“Хүндэт донор” болсон Н.Амгаланбаатар 47 удаа цусаа хандивлажээ
- schedule 2016 оны 6 сарын 14
- chat_bubble 55
Дэлхий дахинд жил бүрийн 6 сарын 14-нийг “Цусны донорын дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэхүү өдрийг “Цус амьдралын амин холбоо” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Цусны донор, өвчтөнд цусаа өгөхийн ач тус, бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудыг алдаршуулах үйл ажиллагааг Тусгаар тогнолын талбайд Цус сэлбэлт судлалын үндэсний төв ЦССҮТ/, МУЗН хамтран зохион байгуулсан. Тус өдөрлөг нь “Цусаа бэлэглэж, амьдралыг тэтгэе” уриан дор болж байгаа билээ.
Өнгөрсөн 2015 онд манай улсын хэмжээнд нийт 30400 орчим донор цусаа бэлэглэснээс нийслэлд 23372, хөдөө орон нутагт 7028 донор цусаа бэлэглэж, 15 нэр төрлийн 72 мянга гаруй нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж эмнэлгүүдийн хэрэгцээг хангажээ.
Энэ өдрийг угтан тогтмол хугацаанд цусаа бэлэглэдэг доноруудыг алдаршуулах, нийгэмд таниулахаар 35 болон түүнээс дээш удаа цусаа бэлэглэсэн доноруудад МУЗН-ийн “Хүндэт донор” цол олгодог. Улаанбаатар хотод энэ онд 43 донор “Хүндэт донор” цолны болзол хангажээ. Энэ жилийн хамгийн залуу “Хүндэт донор” цол тэмдгээр 2012 оноос 47 удаа цусаа хандивласан 21 настай Н.Амгаланбаатар тодорлоо.
Тэрээр хэлэхдээ, “2012 онд төрсөн эгчийн хүү түлэгдээд би цусаа өгч донор нь болсон. Тэр үед ямар ч бүлгийн цустай хүн донор болж болох юм байна гэдгийг мэдсэн. Түүнээс хойш тогтмол шинжилгээ өгч, сар бүр цусаа бэлэглэдэг болсон. Нэг удаагийн цусаар гурван хүний амийг аварна гэдэг бол үнэхээр ач тустай, бахархалтай, буяны үйлс гэж боддог. Залуучууддаа хандан цусаа бэлэглэж, гурван хүний амь нас аварцгаая гэж уриалж байна” гэж ярьж байлаа.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...