Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч тангараг өргөлөө
- schedule 2017 оны 1 сарын 2
- chat_bubble 0
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Г.Банзрагчийн шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Дээд шүүхэд 2017 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр боллоо.
Ёслолын ажиллагааны үеэр Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь “Манай танхим Г.Банзрагч, Б.Мөнхтуяа хоёр шүүгчээ хүлээн авч, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах болсондоо баяртай байна. Б.Мөнхтуяа шүүгч олон жил шүүгчийн албан тушаалыг хашсан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан туршлагатай шүүгч. Г.Банзрагч шүүгчийн хувьд ХБНГУ-д захиргааны процессоор докторын зэрэг хамгаалсан, шинээр батлагдсан хуулиудын ажлын хэсэгт ажиллаж байсан, онолын өндөр мэдлэгтэй шүүгч. Ийнхүү онол, практикаар цэнэглэгдсэн 2 шүүгчтэй хамтран ажиллах болсонд баяртай байна.” гээд шийдвэр нь мэргэн байхыг хүсэн ерөөлөө.
Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон Б.Мөнхтуяа “Би шүүхийн байгууллагад 28 жил, үүнээс шүүгчээр 25 жил ажиллаж байна. Улсын Дээд шүүхийн шүүгч хэмээх хариуцлагатай, өндөр албан тушаалд томилогдсондоо баяртай байна, та бүхэнтэй сайхан хамтарч ажиллана гэдэгтээ итгэлтэй байна” хэмээв.
Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч хуульч мэргэжлийн дээд оргил болсон Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсондоо баяртай байгаагаа илэрхийлээд шударга, үнэнч, хариуцлагатай ажиллахаа амлалаа.
Энэ үеэр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн ажлын албаны дарга, Монгол Улсын гавъяат хуульч М.Дамирансүрэн Дээд шүүх хэмээх өндөр босготой айлын хаалгыг татаж орж ирсэнд нь шинэхэн шүүгчдэд баяр хүргээд хамт олноо хүндэтгэж, шударгаар ажиллахыг захив.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...