Өнөөдөр “Мишээл” экспод ӨМӨЗО-ны 60 гаруй компанийн бүтээгдэхүүнүүд дэлгэгдлээ
- schedule 2016 оны 8 сарын 12
- chat_bubble 0
Монгол, Хятад хоёр орны бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий “БНХАУ-ын ӨМӨЗО-ны бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн” Мишээл экспо төвд өнөөдөр нээгдлээ.
Үзэсгэлэн худалдааг МҮХАҮТ, БНХАУ-ын Олон улсын худалдааны танхим, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Хөх хот, Шилийн гол, Бугат, Шинейн, Хянган, Ляонин зэрэг аймгийн 64 аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ сурталчилж байна.
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле тус үзэсгэлэнг нээж үг хэллээ.
Тэрээр “Манай яамны зүгээс Мал аж ахуй, газар тарилангийн органик үйлдвэрлэлийн болон цэвэр байгалийн гаралтай, дотоод, гадаадын шаардлага хангасан түүхий эд бүтээгдэхүүнийг бий болгож гадны зах зээлд гаргаж, эдийн засгийн шинэ чадавхийг бий болгохыг зорьж байна.
Энэ ажлын хүрээнд Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон “Хүнсний тухай” хуульд заасны дагуу “Органик хүнсний тухай” хууль, “Органик Монгол хүнсний үйлдвэрлэлийг дэмжих” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Ингэснээр ХАА-н салбар дахь үйлдвэрлэл худалдаа, хөрөнгө оруулалтын орчин улам бүр сайжирч, ялангуяа цэвэр байгалийн гаралтай болон хөдөө аж ахуйн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадаад зах зээлд гарах шинэ боломж гарч, хоёр улсын хамтын ажиллагаанд ахиц дэвшил авчирна гэдэгт итгэлтэй байна” гэж онцоллоо.
Улаанбаатар хотноо 11 жилийн турш болсон “Хятадын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, хөрөнгө оруулалтын уулзалт” арга хэмжээний үндсэн дээр анх удаа бие даан зохион байгуулж буйгаараа энэ удаагийн үзэсгэлэн онцлогтой.
Түүнчлэн Монгол Улсын экспорт, импортын худалдаа, хоёр орны хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд түлхэц болох чухал ач холбогдолтой гэдгийг албаныхан хэлж байлаа.
Энэхүү ажлын хүрээнд маргааш “Органик ногоон бүтээгдэхүүн, аялал жуулчлал-2016” сэдэвт эдийн засаг, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чуулга уулзалт болох юм байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...