АВСТРАЛИ УЛС ЭЛЕКТРОН ТАМХИЙГ ХОРИГЛОНО
- schedule 2023 оны 11 сарын 29
- chat_bubble 0
Австрали улс насанд хүрээгүй хүүхдүүдийн дунд никотинд донтох үзэгдлийг бууруулахын тулд ирэх жилийн нэгдүгээр сараас нэг удаагийн электрон тамхины импортыг хориглохоор болсон байна. Ирэх оноос хэрэгжих шинэ хуулийн хүрээнд нэг удаагийн электрон тамхины импортыг зогсоохоос гадна үйлдвэрлэх, сурталчлах, ханган нийлүүлэхийг хориглох ажээ.
Электрон тамхийг янжуур тамхины хор хөнөөлийг бууруулах зорилготой зах зээлд нийлүүлж эхэлсэн ч никотиноос хамааралтай шинэ үеийг үүсгэж байна гэж Австралийн Эрүүл мэндийн сайд Марк Батлер сэрэмжлүүлжээ. Электрон тамхи буюу vape нь никотин, хиймэл өнгө амт оруулагч болон бусад химийн бодисууд найрлагандаа багтаасан шингэнээс бүтдэг байна.
Нэг удаагийн электрон тамхинд донтох үзэгдлийг бууруулахын тулд Австрали улсад эмчийн зөвшөөрөлтэйгээр худалдан борлуулах, импортлох хууль 2021 оноос хэрэгжсэн хэдий ч үр дүн муутай байгаа юм. Сидней их сургуулийн хийсэн судалгаагаар 14-17 настай хүүхдүүдийн 25-аас илүү хувь нь нэг удаагийн электрон тамхи хэрэглэдэг гэжээ. Мөн Австралийн хорт хавдартай тэмцэх зөвлөл өсвөр насны 10 хүүхэд тутмын ес нь электрон тамхины никотинд амархан донтох эрсдэлтэй гэсэн судалгааг хийсэн байна.
Түүнчлэн Жон Хопкинсын их сургууль цахилгаан тамхийг удаан хугацаанд хэрэглэснээр уушгины архаг өвчин, багтраа өвчтэй болох уршигтай гэсэн судалгааг танилцуулсан юм. Тиймээс Австралийн Засгийн газар нэг удаагийн цахилгаан тамхины хэрэглээнээс залуу үеэ хамгаалахын тулд дээрх алхмыг хэрэгжүүлэхээр болжээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...