Монгол эмийн жорд өргөн хэрэглэгддэг эрдэнийн чулуунууд
- schedule 2017 оны 11 сарын 2
- chat_bubble 0
Очир алмааз
Байгаль дээрх хамгийн хатуу эрдэс бөгөөд шоо тогтолцоотой талстжсан хэлбэртэй, өнгөгүй тунгалаг, хольцтой гэсэн хоёр зүйл буй. Эмийн номонд хольцгүй тунгалаг зөв хэлбэрийн дээд, хольцтой шоо талст хэлбэрийг нь муу гэж ангилжээ. Хар, шар, хүрэн, ногоон, цэнхэр өнгөтэй байдаг. Монгол эмийн сударт түүнийг тодорхойлохдоо “эрдэнийн чулуу болон болор, шилийг зүсэхэд сайн, галд шатаахад хагарч бутардаг, эрдэнийн дээд төрлийн чулуу” гэсэн байна. Монгол эмнэлгийн жорд түүнийг эрт цагаас аянга цахилгааны хорын үйлчилгээг дарахад ашиглаж ирсэн байна.
Оюу
Байгаль дээр ногоон, цагаан, улаан оюу байдаг гэж дурджээ. Ногоон оюуг дээд, улаан оюуг муу гэж ангилдаг байсан ба дээд оюуг гоёл чимэглэлд өргөн хэрэглэж, муу оюуг будаг хийх, ном бичих зэрэгт ашиглаж байжээ. Монголд цагаан ба улаан туяатай хөх оюу их байх боловч түүнийг үзэсгэлэнгээрээ дардаг сайхан өнгөлөг ногооныг ээмэг, бөгж хийхэд одоо өргөн ашиглаж байна. Монгол эмийн жорд ногоон оюуг өргөн хэрэглэж ирсэн бөгөөд төрөл бүрийн хордлогыг тайлах, элэгний халууныг бууруулах үйлчилгээтэй гэж үзэж “ОЮУТ-25” гэдэг нэгэн жорын найрлагад оруулдаг.
Биндэрьяа
Биндэрьяаг өнгөөр нь жирийн, усан, нил, наран, тунгалаг болон маргад гэж хуваадаг. Бүдэг ногоон, шар ногоовтор, шар, цэнхэр хөх, цэнхэр мөн шиллэг, талсжсан өнгөтэй тохиолддог. Монголын тэжээхүйн ухаанд биндэрьяаг өргөн хэрэглэж байсан бөгөөд мөн чанар, шинж тэмдгийг тодорхойлж бичихдээ: шөнийн харанхуйд гэрэл цацруулдаг, галд шатаавал гэрэл нь улам тодордог гэсэн байна. Хөх, цагаан, ногоон, шар байх боловч хөх өнгитйн биндэрьяаг өвчинд хэрэглэж байжээ.
Бадмаараг
Бадмааргийн хоёр зүйл байдаг аж. Улаан, боровтор хүрэн гэсэн. Тод улаан өнгөтэй нь биндэрьяагийн адил гурван хуруу хэртэй гэрэл цацруулдаг. Энэ өнгийг нь эмэнд хэрэглэдэг. Энэ эрдэс нь хамгийн дээд үнэтэй эрдэнэ байсан бөгөөд Монгол тэжэээхүйн ухаанд элдэв зүйлээс айж цочих, ухаан самуурах, солиорох, дэмийрэх зэрэг өвчинд хэрэглэж байжээ.
Индраанил
Монголын тэжээхүйн ухаанд хөх эрдэнэ гэж нэрлэн хэрэглэж ирсэн. Дээд зэргийн эрдэнэ маш ховор гэж үзэж байсан. Хөх эрдэнийг таних тухай эмийн сударт тэмдэглэхдээ: тод цагаан өнгийн нимгэн даавуугаар бүтээхэд хөх өнгийн гэрэл тодорч, шүхэр маягийн дүрс гарч ирнэ гэжээ. Олдоход маш ховор боловч өвчин бүхнийг анагаах увидастай ажгуу.
Маргад
Байгал дээр гүн ногоон өнгөтэй талстан байдлаар тохиолддог. Гоёл чимэглэлийн зүйлд өргөн хэрэглэж байсан. Тухайлбал писү соруул гаанс, ээмэг бөгжний шигтгээ элбэг байдаг. Эмийн сударт түүнийг танихдаа цагаан шаазан аяганд цэвэр тунгалаг ус хийгээд дотор нь тавибал ус нил ногоон өнгөтэй туяа татна гэжээ. Монгол анагаах ухаанд олон төрлийн өвчнийг анагаах эмийн жорд оруулж байжээ.
