Нохой жилийн засал, хариулга
- schedule 2018 оны 1 сарын 31
- chat_bubble 0
ОНЦГОЙЛСОН ЗАСАЛТАЙ ЖИЛТНҮҮД
Жил орогсдын засал:
1. 13, 73-ны жил нь “Хүү” махбодьтой жил бөгөөд бие, эрүүл мэнд хямрах гэмтэй тул Найман гэгээн, Лхамын ганшиг хуруулж, балин өргө.
25, 85-ны жил нь төрсний “Нөхөр” махбодьтой жил ба жаргал зовлон ээлжлэн ад зэтгэр босох тул Догсун, Доржномжом, Цэнд, Доржнамжомын жавтуй сайн.
37, 97-ны жил нь төрсний жилийн “Дайсан” махбодьтой жил ба гарлага гарах тул Юмжайвриндүйсүм, Цэвэгмэдийн чого хуруулж, лусад балин өргө.
49-ний жил нь “Эх” жил ба хийморь доройтох гэмтэй. Нити, Жэнсрэг зохимжтой.
61-ний жил өөрийн, төрсөн жилтэй адил махбодьтой жил бөгөөд шулмын хөнөөл гарах тул Ширнэн уншуул. Сац салбиул, Цэдэв насан бүтээл үйлдвээс сайн.
Жил орсон хүмүүс оршуулга, хурим найрыг цээрлэж, зайлшгүй үед цээр гарга. Эр хүний жил “угтаж ордог” тул урдаас засаж сэрэмжил. Эм хүний жил “үдэж дагадаг” тул жил орсны дараа ч засал хийлгэ. “Жилээ угтаж” ордог дөрвөн жил бол Бар, Могой, Бич, Гахай. Харин “жилээ барьж ордог” дөрвөн жил бол Хулгана, Туулай, Морь, Тахиа. Тэгвэл “жилээ дагаж” ордог дөрвөн жил нь Үхэр, Луу, Хонь, Нохой болно.
2. Туулай жилтнүүд “дүнсэр” буюу “рш” жилтэй учирна. Хулгай, дайсан, зохисгүй үйлүүдтэй учирч магад. Догсом, Базарсад, Жалцанзэмобүнжан уншуул, замд гарахдаа Далх тахиул.
3. Морь, Хулгана жилтнүүд “шишил” /бага харш/ буух тул Жадамба, Ногоон дарь эх уншуул, амин золиг гаргуул.
4. Үхэр, Могой жилтнүүд “ивээл жилийн” буюу “тунсум”засалтай. Гарз гарах тул их үйл эхлэн үйлдэхийг тэвч. Хийморийн сан, Цагаан шүхэрт, Ганшиг уншуул.
5. Морь жилтнүүд “цагаан жил” буюу “логар” ургах тул сэтгэл энэлэх, шарх гарах гэм буй. Маналын чого уншуулж, сахиусаа тахь.
Мэнгэний засал:
“Гогэг” буюу “үүдний тотгор” таарахад хүн, эд малд муу тул шүтээнд тахил өргөж Цагаан шүхэрт, Нанжид уншуулж, Догжүр үйлд.
Суудлын засал:
Хулгана, Бар, Луу, Морь, Бич, Нохой жилтнүүд суудлын өнцгийн засал хийлгэ.
Нашидүрсүмийн засал:
Могой, Морь жилтнүүд жилийн нашидүрсүмийн засалтай.
Есөн нүдний засал:
- Насны буюу жилийн есөн нүд нь 9, 18, 27, 36, 45, 54, 63, 72, 81 насанд тохиох ба 9, 81-ний нүд нь аминд хорлолтой тул Цэдүв хуруулж Чивэл хийлгэ.
- 18, 36, 54-ний есөн нүд нь эд хөрөнгө, мал адгууст хорлолтой тул сан олонтаа тавиулж, балин тахил өргөж хишиг даллага авахуул.
