“ТЭРБУМ МОД” САНГААС 34 ТӨСӨЛД НЭГ ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГӨӨР САНХҮҮЖҮҮЛНЭ
- schedule 2023 оны 5 сарын 18
- chat_bubble 0
Монголын банкны холбоо, арилжааны банкууд болон Монгол банкны хамтран байгуулсан “Тэрбум мод” сан 34 төсөлд 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болжээ.
Мөн 70 гаруй ногоон ажлын байр бий болж, гурван төрлийн шинэ технологи, инновацын шийдэл нэвтрэхээс гадна төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 180 гаруй мянган хүүхдийг ногоон орчинд сурч боловсрох боломжоор хангана.
Түүнчлэн 800 орчим мянган хүнд тарьсан модоо арчилж тордох, ургуулах чиглэлээр экологийн боловсрол олгох юм.
“Тэрбум мод” сан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ойжуулалт, нөхөн сэргээлт, цэцэрлэгжүүлэлт, экологийн боловсрол олгоход чиглэсэн төслүүдийг санхүүжүүлэхээр өнгөрсөн оны 10 дугаар сард нээлттэй сонгон шалгаруулалт зарласан юм.
Эдгээрээс байгаль орчны хамгаалал, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, агро-ойн аж ахуй, сургалт судалгаа, санхүү зэрэг 24 салбарын төлөөллөөс бүрдсэн хараат бус, мэргэжлийн Техникийн түр хороо 34-ийг нь шалгаруулсан байна.
Сургууль, цэцэрлэгийн ногоон байгууламжийн чиглэлд гэхэд л 11 цэцэрлэг, есөн сургуулийн төсөл шалгарч, нийт дөрвөн мянга гаруй гоёлын мод, 10 мянга гаруй хайлаас тарьж, ургуулах юм.
Шалгарсан төслүүдэд батламж гардуулах ёслолд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар: “Тэрбум мод” сангаас байгаль орчноо хамгаалах, цөлжилттэй тэмцэх, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт хийх, олон нийтэд тогтвортой хөгжил, экологийн боловсрол олгоход чиглэсэн төслүүдийг санхүүжүүлж байгаа нь чухал дэмжлэг болж байгааг тэмдэглэлээ.
Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд “Тэрбум мод” санд жил бүр хоёр тэрбум төгрөгөөс багагүй хэмжээний хандив өгөхөө батламжилсан.
Мөн 88 сая мод тарих бөгөөд салбарын хэмжээнд ногоон зээлийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэж, таван их наяд хоёр зуун тэрбум төгрөгийн зээл олгох юм.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 оны эцсийн байдлаар улсын хэмжээнд 10 сая гаруй мод тарьж, тарьц, суулгацын нөөцийг өмнөх оноос тав дахин буюу 10 саяар нэмэгдүүлж 44 сая гаруйд хүргээд байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...