НӨАТ-ын баримт бүртгүүлэх хугацаа өнөөдөр дуусна
- schedule 2018 оны 1 сарын 8
- chat_bubble 0
Албан татвар төлөгч нь албан татвар суутган төлөгчөөс бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай худалдан авалтаа нотолсон төлбөрийн баримтын мэдээллийг хэрэглэгчийн хэсэг дэх өөрийн бүртгэлдээ бүртгүүлсэн байх ба тухайн хуанлийн жилийн (2017 оны) сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн (2018 оны) эхний 8 өдрийн дотор бүртгүүлсэн байх шаардлагатай.
Татварын алба нь (Гааль, Татвар, Санхүүгийн Мэдээллийн Технологийн Төв УҮГ) НӨАТ-ын тухай хуульд заасны дагуу тухайн жилд олгох буцаан олголтын дүнг дараа жилийн эхний сарын 15-ны өдрийн дотор албан татвар төлөгч бүрээр бүртгэлийн системээс гаргаж, баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад (Татварын ерөнхий газар) хүргүүлнэ.
Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага НӨАТ-ын тухай хуульд зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад (Сангийн яам) хүргүүлнэ.
Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 45 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргана.
Нэг иргэн өөр дээрээ 1-3 бүртгэл үүсгэсэн тохиолдол олон байдаг бөгөөд эдгээр иргэд 2017 оныхоо НӨАТ-ын буцаан олголтыг авахын тулд бүх бүртгэлээ нэгтгэх шаардлагатай. Нэг хүний нэр дээрх хоёроос гурван данс руу гүйлгээ хийх боломжгүй учраас заавал нэгтгэх ёстой ажээ. Иймээс бүртгэлийн нэгдсэн системдээ нэвтэрч, урамшуулал гэсэн хэсэг руу орж, бүртгэлээ нэгтгэх цонхыг бөглөх хэрэгтэй юм байна. Хэрэв бүртгэлийн системээ нэгтгээгүй бол олон бүртгэлтэй хүнд урамшуулал олгохгүй гэнэ.
Ойролцоогоор хоёр болон түүнээс дээш бүртгэлтэй 15 мянган хэрэглэгч байгаа ажээ. Мөн Butsaalt.ebarimt.mn сайтаар орж бүртгэлээ хэрхэн нэгтгэх, буцаан олголтоо хэрхэн авах талаар мэдээлэл авч болох юм.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...