Үндэсний бахархалт цэцэг - Бэр цэцэг
- schedule 2014 оны 11 сарын 4
- chat_bubble 0
ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ - “БЭР ЦЭЦЭГ”
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар Бэр цэцгийг Монголын ард түмний амгалан тайван амьдрал, байгаль дэлхийг дээдлэх үзлийн билэгдэл болгон "Үндэсний бахархалт цэцэг"-ээр өргөмжлөн зарлалаа.
Үндэсний бахархалт цэцгийг зарлуулах ажлын хэсгийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын А/336 тоот тушаалаар байгуулж, иргэд, судлаач, мэргэжилтнүүдийг оролцуулан хоёр сарын турш судалгаа явуулжээ. Алтанхундага, Бэр цэцэг, Шүүдэрцэцэг, Вансэмбэрүү, Алтангагнуур, Цагаан цээнэ, Говийн хялгана зэрэг 9 цэцэгнээс Бэр цэцэг хамгийн олон санал авчээ.
Та бүхэнд Бэр цэцэг "Үндэсний бахархалт цэцэг"-ээр өргөмжлөгдөх болсон талаарх танилцуулгыг хүргэж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт "аялал жуулчлалын салбарын бодлогыг тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн жуулчлалын төрлүүд, түүний дотор тусгай сонирхлын, байгалийн, соёлын аялал жуулчлалыг бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэх" тухай тусгасны дагуу Их эзэн Чингис хааны буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Үндэсний бахархлуудыг нэрлэж ирсэн билээ.
Шувуу ажиглах аялал, уулын аялал тэдгээртэй холбоотой байгаль хамгаалал, ногоон бизнес, бүтээгдэхүүнийг дэмжих зорилгоор 2012 онд шонхор шувууг "Үндэсний бахархалт шувуу", 2013 онд Бурхан Халдун хайрханыг "Үндэсний бахархалт хайрхан" хэмээн зарлаж Засгийн газрын тогтоол гаргасан билээ.
Энэ жил тус өдөрт Үндэсний бахархалт цэцгийг зарлуулахаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам хамтран судлаач, мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсгийг байгуулан нийт хоёр сарын турш олон нийт, төрийн байгууллага, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан судалгаа явууллаа. Санал асуулгад (Монгол Алтанхундага, Бэр цэцэг Шүүдэрцэцэг, Вансэмбрүү, Алтангагнуур, Цагаан цээнэ, Говийн хялгана, Монгол Потанин, Монгол Догар) гэж есөн цэцэг оролцсоноос Бэр цэцэг хамгийн олон саналтайгаар дэмжигдлээ. Ургамал судлаачид, багш, оюутнууд (МУИС, ХААИС), ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэн доктор ахмад судлаач доктор, профессорууд цэцэг ажиглах аялал зохион байгуулдаг аялал жуулчлалын тур оператор, жуулчид зэрэг нийт 1000 гаруй хүмүүс хамрагдсан.
Бэр цэцгийг эрт дээр үеэс Монголчууд эрүүл энх, дайн дажингүй амар амгалан байхын бэлэг тэмдэг болгон хүндэтгэж, түүнийг “Тахилын цэцэг” хэмээн нэрлэж ирсэн. Орон нутгийн нэр нь Баавар цэцэг, бэр цэцэг, тосон тором. Шинжлэх ухааны нэр нь ( Scabiosa). Цэцгийн гадаад төрх нь монгол уран дархчуудын урласан эмээлийн мөнгөн бааварыг санагдуулам гоёмсог. Монгол орны бүх нутгаар тархсан байдгийн дээр зуны гурван сарын турш цэцэгтэйгээ зусдаг, цэнхэр, нил хөх, нил ягаан өнгөтэй цэцэг байдаг юм. Бэр цэцгийг таримлаар ургуулж болдгийн дээр, арчилгаа бага шаардаж, ургамлын өвчлөлд бараг өртдөггүй, хатуужил тэсвэртэй, гени сайтай, цэцгийн зах зээлд гарах, хязгааргүй өсөн дэлгэрэх чадавхтай цэцэг юм.
Энэхүү цэцэг нь хор тайлах, шээс хаагдах, цээжинд муу цус хурах, элэгний галаас болж толгой өвдөх, уушигны халууны ханиад, элэг муудаж бүх бие ногоон шар өнгөтэй болох үед тустай. Анхилуун үнэртэй. Зөгийн балны эх үүсвэр болдог. Зөгий, эрвээхэй татах чадвар маш сайн тул “Эрвээхэйн цэнхэр” хэмээн ганган нэрээр алдартай. Нарлаг орчинд байх дуртай. “Хол газар одож буй хайртай хүндээ бэлэглэхэд иртэл нь хүлээнэ” гэсэн домогтой.
Үндэсний бахархалт цэцгийн олон улсын нэгэн шалгуур болох ард түмний сайн мэддэг, нутаг орныхоо хэмжээнд өргөн тархсан байх шаардлагыг Бэр цэцэг хангаж байна. Одоогоор 153 улс орон Үндэсний бахархалт цэцэгтэй бөгөөд Бэр цэцгийг үндэсний цэцгээр зарласан орон байхгүй байна.
“Үндэсний бахархалт цэцэг”-г сонгосноор “Цэцгийн баяр” аялал жуулчлалын эвент арга хэмжээ, цэцэг ажиглах аялал цэцгийн үрсэлгээ, худалдаа, цэцэгтэй холбоотой бусад бүтээгдэхүүний зах зээл нэмэгдэх юм.
Мөн хүүхэд залуучуудад байгаль дэлхийгээ хамгаалах, газар дэлхийтэйгээ ухаалгаар зохицон амьдрах, цэцэгт ургамал ногоон орчноо хайрлах хүмүүжлийг төлөвшүүлэх ихээхэн ач холбогдолтой.
Б.РИНЧЕН “БЭР ЦЭЦЭГ”





Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...