Талийгаачийг ч амилуулах "шидтэй" завшигчид
- schedule 2014 оны 8 сарын 26
- chat_bubble 0
Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, банкныхантай хуйвалдан төрөөс иргэдэд олгодог халамжийн хөрөнгөөс завшиж байсныг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд илрүүлэн шалгаад Дүүргийн II прокурорын газарт шилжүүлжээ. Өнгөрсөн өвлөөс эхлэн шалгасан энэ хэрэгт олон хүн холбогдсоноос зургааг нь яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн, өдгөө Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шилжүүлээд байгаа юм.
МОНГОЛЫН ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮМҮҮСТ “ХҮНИЙ ХӨГЖИЛ” САНГААС ТЭТГЭМЖ ОЛГОЖ БАЙЖЭЭ
Монгол Улс газрын хэвлийн үүцийнхээ зарим хэсгийг дэлгэж, гадаадын томоохон хөрөнг ө оруулагчидтай хамтран дэлхийн зах зээлд гаргахаар болсон. Оюутолгой, Тавантолгойг ашиглах сонирхолтой хөрөнгө оруулагчдаас их хэмжээний мөнгө урьдчилгаа болгон авч, “Хүний хөгжил” сан байгуулан, түүгээр дамжуулан сар бүр 21 мянган төгрөг иргэддээ хуваарилсан нь саяхан. Газрын хэвлийн баялаг ард түмний өмч байхаар Үндсэн хуульд тусгасны дагуу төрөөс ард түмэндээ ийнхүү хишиг хувь бага ч болов хүртээх эхлэл тавьсан. Уг мөнгө монголчуудын нэг хэсгийнх нь амьжиргааны эх үүсвэр ч болж байв. Гэвч зарим албан тушаалтан энэ хөрөнгийг хувьдаа завшиж, нүгэл хурааж байсан аж. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд. Хууль хяналтын байгууллагынхан энэ хэргийг шалгаж, холбогдох албаны хүмүүсээр дүгнэлт гаргуулжээ.
Дүгнэлтэд “Тус хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд Нийгмийн халамжийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүнд тавих хяналтыг сулруулсан төдийгүй хууль зөрчин Нийгмийн халамжийн сангаас их хэмжээний хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэж дурдсан байх юм. Ингэхдээ Монгол Улсын харьяатаас гарч Казахстаны иргэн болсон хүмүүст их хэмжээний мөнгө олгож байсан нь илэрчээ. Тухайлбал, Монгол Улсын харьяатаас 2010 оноос өмнө гарсан 200 гаруй хүнийг иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан мэтээр хуурамч баримт үйлдэж, 120 гаруй сая төгрөг олгосон аж. Мөн 2010 онд манай улсын харьяатаас гарч, эх орноо сольсон 115 хүнийг шинэчилсэн бүртгэлд хамруулалгүй 53 сая төгрөг, 96 хүнийг шинэчилсэн бүртгэлд “бүртгүүлж”, 40 гаруй сая төгрөг олгосон байжээ. Монголын харьяатаас 2010 онд гарчихаад, 2012 оноос хойш харьяаллаа эргэн сэргээлгэсэн 297 хүнд “Хүний хөгжил” сангаас мөнгө олгох ёсгүй атал 36 сая гаруй төгрөг өгсөн мэтээр баримт бүрдүүлж, мөнгийг нь завшсан байж болзошгүй үйлдэл ч шалгалтаар тогтоогдсон юм байна. Хэрэгт холбогдсон хүмүүс дээрх байдлаар нийт 320 гаруй сая төгрөг “Хүний хөгжил” сангаас авч шамшигдуулсан нь илэрсэн гэнэ.
КАЗАХУУДЫН ЁС УЛАМЖЛАЛ, ХӨРӨНГӨ ЗАВШИХАД ХҮРГЭВ ҮҮ
Казах түмний уламжлалд залуу гэр бүл ууган хүүхдээ өндөр настай эцэг, эхдээ үрчл үүлдэг ёс бий гэх. Ийм ёс байдгийг монголчууд тэр бүр мэддэггүй. Харин Баян-Өлгий аймагт энэ ёсыг гуйвуулан Монгол Улсын хууль тогтоомж зөрчих, цаашлаад хөрөнгө мөнгө завших арга, заль болж буйг хууль хяналтын байгууллагынхан тогтоожээ. Тус аймагт шалгалт хийсэн Ажлын хэсгийнхэн “Бага насны хүүхэдтэй залуу гэр бүлийнхэн хүүхдээ өөрсдийн эцэг эх, өвөө, эмээдээ, группэд байдаг ах, эгчдээ үрчлүүлдэг нь тэднийг нас барсны дараа үрчлүүлсэн тухайн хүүхдэд тэтгэвэр, тэтгэмж тогтоолгож, улмаар бүтэн болон хагас өнчин хүүхдийн тоог улсын хэмжээнд зохиомлоор өсгөж байна” хэмээжээ. Магадг үй ингэж хагас болон бүтэн өнчин хүүхдийн тоог өсгөж бүртгүүлсэн нь улсын төсвийн, татвар төлөгчдийн мөнгийг завших бас нэг “нүх” байдаг бололтой. Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудын холбогдсон хэргийн оролцогчид энэ байдлаар хуурамч баримт бүрдүүлж, хөрөнгө завшсан байж болзошгүй баримтуудыг хууль хяналтын байгууллагынхан олж авчээ. Тухайлбал, Нийгмийн халамжийн тухай хуулийн Бүтэн өнчин 18-24 насны иргэнд тусламж үзүүлэх тухай заалтыг зөрчиж, 19-20 нас хүрснийхээ дараа бүтэн өнчин болсон гурван хүнд 2.9 сая төгрөг олгосон байна. Харин дээрх хүмүүсийг үрчилж авсан эмээ өвөө нь нас барсныг хууль хяналтын байгууллагынхан тогтоожээ. Мөн Нийгмийн халамжийн тухай хуульд “18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэнд болон гэнэтийн аюул ослын улмаас гэр оронгүй болсон өрхөд гэр авахад нь дэмжлэг үзүүлж нэг удаа онцгой тохиолдлын тэтгэмж олгоно” гэснийг зөрчиж иргэн К, М нарт тодорхой хэмжээний мөнгө өгсөн баримт байгаа аж. Гэтэл аймгийн Онцгой байдлын хэлтсээс галын улмаас гэр нь ашиглах боломжгүй болсон гэсэн дүгнэлт гарааг үй байхад, мөн айлын малын хашаа, шатсан байхад ийм тусламж хууль зөрчин олгосон мэтээр баримт бүрдүүлсэн байх юм.
