Цэцэг яагаад уйлдаг вэ?
- schedule 2017 оны 6 сарын 15
- chat_bubble 1
Нил цэцэгний навчнаас усны дусал бөнжигнөөд гараад байх юм. Яасан юм бол?
Үнэндээ ганц нил цэцэг ч биш ургамал бүр "уйлдаг". Энэ үзэгдлийг "ГУТАЦИ" гэж нэрлэдэг. Латинаар "gutta" — "дусал".
Үүнийг өглөөний шүүдэртэй хүмүүс андуурдаг. Шүүдэр нь агаарын температур шөнөдөө бууснаас чийг агуулах чадваргүй болж усны дусал хэлбэрт шилжихийг хэлдэг. Харин халуун, дулаан шөнө шүүдэр гарах нөхцөл бүрдээгүй байхад гүзээлзгэний навчны захаар ус бөнжигнөж байхыг анзаарсан бол энэ нь гутаци юм.
Гуттаци
Шүүдэр
Мөн шүүдэр нь цэцэг навч, иш мөчир гээд бүхэлд нь бүрхдэг бол гутацийн үед зөвхөн навчны үзүүрээр гардаг.
Бальзамин
Гутацийн хамгийн энгийн жишээ Бальзамин буюу Усан цэцэг дээр тод харагддаг. Ус дутахад, эсвэл бороо орохын өмнө бальзамины навчны захаар усны дусал гялалзаад харагддаг. Халуун орноос гаралтай цэцгүүдэд гутаци нь жирийн үзэгдэл юм байна.
Нил цэцэг
Нил болон бусад ихэнхи тасалгааны цэцгүүдийн хувьд энэ нь буруу усалгаатай холбоотой. Ус хэтрүүлсэн, муу гэрэлтэй газар байрлуулсан зэрэг нь тасалгааны цэцгийг илүүдэл усаа ийм аргаар гадагшлуулахад хүргэдэг.
Мөн цаг агаар өөрчлөгдөхийн өмнө олон ургамал уйлдаг. Заримдаа бороо орохоос хэдэн өдрийн өмнө, заримдаа хэдэн цагийн өмнө ус дусалж эхэлдэг. Энэ үзэгдлийг эртнээс анзаарч байсан байна.
Шүүс ялгарах нь хавар мод нахиалахын өмнөхөн илүү их ажиглагддаг байна. Учир нь хөрсний ус үндэсний даралтаар дээш шахагдаж эхэлдэг. Гэтэл тэр их усыг ууршуулах навч нахиа гараагүй байгаа. Мод тэр чигээрээ шүүсээр дүүрдэг байна. Энэ үед нь модонд нүх гаргавал шүүс нь гадагш урсаж эхэлдэг. Хавар хүмүүс хус модны шүүс хурааж уудаг. Мөн агч модны шүүсийг цуглуулж Maple syrop хийдэг.
Үндэсээр ус дээш түлхэж явуулж байгаа хүчийг "үндэсний даралт" гэдэг байна.
Хусны шүүс хурааж байгаа байдал
"Ургамал уйлах" нь ургамлын усан хангамжтай холбоотой физиологийн процесс. Хөрс нойтон, орчны агаар хэт их чийгтэй байхад үндэс дэндүү их ус сорж авдаг. Гэтэл дээр байгаа навчнууд нь энэ бүгдийг ууршуулж амждаггүй. Гадагшлуулахын тулд навчны үзүүрт байрлах нүхнүүдээр ялгаруулах болдог. Хуурай агаартай газар ийм үзэгдэл тэр бүр таараад байдаггүй.
Ийм аргаар илүүдэл ус чийгнээсээ гадна илүүдэл давс, тэжээлээ гаргадаг байна. Усны дусалууд хатаж эхлэхэд навчин дээр элсэн чихэрний ширхэг шиг хатуу кристал үлддэг.
Лимоны модны навчин дээр элсэн чихэр шиг хатуу шаргал зүйлүүд гараад байна. Тэр юу вэ? гэж цэцэгчид их асуудаг. Энэ нь буруу усалгаанаас болоод гуттаци бий болж, хатсан байгаа нь. Навчны үзүүрт гарах шингэнд нь төрөл бүрийн бодис ууссан байгаа тул хатахдаа чихэрлэг амттай шаргал кристал болж үлддэг.
Бенжамины удамбор дээр гуттацийн хатсан үлдэгдэл
Бидний мэдэх монос, төмс, настурци, ялдам, хаваршил, филодендрон, бальзамин, гоо даль, годонхой, гундаахай, монстера, алоказия, аглаонема, каладиум, спатифиллум, сингониум, замиокулькас гээд Ароидын төрлийн бүх ургамлууд гуттацид өртдөг.
Энгийнээр хэлэхэд ус дуслаж байвал ургамал эрүүл байна, ургамлын үндэс эрүүл байна гэсэн шинж. Илүүдэл усаа өөрөө зохицуулж чадаж байна гэсэн үг. Мэдээж цаашдаа усалгаагаа анхаарсан нь дээр.
Гуттаци нь ихэвчлэн шөнийн цагаар, үүр цайх үед, бороо орохын өмнө, салхигүй бүрхэг өдөр үүсдэг. Өвөл ч гуттаци гарч болно.
Усалгаагаа тохируулж зөв услахгүй бол байнга гарах давс, хужир, чихэр агуулсан шүүснээс болоод навч түлэгддэг.
Мөн энэ амттай шүүсэн дээр элдэв мөөгний спор, бактери, эгэл биетүүд наалдаж үржиж эхэлдэг.
Буруу услахаас гадна бөгчим агаартай, гэрэл муу газар навч наалдамтгай шүүс ялгаруулдаг. Иймд гэрэлтэй газар цэцгээ байрлуулаарай. Цонхоо нээж агаар оруулж байгаарай.
Эх сурвалж: Цэцгээр гоёсон гэр минь
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...