Индонез улсын авлигатай тэмцэх хорооны мөрдөн байцаагч химийн хорт бодисоор хорджээ
- schedule 2017 оны 4 сарын 17
- chat_bubble 0
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, вэб сайтад энэ дөрөвдүгээр сарын 12-ны байдлаар нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тоймыг АТГ-аас нийтэлсэн байна.
Энэхүү нийтлэлийг та бүхэнд хүргэж байна.
Индонез улсын авлигатай тэмцэх хорооны мөрдөн байцаагч химийн хорт бодисоор хорджээ
Өнгөрсөн мягмар гарагт өндөр түвшний улс төрчтэй холбоотой хэргийг шалгаж байсан Авлигатай тэмцэх хорооны нэгэн мөрдөн байцаагч халдлагад өртсөн талаар тус улсын Цагдаагийн газар мэдээлсэн байна.
Хохирогч Новэл Басвидан-г сүмээс гаран явж байхад замаас нь хоёр хүн гэнэт гарч ирээд түүний нүүр рүү химийн хорт бодис цацсан байна.
2011, 2012 онд цахим иргэний үнэмлэхний тогтолцоог Индонезид нэвтрүүлэхээр зориулагдсан төсвийн ихэнх хувийг буюу 440 сая ам.долларыг 80 гаруй хүн болон хэд хэдэн компани хамтарч авсан хэргийг Индонез улсын Авлигатай тэмцэх хороо шалгаж байсан ажээ.
Уг хэрэгт Ерөнхийлөгч Жоко Видодо-гийн бүлгийнхэн, тухайлбал, Хууль зүйн сайд, Дотоод хэргийн сайд, Парламентын дарга, орон нутгийн мужийн хоёр захирагч нарын нэр бүхий хүмүүс холбогдсон бөгөөд дээрх гарсан асуудал нь үүнтэй холбоотой байж магадгүй гэнэ.
Ерөнхийлөгч Жоко уг асуудлыг “харгис үйлдэл” гэж хэлээд холбогдох хэрэгтнүүдийг олохыг тушаасан байна.
Авлигын хэрэгт холбогдсон гаалийн ажилтныг Новосибирск хотын шүүх нэг сая рублиэр торгожээ
Хахууль авч, хуурамч бүрдүүлэлт хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн Новосибирск хотын Гаалийн газрын алба хаагчийг шүүх батлан даалтаар гаргаж, 1 сая рублийн торгууль оногдуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр түүнд 2 жилийн тэнсэн харгалзах ял оноож, 2.6 жилийн ялтай байдлын хугацаа өгч, мөн нэмэлтээр 1,078,000 рублиэр торгосон ажээ.
Тэрээр “Толмачево” нисэх онгоцны буудлын Гаалийн газрын даргаар 2014 онд ажиллаж байхдаа гадаадаас ирсэн барааны бүртгэлийг хуурамчаар үйлдэж, хэд хэдэн удаа бизнес эрхлэгчээс хахууль авч байсан нь тогтоогдсон юм байна. Тэрээр нийт 107 мянган рублийн хууль бус шагнал авчээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үеэр, яагаад ийм гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөлийг тогтоохоор анхаарч ажилласан байна. Мөн уг асуудлын талаар тус хотын Гаалийн газарт алба хаагчдынх нь зүй бус үйл ажиллагааны талаар мэдээлж, авлигыг үл тэвчих ёс суртахууныг төлөвшүүлэхийг үүрэг болгожээ.
Эх сурвалж: http://tass.ru/sibir-news/4175460
Молдав улсын төрийн зарим албан хаагчдыг баривчилжээ
Молдав улсын Авлигатай тэмцэх үндэсний газар орон даяар төрийн байгууллагуудад нэгжлэг шалгалт хийж, улмаар төрийн албан хаагч 19 хүнийг баривчилсан байна.
