Дөрвөн аймагт Цэвэрлэх байгууламж барих хөрөнгийг шийдвэрлэлээ
- schedule 2017 оны 7 сарын 3
- chat_bubble 3
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Архангай, Дорноговь, Өвөрхангай,Өмнөговь аймгуудад төв цэвэрлэх байгууламж барихаар боллоо.
Энэхүү ажлын хүрээнд 21.17 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт өнгөрсөн зургаадугаар сарын 30-ны өдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэн, БХБ-ын сайд Г.Мөнхбаяр, АХБ-ын төлөөлөл, дээрх дөрвөн аймгийн Засаг дарга нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Аймгуудын төв цэвэрлэх байгууламж хамгийн хүндрэлтэй, төсөв, хөрөнгө оруулалт шаардагддаг асуудлуудын нэг байдаг. Тэгвэл энэ асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх ажлын эхлэл тавигдлаа.
Барилга угсралтын ажилд дотоодын компаниудыг татан оролцуулж энэ намар эхлүүлэх уг ажлыг 2019 оны сүүлээр дуусгахаар төлөвлөжээ. Төслийн хэрэгжилтэд туслалцаа үзүүлэх, барилгын ажлын тендерийн баримт бичиг боловсруулах, зөвлөх үйлчилгээний гэрээ болон төслийн дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулав. Дараагийн удаад Булган, Дундговь, хэнтий, Хөвсгөл, Увс зэрэг таван аймгийн төвд цэвэрлэх байгууламж барих 20 сая ам.долларын хөрөнгийг АХБ-тай хамтран шийдвэрлэсэн байна.
Цаашид Монгол Улсын Засгийн газар, АХБ-тай хамтран Монгол Улсын аймаг, сумын төвүүдийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт 360 сая ам.долларын зээл, үүний техникийн туслалцаанд зориулсан 1,5 сая ам.долларын буцалтгүй тусламж, Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хөтөлбөрт 80 сая ам.долларын зээл, Хүн амын нутагшил суурьшлын ерөнхий төсөлд 1,5 сая ам.долларын зээл, Хуурай хог хягдлын менежментэд 3 сая ам.долларын буцалтгүй тусламж, Хотын ногоон хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд 0,7 сая ам.долларын буцалтгүй тусламжийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
АХБ 1991 оноос манай улстай хамтарч олон салбарт хөрөнгө оруулалт хийж төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн юм. 1997 оноос өнөөг хүртэлх буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлд нийт 312,4 сая ам.долларын санхүүжилт хийгджээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...