Чүнин
Эмийн сударт тэмдэглэхдээ хүдрийн хоргол мэт хэлбэртэй галд хийхэд орой орчмын цог унтарч хөхөрнө. Усанд хийвээс өнгө нь хувирч үзэгдэхгүй болно гэжээ. Цайвар хөх өнгөтэй бас л ховор тохиолддог эрдэнэ юм санж. Түлэгдсэнээс үүссэн шархыг анагаахад ашиглаж байсан аж.
Нала
Нала нь чүнинтэй их төстэй боловч түүнээс том, чүнин хүдрийн хоргол адил бол нала нь атгасан гарын чинээн том аж. Мөн л галаас түлэгдсэн шархыг дарахад хэрэглэдэг байжээ.
Сүганди
Сүганди нь бадмаарагтай их төстэй боловч цайвар улаан өнгөтэй. Монголын анагаах ухаанд луусын өвчин, шар усны өвчин, хулгана яр зэрэгт хэрэглэж байжээ.
Сирга
Эмийн сударт дурдсанаар шар өнгөтэй гурван хуруу хэртэй гэрэл туяа нэг зүг рүү цацруулдаг эрдэнийн үнэт чулуу бөгөөд шалгаж үзэхдээ галд хийхэд өнгөө бага зэрэг алдах боловч хагарч бутардаггүй аж. Сэтгэл мэдрэлийн уймраа өвчин, өвчний халуун, хорыг дарахад хэрэглэдэг байна.
Чүнчиг
Монгол эмийн номонд гарьдыг бөөлжис чулуу гэж нэрлэсэн байдаг. Гоёл чимэглэл эмийн зориулалтаар өргөн хэрэглэж ирсэн. Хүрэн бор өнгөтэй, хөх ногоон хээтэй хөнгөн чанарын нүдний чулуу байдаг. Газарт байхдаа тунгалаг биш боловч гэрэлд харахад нэвт харагддаг сиймхийтэй байдаг нь түүний онцлог шинж ажээ. Бусад эрдэнийн чулуунаас түүнийг танихдаа хятадын юн-а гэдэг нэр төрлийн будгийг түрхэж үзэхэд цус шиг улаан хүрэн өнгөтэй болдог байна. Төрөл бүрийн халдварт өвчин болон луус зэрэг олон өвчинд хэрэглэж иржээ.
Гартаамэн
Энэ нь манын нэг төрөл зүйл боловч дотроо олон янзын өнгө судалтай их гоёмсог. Монгол эмнэлгийн сударт манан чулууны төрөл, хөх болон цагаан өнгөтэй голдуу ес давхарласан байдаг гэжээ. Есөн нүдэт мана гэж нэрлэдэг удаатай. Хөх, ногоон, улаан, шар, нүднүүдээс тогтсон хүнд чанартай бат бөх тунгалаг өнгөтэй уснаас сурвалж гаралтай үнэт эрдэнэ гэж тодорхойлсон байдаг. Гартаамэн хөөргийг элдэв буглаа саа, боом, зэрэгт жин тавих маягаар засал хийдэг байсан ба сэтгэл мэдрэлийн өвчин зэрэгт хэрэглэж байжээ.
Зи цоохор мана
Төрөл бүрийн өнгөтэй болрын халуун уусмалаас бүрдсэн хар, цагаан, хөх, шар, улаан зэрэг элдэв өнгө, судалтай нэгэн зүйл маныг зи буюу цоохор мана гэдэг ажээ. Эмийн сударт бичсэнээр зи-ийг хат сайтай ган төмрөөр цохиход оч үсэрч, хэтний уул болон дарьд гал авалцдаг аж. Зи эрдэнийн гариг саа, өрөөл татуу болох үе мөчний өвчин зэрэгт хэрэглэж байжээ. Зи-ийг сайтар талхлаж нунтаглаад, буцалсан цэвэр усанд хийж угаасны дараа сайн шүүж авсан усаар нүд угаахад нүдний өвчнийг дарах ба бас уушигны өвчин, цусан хатгалгаа зэрэгт хэрэглэж байжээ.
