“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дулааны цахилгаан станцыг 48 МВт-аар нэмэгдүүлэхээр гэрээнд гарын үсэг зурлаа
- schedule 2015 оны 9 сарын 7
- chat_bubble 0
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Дулааны цахилгаан станцад 12 МВт-ын хүчин чадал бүхий 4 ширхэг турбингенераторыг суурилуулан өргөтгөх ажлыг хийж гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр 2015.09.07/ “Туушин” компанийн “Соёмбо” танхимд боллоо. Уг ажлыг БНХАУ-ын “Harbin electric international” компани хийж гүйцэтгэхээр болжээ.
Ёслолын ажиллагааны эхэнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваасүрэн хэлсэн үгэндээ:
-Бид Хятад улсын тэргүүлэх компанийн нэг болох, олон улсын хэмжээнд нэр хүндтэй, ажлын өндөр туршлагатай “Harbin electric international” компанитай хамтран ажиллах болсондоо баяртай байна. “Эрдэнэт” үйлдвэрийн цахилгааны хэрэглээг хангахуйц цахилгаан үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх сайн төсөл болж чадлаа. Гэрээнийхээ төслийг ч харилцан ашигтайгаар тохиролцон хийж чадлаа. Бид баяртай байна. Төслийн ажилдаа амжилт хүсье гэлээ.
“Harbin electric international” компанийг төлөөлж, тус команийн Ерөнхий нарийн бичгийн дарга, ТУЗ-ын дэд дарга Чюй Айминь,
-Энэ өдөр “Эрдэнэт” үйлдвэр ХХК болон манай компанийн хувьд баярт өдөр тохиож байна. Би “Harbin electric international” компанийн өмнөөс энэхүү арга хэмжээ болон төсөлд оролцож байгаа бүх хүмүүст талархалаа илэрхийлье. Бидний хамтран хэрэгжүүлэх гэж буй энэ төсөл Хятад, Монгол хоёр улсын эрчим хүч болон эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. Бид энэхүү төслийг маш сайн хийж гүйцэтгэх болно.
Тэрбээр төслийн тухайд,
-Энэ нь төсөл манай компанийн Монгол Улсад хийсэн хоёр дахь гэрээ буюу яг үйл ажиллагаагаа эхлүүлж буй анхны гэрээ юм. Энэ төслийн зураг төсөл, хяналт шалгалтын ажлыг “Harbin electric” группын Далянь дахь зураг төслийн компани гүйцэтгэх бөгөөд өргөтгөн байгуулах ажлыг тус группын тавдугаар салбар компани хариуцаж биелүүлэх болно. Төслийн гэрээнд гарын үсэг зурсны дагуу ирэх жилийн дөрөвдүгээр сар хүртэл эхний буюу бэлтгэл ажил явагдана. Үргэлжлүүлээд тус төслийн өргөтгөн байгуулах ажил хийгдэнэ. Үүнд 18 сарын хугацаа зарцуулахаар тооцсон гэлээ.
Төслийн гэрээнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал Ц.Даваасүрэн, “Harbin electric international” компанийг төлөөлж тус компанийн Ерөнхий нарийн бичгийн дарга, ТУЗ-ийн дэд дарга Чюй Айминь нар гарын үсэг зурлаа.
Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваасүрэн:
-Өнгөрсөн жил Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцыг өргөтгөх олон улсын тендерийг зарласан. Тендерт Оросын болон Хятадын хэд хэдэн гадаадын компаниуд орсон юм. Тендерт ялсан Хятадын компанитай зарим нөхцөл дээр санал зөрөлдсөн учраас тендер шалгаруулалтад хоёрдугаар байранд орсон “Харбин электрик” компанитай гэрээ байгууллаа. “Харбин электрик” компани нь олон улсад нэр хүндтэй, олон цахилгаан станц барьж ашиглалтад өгсөн туршлагатай компани юм. Бидний хэрэгжүүлэх төсөл ч үр дүнтэй, сайн хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Төсөлд тусгасны дагуу өргөтгөлийн ажлыг 2017 онд бид бүрэн ашиглалтад хүлээн авах юм. 2016 онд үйлдвэрлэлийнхээ 50 хувийг хийж гүйцэтгэн, 2017 онд ашиглалтад өгнө. Нийтдээ 40 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалттай төсөл юм гэлээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...