ШАДАР САЙД НҮБХХ-ИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ТАПАН МИШРАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
- schedule 2023 оны 3 сарын 17
- chat_bubble 0
Шадар сайдын Хэвлэл мэдээлэл
НҮБХХ-ийн суурин төлөөлөгч, Монгол Улс дахь НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагуудын зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсыг тогтвортой хөгжлийн зорилгоо хэрэгжүүлэхэд болон зудын хүндрэлийг даван туулахад Монгол Улсын Засгийн газраас бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Цаг агаарын бэрхшээлийн зэрэгцээ цар тахал, олон улсын хямралт нөхцөл байдлаас үүссэн хил, гааль, тээврийн асуудал, түүнийг дагасан бараа бүтээгдэхүүн, шатахууны үнийн өсөлт зэрэг нь өвөл, хаврыг эрсдэл багатай даван туулахад улам их хүндрэл учруулж байна. Мал, махны үнэ буурсан, борлуулалт багассан тул малчдын гар дээр бэлэн мөнгө хомсдож, орон нутгийн захиргааны байгууллагуудад төсөв хязгаарлагдмал байгаа энэ цаг үед сэтгэл гарган тусалсан НҮБ-ын Хүмүүнлэгийн багт Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлжээ.
Цаашид урин цаг ирж байгаа боловч, хавар удаан үргэлжилбэл өдөр нь гэсэж хайлсан цас шөнө царцаж хөлдөөд хурц ирмэгтэй мөсөнд малын шилбэ, туурууг зүсэгдэж шархладаг учир бэлчээрт гарч чадахгүй, тэжээлд орох, мал төллөх цагаар шар усны үер, гэнэтийн цочрол хүйтрэл, хавсарга зэрэг хүндрэл бэрхшээл байгаа тул цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.
Шадар сайд С.Амарсайхан ирэх 5 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо болох “Гамшгийн эрсдлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хэлэлцэх өндөр түвшний уулзалтад оролцохоор төлөвлөж байгаагаа илэрхийлээд “НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч хатагтай Мами Мизутори-тай өнгөрөгч оны 11 дүгээр сард Ази, Номхон далайн бүсийн Гамшгийн асуудлаарх сайд нарын 3 дугаар уулзалтын үеэр Брисбанд ярилцсан 4 саналыг уг уулзалтын үеэр үргэлжлүүлэн ярилцах бодолтой байна. Монгол Улсад Бүсийн Гамшгийн эрсдлийг бууруулах төвтэй болох, хамтарсан баг байгуулж, олон улсын туршлага солилцох баазтай болох зэрэг асуудлыг дахин хэлэлцэх саналтай байгаа юм” гэлээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...