- 27, 72-ны есөн нүд нь өд зэтгэрийн хөнөөлтэй тул сахиусныхаа Ганшиг уншуул.
- 45, 63-ны есөн нүд нь зовлон гаслан авчрах тул Цагаан шүхэрт нас тоолон уншуулж Сундуй айлтга. Ер нь есөн нүд эзэлснээр эм аливаа хүмүүн “есөн нүдний засал” хийлгэж насны тоогоор Сац тавиулж, Жавтүй хүрт.
- Үхээрийн жил /өөрийн бага түйтгэр/ огторгуйд ургаваас өвдөх, үхэх, гарз хохирол тэргүүтэн гарах тул Цэнд, Сэдэд, Дара эх, Нийтийн гас номнуудыг олонтаа уншуул.
- Их түйтгэр /өөрийн их түйтгэр/ болон яргачны их, бага түйтгэртэй жил огторгуйд ургаваас Нити, Палчэн уншуул_
Эдгээр жилд 9 нүд лүгээ давхарлаваас ширүүн тул насны бүтээл, Чивүл тэргүүтнийг үйлдүүл.
Сүлдний засал:
- “Сүлд тэнэх” буюу “лачам” таарвал амь нас доройтох бөгөөд хүссэн хэрэг бүтэхгүй байх тул Сахиусны ганшиг, Насны чого үйлд.
- Түймийг буюу “ясан нүд” таарвал морь өшиглөх, үхэр тийрэх, нохой зуух тэргүүтэн гарах тул Цагаан шүхэрт олонтаа, Цагаан шүхэртийн догжүр, суудлын засал хийлгэ.
- “Суудлын Огторгуйд үүд” таарвал жижиг өвчин болон гараг адаар хорлогдох гэм байх тул Ногоон дара эх, Лома жон майн сүн уншуулж, Мандал өргүүлэх хэрэгтэй.
- “Суудлын газрын үүд” таарвал газрын эзний хорлол ирэх хийгээд гарз гарах тул Шивдэг сан дорма, Дашзэвэг, Нанжид, Алтангэрэл уншуул.
Жич: Заслын ном давхцан гарч байвал заавал тэр бүгдийг дахин давтан уншуулах шаардлагагүй. Нэг л удаа уншуулахад болно.
XVII ЖАРНЫ ГАЛ ШОРООН НОХОЙ ЖИЛД ЗУРХАЙН НАМАЙН СУУДАЛ ХИЙГЭЭД ТҮҮНИЙ ЗАСАЛ
Монголчууд зурхайн ухаанаас амьдрал ахуйдаа өргөн хэрэглэж байсан нэгэн хэрэглэгдэхүүн бол хөлөл буюу суудал юм. Хөлөл нь ГАЛ, ШОРОО, ТӨМӨР, ОГТОРГУЙ, УС, УУЛ, МОД, ХИЙ эдгээр найм байх ба тус тус дөрвөн зүг, найман зовхист харгалзана.
Үүнд: гал урд зүг, шороо баруун урд, төмөр баруун, огторгуй баруун хойд, ус хойд, уул зүүн хойд, мод зүүн, хий зүүн урд зүгт тус тус харгалзана. Суудал бүр нь өөрийн гэсэн найман зүгтэй, эдгээр найман зүгийг дэс дараалан
- Амин зүг,
- Эмийн зүг,
- Буян хишгийн зүг,
- Цог хийморийн зүг,
- Хорлолын зүг,
- Таван зэтгэрийн зүг,
- Бие тасрахын зүг,
- Шимнусын зүг хэмээн нэрлэдэг.
Үүнээс эхний дөрөв нь сайн, сүүлийн дөрөв нь муу зүг болой.
Дөрвөн сайн зүгт нь:
-Эмийн зүгт эмч залах, эм уух, рашаан засал хийх, идээ, ундаа авахад эрхэм сайн.
