Хуульчийн мэргэжлийн шалгалтын тов гарлаа
- schedule 2014 оны 9 сарын 30
- chat_bubble 0
Хуульчдад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох хуульчийн мэргэжлийн шалгалт 2014 оны арваннэгдүгээр сарын 12, 13,14-ний өдөр товлогдлоо.
Монгол Улсад хуульчдыг тусгай шалгалтаар сонгон шалгаруулж гэрчилгээжүүлэх ажил 2004 оноос эхэлсэн бөгөөд Шүүхийн шинэтгэлийн багц ажил, энэ дундаа хуульчдын эрх зүйн байдал шинэчлэлтэй холбоотойгоор шалгалтын зохицуулалтын хувьд томоохон өөрчлөлт орсон юм. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх шилжилтийн зохион байгуулалт, бэлтгэл ажилтай холбоотойгоор хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2013 онд зохион байгуулаагүй тул эрх зүйч олон нийтийн дунд ихээхэн хүлээлт үүсээд байсан билээ.
Шинэ хуулиар хуульч ба бусад эрх зүйн боловсролтой этгээдийн эрх үүрэг, хариуцлагын ялгааг тодорхой болгосонтой холбоотойгоор өмнөх сонгон шалгаруулалтаас тус шалгалтын ач холбогдол, үр дагавар мөн өөрчлөгдөж байгаа юм. Тухайлбал цаашид өмгөөлөгчийн тусдаа шалгалт байхгүй, хуульчийн шалгалтанд тэнцсэнээр хуульчдын өөрийн удирдлагын байгууллага болох Монголын Хуульчдын холбооны гишүүнээр элсэх, шүүхэд хэрэг маргаан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нэмэлт шалгалтгүйгээр эдлэх боломжтой болох юм байна.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмыг өмнө үйлчилж байсан хууль зүйн зохицуулалтын үр нөлөөний үнэлгээ ба хуульчдын дундах судалгаанд суурилж боловсруулжээ. Судалгааны хүрээнд шалгалтын хэлбэр, агуулгыг шинэчлэх хэрэгцээ тодорхой харагдсан бөгөөд шударга байдалд үл итгэх байдал зонхилж, жинхэнэ хуульчид тавигдах мэдлэг, ур чадварыг сорьж чадахгүй байна гэсэн дүгнэлт хийсэн байна.
Иймд шинэ журмыг шалгалтын зохион байгуулалтанд аль болох хүний субьектив нөлөөлөл орох бололцоог хязгаарлах, нарийвчлан журамлах, цахимхэлбэрт шилжүүлэх, хяналтын механизмыг ажиллуулах, нууцлал ба шалгалтын шударга байдалд нөлөөлөхөөргүй бүх мэдээллийн ил тод байдлыг хангах, бүртгэл гэх мэторолцогчдын тооноос шалтгаалан ачаалал шаардсан ажлыг цахимжуулах чиглэлийг барьж боловсруулсан гэнэ.
Хуульчийн шалгалт нь сорилгын ба бодлогын шалгалтаас бүрдэх бөгөөд аль алиныг нь тусгайлан бэлтгэсэн танхимд, компьютер дээр авахаар бэлтгэж байна. Шалгалтын бүртгэл тов зарласан өдрөөс эхэлж хуульчийн мэргэжлийн шалгалтын өдрөөс 30 хоногийн өмнө буюу 10 дугаар сарын 13-ны өдөр дуусна.
Шалгалтанд оролцохыг хүсэгчид дэлгэрэнгүй мэдээллийг https://burtgel.legalinstitute.mn/хаягаар авах, бодлого ба сорилгын шалгалтын туршилтын хувилбаруудыг үзэж сонирхох боломжтой юм. Мөн шалгалтын жишиг сорилгын хураамжийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын дэлгүүрт худалдаалж байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...