Ноён уулаа аврах нь Монголоо ч давхар аварна гэсэн үг
- schedule 2016 оны 5 сарын 20
- chat_bubble 0
Ноён уулаа хамгаалахаар хоёр жил тойрон тэмцсэн хүмүүсийн нар гийсэн өдөр тохиов. Учир нь ‘’Ноён уулаа аварья” хөдөлгөөнөөс Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уул орчимд олборлолт явуулахаар “Сентерра Гоулд” компанид олгосон дөрвөн лицензийг түдгэлзүүлэх цаашилбал, лицензийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэх гаргасаны дагуу уг хэргийн шүүх хурал 2016 оны 5 дугаар сарын 19-ны 10.30 цагт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, лицензүүдийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан явдал юм.
Шүүх хуралд нэхэмжлэгч тал болох “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийг төлөөлж, өмгөөлөгч Г.Батбаяр, Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн хяналтын хорооны дарга, "Ноён уулаа аварья” хөдөлгөөний Улаанбаатар хот дахь салбар зөвлөлийн тэргүүн Ж.Ганбаатар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Босоо Хөх Монгол ТББ-ын тэргүүн П.Шижээравдан, Эвлэн мандуулах хүчний тэргүүн Ц.Мөнхбаяр нар болон иргэдийн төлөөлөл, хариуцагчаар Ашигт малтмалын газар, гуравдагч этгээдээр “Сентерра Гоулд” компанийн төлөөөлөл оролцсон.
Уг лицензийг түдгэлзүүлэхээр 2016 оны дөрөвдүгээр сарын 4-ны өдөр хүсэлт гаргасан бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард Ноён ууланд газар дээр нь очиж, шүүхийн үзлэг хийсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэд, ‘’Ноён уулаа хамгаалья хөдөлгөөн’’, ‘’Эвлэн мандуулах хүч’’-ний төлөөлөл, бусад байгаль хамгаалах чиглэлийн олон нийтийн байгууллагынхан газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцсан юм.
Ноён уулан дахь Гацууртын орд газарт “Сентерра Гоулд” ХХК ашиглалтын дөрвөн лиценз эзэмшдэг, хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй гэж тогтоогдсон. Гацууртын ордыг стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад оруулснаар Монгол Улсын Засгийн газар 34 хувь, “Сентерра Гоулд” ХХК 66 хувийг эзэмших болсон билээ.
Өнөөдөр болсон шүүх хуралдаанаар лицензийг түр түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн байна. Одоогоор тус газарт олборлолт эхлээгүй байгаа ч олборлолт явуулснаар байгаль орчин болон түүхийн дурсгалт уг газрын эко систем алдагдах асар их аюултай гэж иргэний нийгмийн төлөөллийнхөн үзэж байгаа.
Харин гуравдагч тал найман тэрбум төгрөгний эхний гэрээ хэлцэл хийгдсэн, нэг тэрбум төгрөгний урьдчилгаа төлбөр хийгдсэн болон 50 гаруй хүн ажиллуулж байгаа, лицензийг түдгэлзүүлснээр олон улсын биржид компанийн хувьцааны үнэ унах гэх мэт хохирол учирна гэж мэдэгдэж байсан бол нэхэмжлэгчид олборлолтыг эхлүүлэлгүй лицензийг түдгэлзүүлснээр харин ч байгаль орчинд учирч болох илүү их хохирлоос урьдчилан сэргийлэх боломжтой гэж тайлбарлаж байлаа. Ингээд анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн талд гарлаа. Харин хариуцагч тал шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдахаа мэдэгдэв.
2200 жилийн түүхтэй Монгол төрийн их хаад хатдын булш, бунхныг залсан эртний тахилга сүлдэт Ноён уул маань УИХ-аас 2009 онд баталсан Урт нэртэй хууль буюу “Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан, усны сав бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар бүрэн хамгаалагдсан байгаа. Дээр нь Төрийн шүүх шийдвэрээ гаргалаа.
Ноён уул нь хуучин цагийн Өргөө буюу өнөөгийн Улаанбаатараар дайран Хиагтаас Цагаан хэрмийн Чуулалт хаалга орох худалдааны их замын хаяанд байсан тул 18-р зууны сүүл 19-р зууны эхэн үед түүгээр явж өнгөрсөн, Хаант Оросын болоод Баруун Европын жуулчин, элчин нар энэ уулыг, ан аваар элбэг, үзэмжтэй сайхан, нутгийн хүмүүс нь үүнийг ихэд хайрлан хамгаалдаг хэмээн замын тэмдэглэлдээ бичсэн нь бий. Өнөөгөөс 200 илүү жилийн өмнө уг уулыг мөн л Ноён уул хэмээн хүндэтгэн нэрлэж дархлан хамгаалж байсан нь нутгийн монголчууд тэнд эртний хаад язгууртны булш оршуулга байсныг лавтай мэддэг, тэдгээрийг дээдсийнхээ дурсгал хэмээн үзэж хөндөн сандаахыг цээрлэж байсны гэрч болно. Ноён уулаа хамгаалахаар Монголчууд нэгдэж тэмцэж чадсаны үр дүнд Монголоо аврах хаалга нээгдлээ. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...