Баривчлагдсан хүмүүсийн дунд хотын гурван дарга, сургуулийн таван захирал болон хэд хэдэн компанийн захирал байсан гэнэ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэд тендерийн журмыг зөрчиж, тодорхой нэр бүхий компаниудад олгож байсан байна.
Харин хууль сахиулах байгууллагын мэдээлснээр тус улсын Засгийн газрын санаачилгаар эмнэлэг, сургууль, олон нийтийн байгууллагуудад дулаан түгээх төхөөрөмж нийлүүлэх байсан төсөлтэй холбогдуулан шалгалт хийсэн ажээ.
Хэрэгт холбогдогч нарыг 72 цагийн хугацаагаар баривчлан саатуулсан бөгөөд хэрэв тэдний гэм буруутай нь нотлогдвол 15 хүртэл жилийн хорих ял болон торгуулийн нэмэлт ялаар шийтгэгдэж магадгүй юм байна.
Эх сурвалж: http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/4172707
Филлипин улсын Омбудсманы газрын төлөөлөгчдийг БНХАУ-ын Авлигаас урьдчилан сэргийлэх товчоонд зочлохыг тус товчооны дарга урьжээ
Өнгөрсөн даваа гарагт БНХАУ-ын Авлигаас урьдчилан сэргийлэх товчооны дэд дарга бөгөөд Коммунист намын Сахилга батыг хянан шалгах хорооны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Лью Жинчао Филлипин улсад хийсэн айлчлалынхаа үеэр тус улсын Омбудсманы газрын дарга Кончита Карпио Моралис-г эх орондоо айлчлахыг урьсан байна.
Лью Жинчао өмнө нь Филлипин улсад Элчин сайдаар ажиллаж байсан бөгөөд одоо тэрээр нам дахь авлигачдыг илрүүлж, БНХАУ-аас оргон зайлсан хэрэгтнүүдийг олж илрүүлэн, тэдний хулгайлсан хөрөнгийг буцаан авчрах үүрэгтэй байгууллагыг толгойлох байгаа ажээ.
Тэрээр “Манай нам 88 сая гишүүнтэй, үүнээс 44,000 хүн авлигын асуудлаар шийтгэгдэж байсан. Удахгүй бид Филипины Омбудсманы газартай төстэй хяналтын хороо Хятадад байгуулна” гэжээ. Ийм байгууллага нь авлигын хэргийг мөрдөн шалгаж, яллах чиг үүрэгтэй байх юм байна.
Хяналтын хороог байгуулах бэлтгэл ажлын хүрээнд тэд “Скай нет” гэх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд энэ нь хууль бусаар гадагш гарсан нэг тэрбум ам.долларыг болон түүнийг авч оргон зайлсан хэрэгтнүүдийн хамтад нь олж, илрүүлэх зорилготой ажиллагаа юм. Энэ ажлынхаа үр дүнг сайжруулахын тулд тэд эрэн сурвалжлагдаж буй онцлох 100 хүний нэрсийг зарласан байна.
Тухайлбал, уг ажиллагааны хүрээнд Ли Хубо гэх орон нутгийн нэгжийн санхүүгийн асуудал хариуцсан даргаар ажиллаж байсан хүн 20 сая ам.доллар залилж, авч гадаадад зугатан зайлсан хэргийн талаар танилцуулжээ. Ингээд түүнийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны үр дүнд Сингапур улсад байнгын оршин суугчаар амьдрах эрхтэй болсныг олж тогоон, түүнийг хулгайлсан хөрөнгөтэй нь хамт албадан авчирсан талаарх ажлын амжилтаас ярьсан байна.
Мөн тус товчоо нь Интерполтой хамтран ажиллаж, 39 хэрэгтнийг эх оронд нь буцаан авчирч байсан ажээ.
Эх сурвалж: http://www.manilatimes.net/china-copy-office-ph-ombudsman/322152/
Эх сурвалж: АТГ
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...