“АЛДВАЛ ГАЛДАНА” НЭРТЭЙ САНАМСАРГҮЙ БАЙДЛААС ГАЛ АЛДАХААС СЭРГИЙЛЭХ САРЫН АЯН ЗАРЛАЛАА
- schedule 2021 оны 9 сарын 17
- chat_bubble 0
Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Алдвал галдана” нэртэй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг өнөөдрөөс эхлүүллээ.
Аян нэг сарын хугацаанд өрнөх бөгөөд энэ хугацаанд хяналт шалгалт хийхийн сацуу гал түймрийн аюулаас сэргийлэх чиглэлийн мэдээллийг олон нийтэд түгээх юм. Энэ ажилд гар утасны оператор компаниуд хамтран ажиллаж, иргэдэд сэрэмжлүүлэг түгээхээр болсон байна.
Намрын улиралд ойн түймэр ихсэх хандлагатай байдаг. Өнгөрсөн жил л гэхэд нийслэлд таван удаагийн ой, хээрийн түймэр гарч 22 га, шар өвсний 275 удаагийн түймэр гарч 78 га талбай шатсан байдаг. Хавар, намрын хуурайшилтай үед ойд гал алдахад ганцхан секундийн дотор хоёр метр талбайг галдах, цаашлаад ой мод бүхэлдээ шатах, ан амьтад амьдрах орчингүй болох аюул нүүрлэдэг. Түүнчлэн өөрийн болон бусдын өмч хөрөнгийг галд шатааж, асар их хэмжээний алдагдалд орсон тохиолдол цөөнгүй.
“Алдвал галдана” аяны гол зорилго нь нийслэлийн иргэдэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнээс үүдэх хохирол, хор уршиг хэчнээн их болохыг таниулахад оршиж буй. Тиймээс аян өрнөх хугацаанд зорилтот видео контентыг радио, телевиз, сайт болон ФМ, радио болон цахим орчинд олон нийтэд түгээхээс гадна Улаанбаатар хотын гудамж, талбайд байрлах лед дэлгэц болон самбаруудад мэдээлэл, сурталчилгааг байршуулахаар төлөвлөжээ. “Алдвал галдана” аяныг урлаг, спортын олны танил эрхмүүд сэтгэл зүрхээрээ дэмжин, хамтран ажиллаж оролцож буй аж. Намрын хуурайшилт ихтэй энэ үед иргэн бүр сонор сэрэмжтэй байж, ой, хээрийн түймрээс хамтдаа сэргийлэхийг холбогдох мэргэжилтнүүд уриаллаа.
С.ГАНЦЭЦЭГ
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...