаасан хүүрнүүд /муми/ байдаг гэнэ. Одоогоор 50-80 муми байгаа боловч тонуулчид сүүтгэгчдэд өртсөн байдалтай байгаа бөгөөд дэлхийн хамгийн үнэ цэнэтэй 100 ховор түүхийн эд өлгийн зүйлсийн жагсаалтад орж хамгаалалтад авагдсан байна.
Шотландын Овертоун гүүр
Хэрвээ та энэ газар очихыг хүсвэл нохойгүй очсон нь дээр. Учир нь 20 зууны дунд үед энэ гүүрэн дээр хачин үйл ядлууд болох болжээ. 1960 оноос хойш олон зуун ноход гэнэтхэн яаран гүүрэн дээр гарч доош хад чулуун дээр унан үхэх болсон байна.
Италийн Палермо хотын Капучин катабомб бунхан
Энэ катабомбод /оршуулгын булш бунхан/ 8,000 гаруй хүний муми байдаг гэнэ. Тэдгээрийн нэг нь дэлхийд алдартай Розалиа Ломбардо хэмээх нэртэй 2 настай охины муми ажээ. Энэ охины шарил маш сайн хадгалагдсан байдаг байна. Энэ оршуулгын булш бунханыг дундад зууны харанхуй бүдүүлэг 16-р зуунд ухан байршуулж эхэлжээ. Дотроо эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, лам, гэгээнтэн гэх мэтээр ялгаатай байрлуулдаг байсан байна. Хамгийн сүүлийнхийг 1920 онд байрлуулснаас хойш хоригложээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...