-Амины зүгт бэр авах, аян замд гарах, лам багш залах, сүлд дуудах зэрэг үйлд сайн. Балин цацал өргөх, ан авд мордохыг цээрлэ.
-Цогийн хийморийн зүгт сан тавих, замд гарах, хийморийн дарцаг хийсгэх, бэр авах зэрэг үйлнээ сайн.
- Буян хишгийн зүгт эд, мал авах, тариа тарих, хишиг даллага авахуулах зэрэгт сайн.
Дөрвөн муу зүг нь:
-Хорлолын зүгт өвчтнийг эмчид үзүүлэх, бэр авар, эд мал авахын тэвч.
-Шимнусын зүгт морь уралдуудал, төмөр эдлэл авахыг цээрлэ.
-Бие тасрахын зүгт амжиргааны бүх үйлийг цээрлэ.
-Таван адын зүгт эмчид үзүүлэх, эм залах, холын аянд явахыг цээрлэнэ. Дөрвөн муу зүгт цээртэй үйлүүдийг хийх шаардлага гарвал ном уншуулж засал хийлгэх хэрэгтэй. Тухайн хүнийг энэ жил ямөр хөлөл буюу суудал сууж байгааг олвол тэр хүний сайн, муу зүгүүдийг мэдэж болно. Үүний тулд эрэгтэй хүнийг гал хөлөлөөс эхлэн насны тоогоор нар зөв тойруулан, эмэгтэй хүнийг уснаас эхлэн нар буруу тойруулан тоолж олно.
Тэгэхдээ хий насыг оролцуулан тоолно гэдгийг анхаарах хэрэгтэй. Ингээд өөрийн энэ жилийн хөлөлийг олсноор түүнд харгалзсан тэр жилийн сайн, муу зүгээ мэдэж амьдрал ахуйдаа хэрэглэх бололцоотой юм.
Та бүхэн доорх хүснэгтээс төрсөн оноо харж суудлынхаа заслыг хийлгээрэй.
<<ГАЛ>> СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮС
ТӨРСӨН ОН |
ЭР | 1906, 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018. |
ЭМ | 1902, 1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014. | |
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУВЬД | Толгой, нүд, чих, хамрын өвчнөөс сэргийл. | |
АНХААРАХ ЦЭЭРЛЭХ ЗҮЙЛС | Улаан өнгийн эд, хувцас хунар бүү ав. Гал голомтоо ариун байлга. | |
БОЛГООМЖЛОХ ҮЕ | Өвс шарлах үе болно. | |
СУУДЛЫН ЗАСАЛ | Дашзэгвэ, Доржнамжин, Гомбо, Галын сан, Сундуй уншуул. |
<<ШОРОО>> СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮС
ТӨРСӨН ОН |
ЭР | 1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017. |
ЭМ | 1903, 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015. | |
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУВЬД | Шарын өвчнөөс болгоомжил, халдаврт өвчнөөс болгоомжил. | |
АНХААРАХ ЦЭЭРЛЭХ ЗҮЙЛС | Үнэт эдлэл болон шар өнгийн сав суулга бүү ав. Газар ухах, мод тасдах, чулуу ховхлохыг цээрлэ. | |
БОЛГООМЖЛОХ ҮЕ | Жалганы ам харлах үе буюу хаврын 3 сар. | |
СУУДЛЫН ЗАСАЛ | Чойжил тахиул, Сундуй, Саеи-нинбын доо, 13 сан, Алтангэрэл уншуул. |
<<ТӨМӨР>> СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮС
ТӨРСӨН ОН |
ЭР | 1904, 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016. |
ЭМ | ||
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУВЬД | Уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийл. | |
АНХААРАХ ЦЭЭРЛЭХ ЗҮЙЛС | Төмөр эдлэл, хутга мэсний зүйл бүү ав. Ариун бусын идээ, ундааг тэвч. | |
БОЛГООМЖЛОХ ҮЕ | Гол ус зайрмагтах хөлдөх үе болно. | |
СУУДЛЫН ЗАСАЛ | Гомбо тахиул, Дашзэвэг, Найман гэгээн, Сундуй уншуул. |
<<ОГТОРГУЙ>> СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮС
ТӨРСӨН ОН |
