Худалдагдсан эх орончдын хулгайлагдсан эх орон...
- schedule 2017 оны 6 сарын 21
- chat_bubble 0
Яруу найрагч Ц.Хулангийн дараа Р.Эмүжин ийн хэлэв
Жанжин Сүх 60 тэрбумын бацаануудтай төрөө худалдах тухай үг хэлцэн Түгжилдэж байсангүй. Урлаг соёл спортынхныг сүрэг сүргээр нь дагуулж, сүрийг үзүүлж явсангүй. Цагаан дээлт Дамдины хүү өөрийнхөөрөө Монголыг хайрласан. 19-р зууны эхээр "Харли Дэвидсон"-д нүд унагаж, дэлхийн зүг саравчилж зогссон Бодоо өмчний сэтгүүлч, халаасны найрагч, жүжигчдийнхээ нүдээр хамаг Монголыг хараагүй. Өөрийнхөөрөө харж, мэдэрч, хайрлаж, шархирч байв.
Хатанбаатар Магсаржав, Манлай баатар Дамдинсүрэн нар урвасан хулгай нартай нүүр тулахдаа төөрөлдсөн түмэн олноо эвлүүлсэн үү гэхээс эвдэж байгаагүй...цаг цагийн ээдрээг туулж, үе үеийн үрчлээт түүхийг бүтээхдээ тэд төр, халаас хоёрыг ангид байлгаж, түмэн олныхоо дунд дуу мэт амьдарсан.
Дуу мэт үлдсэн. Учир нь тэдэнд ард нь нуугдах баг байгаагүй. Багний ард нуугддаг бачимхан, балчирхан эрчүүд ч биш. Харин одоо....хөлсний сэтгүүлч коммунизмтай тулалддаг эх оронч болж, мөнгөний Сандуй сандал суудал эзэгнэсэн дарга хэмээгдэж, зуучилсан, зөөвөрлөсөн, зарсан, зарагдсан Доржзодов ардын баатар болтлоо алдаршин....эх оронч хэмээх тодотгол элэгдэж хуучран, эмээгийн түмэн нөхөөстэй алчуур шиг үнэгүйдэв. Худалдагдсан эх орончдын хулгайлагдсан эх орон!
Энэ удаагийн сонгууль Монголын улс төр, нийгэм, цаашлаад эх орон маань хэдхэн хүний халаасанд орж, хэтэвчинд хоригдож буйг гашуунаар нотоллоо. Нэг хэтэвч нөгөө хэтэвчтэйгээ муудалцан шөргөөцөлдөж, нэг хүний халаас нөгөө хүний халаастай мөргөлдөн үзэн ядалтанд автаж, бас нэгний мөнгө өөр нэгний мөнгөтэй үзэлцэж...7 сарын 1-н дахин давтагдах хөрс суурь үндсэндээ бүрэлдлээ.
Ийм эрсдэлтэй нөхцөл байдлыг зориуд бүрдүүлэх ажиллагаа улам бүр эрчимжиж байна. Халаас халаастайгаа, мөнгө мөнгөтэйгээ, хэтэвч хэтэвчтэйгээ эх орноо барьцаалан нанчилдаж буй эл өдрүүдэд сэтгэл зүрхээ сэрэмжилж үлдэх нь эрүүл сонголт хийх эхний гарц аж. Хямдарсан эх орончдын эрин үед, үнэгүйдсэн эв нэгдлийн үнэрээр монгол түмэн минь бүү хагаралдаасай, бүү нэг нэгнийхээ эсрэг үгэн сум, үнэгэн жад, хуурамч илд, хулгай сэлэм далайгаасай.
Солиотой энэ талцлын эцэст, сонгуулийн дүн танилцуулах тэр өдөр бүрэн Монгол бүтэн үлдэх болтугай. Үүний тулд таны зүрх сэтгэл хэтэвч хэтэвчтэйгээ хийж буй тулаанаас шарх аваагүй, бүтэн дүүрэн байх учиртай юм. Монгол хүн таны зүрх сэтгэлд миний, бидний, үр хүүхдийн минь хайртай Монгол Улс бий...тэр шархдах ёсгүй!
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...