Утаат ба усан болор
Эдгээрийг галт шил гэдэг бөгөөд өнгө нь цагаан, тунгалаг боловч зарим нь утаа мэт хар зурвасан хээтэй, нарнаас гэрэл татан бөөгнөрүүлж гал гаргах чадалтай тул галт шил гэсэн байна. Эмийн сударт түүнийг таних талаар тэмдэглэхдээ сар шинийн арван тавны шөнө сарны гэрэлд харахад хөлөрч, хүйтэн ус шүүрхийлнэ гэжээ. Усан болрыг Хятадад шүүжин гэдэг тул усан болроор хийсэн хөөргийг шүүжин хөөргө гэдэг ба манайд цагаан цэнхэр шүүжин хөөрөг элбэг байдаг. Утаат ба усан болорыг булчин хатаж, үе гишүү нарийсах, өрөөл татуу болох зэрэгт хэрэглэж байжээ. Мөн шүүжин хөөргөөр нүдээ илэхэд хараа сайжрахаас гадна дээшээ хөөрөх нүд улайж бүрэлзэх, наранд цохиулж хордсон үед сайн гэдэг. Хүүхэд халуурахад шүүжин хөөрөг суганд хавчуулахад халууныг өөртөө татдаг гэдэг. Усан болрыг биедээ байнга авч явснаар халуун орны өвчин, этгээд өвчнөөс хамгаална гэж үздэг байжээ.
Лавай дун
Лавай дуны амны эргүүлэг нь нар зөв эргэсэн цав цагаан өнгөтэй ячил, эрчлээс нь нар буруу эргэсэн ёнчил гэсэн зүйлээс гадна түүнийг тав ангилдаг.
1.Дугуй, 2.Цагаан, 3.Улаан, 4.Хялгаст, 5. Өргөст гэж ангилна. Эдгээрээс чадлын хувьд илүү сайн нь нар буруу эрчлээстэй цагаан лавай юм. Улаан лавай нь чадлаар бусдаас доогуур байдаг. Лавайг эмийн үнэт түүхий эд болгон ашиглаж байсны гадна сайтар талхлан элдэв шарх сорви, яс хугарсан үед хэрэглэж байжээ.
Хясаа
Хясаа нуур, далайн гүнд амьдрагч нэгэн зүйл нялцгай биетний бие хамгаалах хуяг юм. Ястай төс бүхий арзгар гадаргуутай ба хөх, саарал, алтлаг шаргал зэрэг тод өнгөтэй. Түүнийг танан бүрхэвч гэдэг. Танат хясааг гоёл чимэглэлийн зориулалтаар хэрэглэж байсан. Эмийн сударт хясааг тодорхойлохдоо “загас мэт усанд амьдрагч амьтны цээжин биеийг хучиж хумс мэтээр давхарлан байдаг” гэжээ. Мөн дотор тал нь улаан, ногоон, шар байх учир гялтганан үзэгдэнэ гэсэн байна. Түүнийг монголоор тана гэж нэрлэн дээлийн товч зэрэг зүйл хийж байсан. Төвдөөр начи гэдэг. Сувдтай адилавтар үйлчилгээтэй тул оронд нь хэрэглэдэг удаа ч бий. Эмийн сударт зааснаар өвчний хорыг тайлж, тархи, мэдрэлийн өвчнийг анагаах эмийн жорд оруулдаг байна.
Мөнгөн ус
Байгаль дээр шингэнээр болон шунхны бүрэлдэхүүнд байдаг. Хольцонд нь мөнгө, алт ордог. Хүний биед харьцангуй бага хэмжээгээр байдаг. Эмийн номонд чулуу, ургамал, амьтнаас гаралтай, сайн чанартай нь хөдөлгөөн ихтэй, муу чанартай бол хөдөлгөөн удаан, хөхөвтөр өнгөтэй гэжээ. Мөн сударт бичсэнээр тамирыг нэмэгдүүлэх, өвчин дарах, бадгана, булчирхайн өвчинд хэрэглэдэг аж. Маш хортой тул сайн номхотгож хэрэглэнэ.
Цац
Цагаан тунгалаг, зэс зэргийг нийлүүлэн цутгаж цац хийдэг байжээ. Цагаан, улаан, дуут, өнгөт гэж ангилах нь бий. Өнгөт цацаар цан, толь, мандаа, хонх хийдэг байна. Цагаан цац шаравтар өнгөтэй боловч гялтганасан цайвар туяатай байна. Энэ нь найрлагандаа зэс ихтэйнх юм. Түүнийг удаан хугацаагаар цэвэр усанд байлгахад бал нь саванд шингэдэг. Түүгээр нүдний өвчнийг анагаадаг байна. Нүд хатгаж, аргах үед түрхэж хэрэглэвэл сайн. Намарс болон элдэв шарханд угаах, түрхэхэд тустай.
