“Эрдэнэт үйлдвэр” дулааны цахилгаан станцынхаа хүчин чадлыг 48 МВт-аар нэмэгдүүллээ
- schedule 2018 оны 1 сарын 22
- chat_bubble 0
Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” дулааны цахилгаан станцынхаа хүчин чадлыг 48 МВт /12 МВт-ын хүчин чадал бүхий 4 ширхэг турбингенератор/ -аар нэмэгдүүлэх ёслолын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Ийнхүү нэмэгдүүлснээр үйлдвэрийн найдвартай ажиллагаа 100 хувьд хүрч, энэ хэмжээгээр бүтээмж нэмэгдэх юм.
Ёслолын ажиллагааг нээж Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Х.Бадамсүрэн үг хэллээ.
Тэрээр, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 48 мВт-аар өргөтгөх төсөл амжилттай хэрэгжиж, өнөөдөр байнгын ашиглалтад хүлээн авч байгаа энэ баярт өдрийн мэндчилгээг комнанийнхаа нийт хамт олон, станцын ажилтан, ажилчид, төслийн гүйцэттэгч болон туслан гүйцэттэгч нартаа дэвшүүлье.
Анх 1976 онд "Дулааны станц" нэртэйгээр байгуулагдаж байсан тус станцыг 2011 онд 5 мВт-ын хүчин чадалтай Дулааны цахилгаан станц болгон өргөтгөсөн бөгөөд компанийн хөгжлийн бодлогын хүрээнд үйлдвэрийн техник, технологийг шинэчлэх, үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн олон чухал арга хэмжээг үе шатгайгаар хэрэгжүүлж байгаагийн нэгэн бодит жишээ нь тус станцын хүчин чадлыг нэмэгдүүлсэн энэхүү өргөтгөлийн ажил юм. Уг өргөтгөлийн ажлыг бид өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн бөгөөд станцын суурилагдсан хүчин чадлыг 53 мВт-д хүргэсэн нь Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системд манай компанийн оруулж буй томоохон хувь нэмэр төдийгүй, бидний хувьд цахилгаан эрчим хүчний хэрэглэгчээс үйлдвэрлэгч болсон бахархалт үйл авдал юм.
"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Дулааны цахилгаан станцын нийт ажилтан нартаа өөрийн мэдлэг, ур чадвараа ямагт өндөрт байлгаж, чанд сахилга, өндөр хариуцлагыг эрхэмлэн, станцаа найдвартай, үр ашигтай ажиллуулахын ерөөлийг дэвшүүлж байна.
Компанийнхаа нийт уурхайчид, хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье гэлээ.
Мөн нээлтэд Монгол Улсын их хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дарга Д.Дамба-Очир БНХАУ-ын Элчин сайдын улс төрийн зөвлөх Ли Янжун, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут болон “Харбин электроник интернэйшнл” компанийн Ерөнхий захирал Чү Аймин нар оролцож мэндчилгээ дэвшүүллээ.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Дулааны цахилгаан станцын 48МВт-ын өргөтгөлийн нээлтийн ёслолын үеэр Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдгээр Цахилгаан цехийн Реле хамгаалалтын инженер Д.Нямжав, ДЦС-ын Тоног төхөөрөмжийн засварчин Ч.Цолмонбаатар болон Б.Батням нар шагнагдав. Түүнчлэн Эрчим хүчний Жуух бичгээр ДЦС-ын 15 жилээс дээш ажилласан таван ажилтанг тус тус шагнаж урамжуулсан байна.
Нээлтийн ёслолын үйл ажиллагааны төгсгөлд 4 турбингенераторыг ашиглалтад оруулж, хэрэглэгчээс үйлдвэр рүү шилжиж буй анхны ажлын командыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өглөө.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу!
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...