ЭР | 1903, 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015. |
ЭМ | 1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017. | |
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУВЬД | Нойр багасах, толгой, гар, хөлний өвчнөөс сэргийл. | |
АНХААРАХ ЦЭЭРЛЭХ ЗҮЙЛС | Амьтны амь бүү тасал. Нохой ба шар өнгийн эд авахыг цээрлэ. Уул хаданд авирахаас болгоомжил. | |
БОЛГООМЖЛОХ ҮЕ | Газар хөлдөх үе. | |
СУУДЛЫН ЗАСАЛ | Намхайнинбу-доо, Алтангэрэл, Шалши, 13 сан, Сундуй уншуул. |
<<УС>> СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮС
ТӨРСӨН ОН |
ЭР | 1902, 1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014. |
ЭМ | 1906, 1917, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018. | |
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУВЬД | Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэргийл. | |
АНХААРАХ ЦЭЭРЛЭХ ЗҮЙЛС | Хар, шар өнгийн эд зүйлс бүү ав. Гахай, загасны мах идэх болон усны үйлийг тэвч. Газар, лусаас болгоомжлох нь зүй. | |
БОЛГООМЖЛОХ ҮЕ | Хур бороо орох үед анхаар. | |
СУУДЛЫН ЗАСАЛ | Шавдагдором, Лүмбэнгарав, 13 сан уншуул. Лхам сахиус тахиул. |
<<УУЛ>> СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮС
ТӨРСӨН ОН |
ЭР | 1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013. |
ЭМ | 1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011. | |
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУВЬД | Ам цангах, үрэвсэлт өвчин, үс унах, шар ус гүйх зэрэг өвчнөөс сэргийл. | |
АНХААРАХ ЦЭЭРЛЭХ ЗҮЙЛС | Ан ав хийх, нойтон мод тасдахыг цээрлэ. Бохир идээ, ундааг цээрлэ. Хар өнгөтэй малгай бүү өмс. | |
БОЛГООМЖЛОХ ҮЕ | Өвс хатаж, газар хөлдөх үед анхаар. | |
СУУДЛЫН ЗАСАЛ | Намсрай тахиул, Цагаан өвгөний сан, Дүгэр, Сундуй уншуул. |
<<МОД>> СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮС
ТӨРСӨН ОН |
ЭР | 1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012. |
ЭМ | ||
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУВЬД | Элэг, цөс, дотор гэдэс хийгээд яр гарах, хөл өвдөхөөс сэргийл. | |
АНХААРАХ ЦЭЭРЛЭХ ЗҮЙЛС | Хөхний өнгийн эд зүйл ба ирвэсний арьс бүү ав. Хэл амнаас болгоомжил. Нойтон мод огтлохыг цээрлэ. Хутга мэсний зүйлээр бүү оролд. | |
БОЛГООМЖЛОХ ҮЕ | Мод гөлөглөх үед болгоомжил. | |
СУУДЛЫН ЗАСАЛ | Ариун сан уншуул. Усан балин өргө. Очирваань, Гомбо сахиус тахиул. |
<<ХИЙ>> СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮС
ТӨРСӨН ОН |
ЭР | 1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011. |
ЭМ | 1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013. | |
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУВЬД | Хий өвчин, чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. | |
АНХААРАХ ЦЭЭРЛЭХ ЗҮЙЛС | Муу хүмүүнтэй бүү нөхөрлө. Хэрүүл маргааныг тэвч. Шар өнгийн эд зүйл бүү ав. | |
БОЛГООМЖЛОХ ҮЕ | Хавар, намрын цагаар анхаарууштай. | |
СУУДЛЫН ЗАСАЛ | Гонгор, Лхам тахиул. Гурван гүрэм, Сундуй уншуул. |
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...