Явуу
Явуу эр, эм гэсэн хоёр зүйл буй. Дулаан уур амьсгалтай орнуудын нуур далайд амьдарч байгаа нялцгай биетний хэсэг юм. Явуу нь бор цагаан, цоохор өнгөтэй байдаг. Түүнийг түлж шатаагаад цус тогтоох, муу цус хатаах зориулалтаар эмийн жорд хөл болгон ашигладаг аж.
Алт
Алтыг эрт цагаас гоёл чимэглэл, эмчилгээний зориулалтаар ашигласаар иржээ. Эмийн сударт алтыг улаан, шар хоёр зүйл байдаг. Улаан өнгөтэй зөөлөн алт бол хамгийн дээд, шижир алт гэдэг байна. Замбуу мөрний алтыг туруу цагаан шувуу түүж иддэг бөгөөд түүний баас бол шижир алт мөн гэж өгүүлсэн байдаг. Зэсэнд улаан зэв тогтсон адил өнгөт алт байдаг, түүнийг дунд зэргийн алт гэдэг. Саан алт гэж байх ба тэр нь хольц ихтэй, чанарын хувьд мууд ордог. Эмийн сударт алтны уг чанарыг таних тухай бичихдээ намар түүж авсан манчингийн үндсийг сайн талхдаад усанд удаан байлгаж тэр уснаас алтанд түрхэхэд элдэв өнгөтэй солонго туяарах, солонго тод олон өнгөтэй байвал тэр сайн алт болохын нотолгоо болно гэжээ. Бас алтыг элдэв зүйлд хордсон хүн, халуунтай хүний аманд зуулгаж өвчний шинжийг таньдаг арга байжээ. Алт хорыг арилгах, насан хутгийг уртасгах, хөгшрөлтийг багасгах зориулалтаар хэрэглэж байсан. Алтыг эмэнд хэрэглэхдээ ялааны далавч адил болтол давтаж нимгэлээд галд шатааж давтан үнсийг нь эмийн найрлага жорд оруулан хэрэглэдэг. Нөгөө талаар алтыг биед зүүж элдэв өвчнөөс урьдчилан сэргийлж байжээ. Алтаар хийсэн зүүлт хөхний хавдрыг эдгээж, мөнгөн эдлэл нь цусны өвчнөөс сэргийлдэг. Уураг тархи өвчилсөн үед гавлын яс руу алтан зүү хатгаж цусны эргэлт мэдрэлийг тогтворжуулдаг эмчилгээг явуулдаг байжээ. Алт нас уртасгадаг учир эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү урт насалдаг байна. Алт нь элдэв шархыг аниулж цус цэвэрлэж эр хүний бэлгийн чадавхийг сайжруулдаг зэрэгт үнэ цэн нь оршиж байдаг.
Мөнгө
Монголчууд мөнгийг амьдрал ахуйдаа маш өргөн хэрэглэн дээдэлж ирсэн. Монгол хүний ёс заншил амьдрал ахуйтай өргөн утгаар холбогдож байдаг. Гоёл чимэглэлийн зүйлд сэрээ, хувин сав, гүц, зулын цөгц, эмээл зэрэг олон янзын мөнгөн эдлэл байна. Монголын анагаах ухаанд мөнгийг элдэв өвчин эмгэгийг анагаах, элдэв хороос урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглаж байсан. Мөнгөн аяганд найруулсан хор хийхэд тэр чигтээ харладаг тул хортой зүйл идэж уухаас сэргийлэхэд их тустай ажээ. Нялх хүүхдийг бэртэхэд мөнгөн бөгжөөр цохиж урин засдаг. Мөнгө муу муухай гай бэртэнгийг үлдэн хөөдөг гэдэг.
