Алдартай компанийн логонууд нууц утга санаа агуулдаг
- schedule 2016 оны 1 сарын 5
- chat_bubble 1
Пүүс компаниуд эрхлэдэг үйл ажиллагааг нь сайн илэрхийлсэн утга санаа бүхий логотой байхыг хүсч чармайдаг. Магадгүй сайн логотой байх нь компанийн цаашдын үйл ажиллагаанд эергээр нөлөөлнө гэж үздэг. Энэ ч үнэний хувьтай. Компаниуд логогоо янз бүрээр хийдэг. Жишээ нь, зүгээр нэрээ товчлон энгийн үсгээр тэмдэглэдэг, үсгээ янз бүрийн хэлбэрт оруулах, үсгээ элдэв дүрстэй холих, үйл ажиллагааныхаа чиглэл, төрөл, газар, техник зэргийг оролцуулах гэх мэтээр.
Мөн компаниудын лого нэрнийхээ үсгүүдээр тэмдэглэхээс гадна түүндээ далд утга санааг бас давхар илэрхийлдэг байна. Ингээд далд утга санааг агуулсан зарим алдартай компанийн логог сонирхуулъя.
Toblerone
Toblerone шоколадыг баавгайн хот хэмээдэг Швейцарийн нийслэлд хийдэг. Домогт өгүүлснээр ван Бертольд V Церингенсийн хамгийн анхны ан баавгай байснаар "Баавгайн хот" хэмээн нэрлэгдэх болсон гэдэг. Тиймээс Toblerone шоколад үйлдвэрлэгчид хотын эртний нэр, домгийг нутгийг уулстай хослуулан харуулжээ. Уулын дүрсийг сайн харвал баавгай байдаг аж.
Питтсбургийн амьтны хүрээлэн
Питтсбургийн амьтны хүрээлэнгийн логог зэрвэс харахад нэг мод, түүний дээр нисч байгаа хоёр шувуу харагддаг. Тэгвэл нууцлагдсан горилл, арслангийн дүрс өөд өөдөөсөө харан байдаг байна. Мөн доод хэсэгт загас байдаг аж. Ингэснээр бүхий л аймгийн /араатан, жигүүртэн, усны/ амьтдыг эдгээр амьтдаар төлөөлүүлэн оруулснаар логог бий болгосон аж.
Baskin Robbins
Сүлжээ кафе-зайрмагны бизнес эрхэлдэг "Baskin Robbins"-ийн гол уриа нь "өдөр бүр нэгийг-31 амт" ажээ. Та логоноос нь 31 гэсэн тоог харж байгаа биз ээ.
Formula 1
Авто уралдааны хаан "Томёолол 1"-ийн логоо нь хальт харахад F үсэг болон намирсан улаан туг байдаг. Тэгвэл дахин сайн харвал энэ хоёрын дунд нууцлагдсан 1-ийн тоо байдаг.
FedEx
Америкын шуурхай шуудан илгээмжийн үйлчилгээ явуулдаг FedEx компанийн лого нь магадгүй дэлхийн хамгийн "нууцтай" шилдэг лого байх. Федерал, Экспресс гэсэн хоёр үгний товчлол болсон логоны Е, Х үсгийн хоорондох сумыг хар даа. Энэ сум чигээрээ, эрчтэй, шуурхай гэсэн утгыг давхар илэрхийлж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл компанийн хурдтай, нягт нямбай байх гэсэн үндсэн хоёр зарчмыг нь илэрхийлдэг гэнэ. Уг лого оршин байх хугацаандаа 40-өөд логоны шагналыг авсан байдаг гэнэ.
Vaio
JIP корпорацийн нэг хэсэг болсон компьютер үйлдвэрлэлийн Vaio компанийг 2014 он хүртэл Sony эзэмшиж байсан. Vaio хэмээн бичсэн юм шиг үсэг нь үнэндээ аналог болон дижитал /тоон/ системийг илэрхийлсэн үг, тэмдэгт гэнэ. Тайлбарлавал, эхнийх нь аналог системийн сигнал бол 1 ба 0 тоо нь тоон буюу дижитал системийг илэрхийлсэн тэмдэгт аж.
Toyota
Японы машин үйлдвэрлэгч Toyota компанийн логог ковбой малгайтай эртэй харьцуулан тайлбарлах нь бий. Америкууд хардаг байх. Гэвч сайн ажвал Т үсгээс гадна хэрэгтэй утас, зүүний сүвэгчийг дүрсэлсэн /зүүний сүвэгчинд сүвлэгдсэн утас/ байна. Энд Тоёота компани анх нэхмэлийн машин хийдэг байсныг сануулах нь зүйтэй байх. Мөн гурван элипсээр дүрсэлсэн Т үсэг нь хэрэглэгчийн сэтгэл ханамж, бидний үүрэг, хэрэглэгчдийг төлөөлж бүтээгдэхүүний чанар үнэлэмжийг бэлгэддэг байна.

Веб болон гар утасны програм хангамж зохиож, интернэтээр фото зураг солилцох үйлчилгээ явуулдаг "Pinterest" компанийн логоог сайн ажигла. P үсэг нь фото зураг хатгадаг зүү аж.
Hyundai
"Hyundai" компанийн логог хүмүүс ихэвчлэн нэрнийхээ эхний үсгийг өгсөн гэж боддог. Үнэн хэрэгтэй далд нэгэн утга байгаа аж. Энэ нь хоёр хүн гар барьж байгаа буюу үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрын түншлэлийг харуулсан дүрслэл аж.
Amazon
Өргөн хэрэглээний барааны интернэт худалдааны Amazon компанийн логоны бяцхан нууц нь «А» болон «Z»-ийг холбосон сум аж. Энэ нь бүх ажиллагчдыг найрсаг, нөхөрсөг байхыг илэрхийлсэн "инээмсэглэл"-ийг харуулж байгаа ажээ.
LG
БНСУ-ын цахилгаан бараа, электроникийн үйлдвэрлэгч LG компанийн лого мөн л үсгээр дүрсэлсэн байдаг. Мөн л инээмсэглэлийг харуулсан байдаг гэнэ. Брэндийн албан ёсны тайлбараар, энэ инээмсэглэл нь компани бүх үйлчлүүлэгчдээ бүтээгдэхүүнээ санал болгох амлатыг өгч байгааг харуулдаг хэмээжээ.
Coca-Cola
Алдарт "Coca-Cola" компанийн лого угалзруулан бичсэнээс өөр ямар ч онцгой зүйл байхгүй мэт харагдаж байгаа. Тэгвэл улаан дэвсгэр дээр цагаанаар бичсэн нь учиртай гэнэ. Гол нууц нь O, L үсгийн хооронд байдаг аж. Та нарийн сайн ажиглавал тэнд Данийн төрийн далбаа байгааг харна.
Үүнийг анх Данийн дизайнерүүд ажигласан ба манай төрийн далбааг ашиглаж байна хэмээн зарга үүсгэж байжээ. Coca-Cola бусад компаниудаас ялгаатай нь урт удаан хугацааны түүхэндээ логогоо хэзээ ч өөрчлөөгүй.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...