ХҮНИЙГ ҮХҮҮЛЖ, БАС АМИЛУУЛНА
Нийгмийн халамжийн хөрөнгөөс завшсан хүмүүсийн хэрэгт тус аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний газрын ажилтнуудаар тогтохг үй Улсын бүртгэлийн хэлтсийнхэн болон арилжааны банкны ажилтнууд ч холбогджээ. Нас барсан болон харьяалалгүй хүмүүст мөнг ө олгосон гэж тэднийг буруутгаж буй юм билээ. Хэргийн холбогдогчид хүнийг амьдад нь өмнө бүрлээч болсон хэмээн бүртгэж тэтгэмж олгосон, нас барсан иргэнийг бүртгэлээс хасалгүй мөнгө завшиж байсан аж. Энэ тухай шинжээчид “Иргэнийг нас барахаас нь өмнө бүртгэсэн, зарим хүн талийгаач болсон байтал бүртгэсэн огноо тодорхойгүй, нас барсан иргэнийг тухай бүр бүртгэдэггүй зэргээс үзэхэд тус аймгийн Иргэний бүртгэлийн байгууллагын ажил хангалтгүй, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоогүй, холбогдох мэдээллээ солилцдоггүйгээс хөрөнгө завших боломж бүрдүүлж, зориулалт бусаар зарцуулахад нөлөөлж байна” гэжээ. Хууль хяналтын байгууллагынхан Монгол Улсын харьяатаас гарсан тус аймгийн 50 гаруй мянган иргэнээс, харьяаллаа сэргээлгэсэн 1939, тус аймгийн харьяат нас барсан 5000 гаруй хүний материалыг шалгахад 2010 оноос өмнө нас барсан найм, 2010 онд нас барсан 25, 2011 онд нас барсан 94 хүнд амьд байгаа мэтээр баримт бүрдүүлж, “Хүний хөгжил” сан болон Нийгмийн халамжийн сангаас 20-иод сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгож байсан аж.
Мөн хүнд өвчтэй, нас бараагүй хүнийг “бурхан болсон” мэтээр баримт бүрдүүлж 91 хүнд мөнгөн тусламж олгосон байсан гэнэ. Энэ мэт ноцтой олон баримт буй бөгөөд Улаанбаатарт ирж нарийн шинжилгээ хийлгээгүй хүнд мөнгөн тусламж үзүүлсэн мэтээр баримт бүрдүүлсэн өчнөөн олон тохиолдол байгаа аж. Түүнчлэн, АТГ-т Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн удирдлагууд шалгуулж байхдаа өмг өөл өгчийнхөө хөлсийг улсын сангаас олгожээ. Тодруулбал, Нийгмийн халамжийн тухай хуульд “Тэтгэвэр, тэтгэмжийн сангийн хөрөнгийг зөвх өн нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжид зарцуулна” гэх заалтыг зөрчиж 2013 оны дөрөвдүгээр сар болон долдугаар сард өмгөөлөгчийн хөлсөнд багагүй хэмжээний мөнгө хууль бусаар олгосон нь тогтоогдсон гэнэ. Энэ хэрэгт 20 гаруй хүн шалгуулж байсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд банкны ажилтнууд, Бүртгэлийн хэлтсийнхний үйлдлийг хэрэгсэхгүй болгож, зөвхөн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн 6-7 хүн ял сонсоод буй аж. Тэдний гэм буруутай, эсэхийг шүүх тогтоох нь гарцаагүй. Харин түүнээс өмнө дээрх хүмүүс улсад учруулсан хохирлоо нөхөн төлөхийн оронд гэмээ цайруулах гэж хамт шалгуулж байгаад хэрэгсэхгүй болсон хүмүүстэйгээ барьцах, мөрдөн байцаагчаа гүтгэж, шалгуулах ажил хийж буй сурагтай.
Г.РАВЖАА
Эх сурвалж: WWW.MONGOLNEWS.MN
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...