Зэс
Хуучин цагийн оточ маарамбууд зэсийн ид шидийг их үнэлдэг. Хүний биед түүний ач тус их гэж үздэг байсны ул мөр бол хоол хүнсний олон сав суулгыг зэсээр бүтээсэнд оршдог. Мөнгөний нэг адил зэсээр сав хувин, шанага, аяга, тогоо хийж ашиглаж байсан нь зэсийн дутагдлаас хамгаалах, нөгөө талаар элдэв нян устгах чадлыг нь ашиглаж байсан юм. Эмийн сударт байгальд цэвэр оршдог аранжин зэс, хад чулуулаг хүдэртэй хүрэн бор зэс гэж ангилдаг байсан. Зэсийн мөн чанарыг танихдаа сайн давтаад мод, төмрөөр цохиж дэлдэхэд сайхан дуутай бол цэвэр ба алтан зэс болно. Зэсийг усанд чанаж малын ясны бэртэнгэд хэрэглэж байжээ. Мөн зэсийн хаг үнсийг эмийн олон жор оруулдаг. Зэсийг улайсган давтахад улаан оч үсрэх бөгөөд хөхөрхөөрөө саарал өнгөтэй талст маягийн үртэс гардаг. Үүнийг зэсийн хаг гэдэг. Энэ хагийг тарганд хийж олон хонуулсны дараа шүүж аваад дахин тарганд хийхэд бал гарахгүй бол гүйцсэн гэж үзээд сүрьеэ мэт өвчнийг эмнэх эмийн жорд оруулдаг. “Зэсийн үнс -25” гэж алдартай эм байдаг.
Шил
Байгаль дээр аяндаа бий болсон гурван төрлийн шил байдаг. Цагаан, усны өнгөтэй буюу хөх ногоон туяатай, улаавтар туяатай тунгалаг шил байдаг . Эдгээр шилийг дотор харанхуйлах, бачимдах, зүрх дэлсэх, ухаан алдах зэрэг өвчнийг анагаах эмийн жорд оруулдаг.
Төмөр
Төмрийг эр, эм гэж хоёр хувааж, төмрийн чулуу, соронзот төмөр, зэв жадны үзүүр, амьтны гаралтай төмөр гэж таван зүйлд хувааж элэг, нүдний өвчин, цайвар хаван өвчнийг анагаах эмийн жорд оруулдаг. Төмрийн үнс, талх, хаг, нүүрс, шүүс гаргуулж эмэнд хэрэглэж байсан. Төмрийн үнсийг гарган авахдаа түүнийг сайтар давтан нимгэн болгоод, балган модны навчтай хамт удаан чанаж, бал зэвийг гаргасны дараа сайтар угааж, хорыг гаргана. Дараа нь нарийн хуурайгаар үрж, үртэс гарган түүнийгээ ваар саванд хийж, дээрээс нь баала гэдэг ургамлаар бүрхэж хий орохооргүй бөглөөд, шатаана. Үртэсээр нь элэг, дэлүү томрох өвчний үед эм хийдэг. Улаан гүрийг төмрийн шүүс гэдэг. Элэг, нүд, шар өвчнийг арилгахад хэрэглэнэ. Газарт удаанаар дарагдаж зэвэрсэн төмрийн зэв нь мөн чанараа алдсан төмөр бөгөөд эмийн чадлыг олсон байдаг тул үүнийг ар-үрийн шүүсэнд угааж, элэгний өвчний эмэнд оруулна.
Аянганы төмөр
Энэ бол хүрлийн үед хүрэл зэмсгийн газар дор удаан хадгалагдаж аянга цахилгааны таталтаар газар дээр гарч ирсэн нэгэн зүйл төмөр. Улаан, шар, цагаан, хар төрөл байдаг. Арьс цайх, шарх хогжруутах зэрэгт тустай.
Хүрэл
Зэс, цагаан тугалга хоёрын хайлш юм. Хар, цагаан, улаан, хар гэж байдаг. Цагаан хүрлийг номхотгож эмийн жорд оруулдаг. Харин улааныг нь чулуунд билүүдэж, балыг авч шарханд хийдэг. Хүрлийн энэ бал нь нүдэнд сайн ажээ. Хүний биеийн элдэв үнэр, шивэр, хулмас, шивх, шивтэр зэргийг дарахдаа хүрэл орсон эмийг хийж угаах буюу биед нь зүүж өгдөг байжээ.
Шүр
Далайн ёроолын чулуужсан амьтнаас гаралтай нэгэн зүйлийн эрдэсийг шүр гэнэ. Шүр нь тансаг сайхан эдлэл бөгөөд эмийн нандин түүхий эд. Эмийн сударт тэмдэглэхдээ шүр нь далайн захын хад асга, элстэй газар мод шиг ургах бөгөөд доод тал нь чулуужсан байдаг. Үзүүрийн хэсгийг улаан, ёзоорын хэсгийг хар буюу цагаан гэдэг. Эмэнд зөвхөн улаан шүрийг хэрэглэнэ гэжээ. Түүнийг хортой халуун уушгины сүрьеэ, элэгний өвчин анагаах эмийн жорд оруулж иржээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...