III сургуулийн барилгад цууралт үүсчээ
- schedule 2016 оны 4 сарын 27
- chat_bubble 0
2015 онд Монгол улсын ууган сургуулиудын нэг III сургуулийн барилга ашиглалтад орж, сурагчдаа хүлээн авсан билээ.
2012 онд нийслэлийн боловсролын салбарт 45.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дөрвөн сургууль, 12 цэцэрлэгийн барилгын ажлыг шинээр эхлүүлэхээр болсон билээ. Эдгээр сургуулиудын тоонд Монгол III дунд сургууль орсон юм. Монгол III сургуулийн барилгыг 2012 оны хичээлийн жил хаасны дараа буюу зургадугаар сарын дундуур нурааж, цоо шинэ барилгын ажлыг эхлүүлнэ гэж холбогдох албаны хүмүүс мэдэгдэж байсан ч 2013 оны намар сургуулийн хуучин барилгыг нурааж, 2014 оны зургадугаар сарын 15-ны өдөр барилгын ажил эхэлсэн билээ. Тус сургуулийн сурагчид өнгөрсөн гурван жилийн хугацаанд IV сургууль дээр бага ангийн сурагчид гурван ээлжээр, 16 дугаар сургууль дээр дунд, ахлах ангийн сурагчид хоёр ээлжээр хичээллэж байсан. Монгол III сургуулийн барилгын ажлыг “Алтанбулаг трейд” компани гүйцэтгэжээ. Нээлтийн ажиллагаанд БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцож багш, сурагчдад ажил, сурлагын амжилт хүсээд “Гуравдугаар сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэсэн “Алтан булаг трейд” ХХК-ийн хамт олон улсын төсвийг хэзээ орох бол гэж хүлээж суухгүйгээр сургуулийн барилгыг хурдан ашиглалтад оруулахаар хүчин чадлаа дайчилж ажиллаад хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулж байгаад баяртай байна. Тус сургуулийн барилгын зураг төсөл нь сүүлийн үеийн евростандартын дагуу хийгдсэн учраас жишиг сургууль болж байна. Цаашид баригдах сургуулиудыг энэ зургийн дагуу хийхээр төлөвлөж байна” гэж хэлж байжээ.
Тэгвэл дэлхийн стандартад нийцсэн байртай болсон III сургуулийн хамт олонд харамсалтай л үйл явдал болсон байна. Энэ нь ашиглалтад ороод хоёр жилийн ч нүүр үзэлгүй гадна, дотор хана нь цуурч, зарим өрөөнийх нь хаалганы хажууд ан цав үүсчээ.
Энэхүү байдлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч нар үзээд “Зуун айл орчмын газар цэвдэгтэй хэсэгт ордог болохоор байшингийнхаа суурин доор нэлээд устай, хоёр янзын хагарал үүссэн. Нойтон байсан шавар хатахаараа хагарсан, зүүн талд нэлээд гүн хагаралтай байгаа. Байшингийн суурийг хоёр янзаар тавьсантай холбоотой. Дулаараад гүний цэвдэг нь гэсэхээр доошоо суулт өгч байна. Бид барилгын ажлыг гүйцэтгэсэн “Алтанбулаг трейд” компанид мэдэгдсэн. Тус компанийнхан ирэх тавдугаар сарын 1-нд засварлаж өгөхөөр болсон” гэсэн хариултыг өгсөн хэмээн тус сургуулийн захирал хэвлэлд өгсөн байна. Түүнчлэн тус барилгыг хүлээлгэн өгөхдөө есөн баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, 60 жилийн баталгаатай гэсэн байна.
Зарим эх сурвалжийн хэлснээр “Алтанбулаг трейд” компанийн үйл ажиллагаа түр зуур зогссон гэх мэдээлэл байгаа аж.
Энэхүү барилга гаднаас нь харахад өнгө, загвараараа евростандартад нийцсэн, чанартай гэх боловч богинхон хугацаанд чанар нь танигдлаа.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...