Үндэсний их баяр наадамд 8 шинэ цолтон төржээ
- schedule 2014 оны 7 сарын 12
- chat_bubble 0
Их монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, ардын хувьсгалын түүхт 93 жилийн ой, үндэсний их баяр наадам өндөрлөлөө.
Энэ жилийн наадамд шинэ арслан, гарьд, харцага, начин цолтнууд олноор төрсөн өргөн дэлгэр сайхан боллоо.
Энэ жилийн Үндэсний их баяр наадамд 5 аварга, 6 улсын арслан, 5 гарьд, 12 заан, 20 харцага, 53 начин цолтон барилдлаа
Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ уран мэх, бяр чадлаа шавхсан 512 бөхийн манлайгаар Увс аймгийн Ховд сумын харьяат Увс нуур бөхийн дэвжээ, ТЭЦ-3, Химон констракшны бөх, улсын харцага Намсрайжавын Батсуурь даваа бүртээ итгэлтэй зоригтой шийдмэг барилдсаар түрүүллээ. Харцага дөрвийн даваанд улсын начин Б.Сангисүрэн, тавын даваанд улсын харцага Ө.Бат-Орших, зургаагийн даваанд улсын начин Р.Пүрэвдагва, долоод улсын гарьд Д.Рагчаа, шөвгийн дөрөвт улсын заан Ч.Санжаадамба, үзүүр түрүүнд улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайхан нарын хүчтэй өрсөлдөгчдөө хаясан.
Үзүүр бөхөөр шалгарсан Завхан аймгийн Идэр сумын харьяат Засагт ханы Завхан дэвжээ, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс, “ЗД” констракшны бөх Улсын өсөх идэр начин Ширбазарын Жаргалсайхан олон жилийн өмнөх Ганбаатар арсланг санагдуулам барилдаан хийж Г.Эрхэмбаяр аварга, С.Мөнхбат аварга, Х.Мөнхбаатар арслан, Н.Ганбаатар гарьд нарын даваа бүрээ магнайлан гарсан томчуудыг 5-8 даваанд ханаруулан хаясаар үзүүр түрүүнд шалгарсан юм. Тэрбээр дөрвийн даваанд улсын начин П.Ганхүүтэй таарч хаясан. Ингэснээр Завхан аймгаас төрсөн дөрөв дэх гарьд боллоо.
Их шөвөг /7 давсан/
Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул Баянзүрх дүүргийн харьяат Аврагч спорт хороо, Хантайшир дэвжээ, Туушин компаний бөх Улсын гарьд Нямдоржийн Ганбаатар сүүийн хоёр жил дөрөв таван даваанд бүтэлгүйтсэн амжилтаа зогсоон төрийнхөө их баяр наадамд долоо даван зургаа дахиа шөвгөрлөө. Гарьд жаахан анхаарлгүй барилдав уу, уул нь улсын наадмын түрүү ойрхон харагдсан даа.
Түрүүлнэ гэсэн олны итгэлийг өвөрлөсөн Архангай аймгийн Хашаат сумын харьяат Бөхбилэгт дэвжээ, Ажнай корпорацийн бөх улсын заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба заан цолоо баталснаар наадмаа өндөрлүүллээ. Түүнд долоогийн даваа нэлээн халгаатай бололтой. 92 жилээр улсын начин Б.Батмөнхөд унасан, 90, 93 жилээр улсын харцага Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба нартай долоод маргаантай барилдаан хийж давсан.
Дунд шөвөг /6 давсан/
Хадбаатарын Мөнхбаатар арслан арван жил дараалан шөвгөрч энэ цагийн шилдэг арслан гэдгээ нотоллоо. Арслан 2005 онд заан болсноосоо хойш жил алгасалгүй шөвгөрч байна. /4 удаа долоо, 4 удаа зургаа, 2 удаа тавдавж 1 түрүүлсэн/ Шинэ гарьд болох бөхчүүдэд тахимаа өгдөг уламжлалтай Мөнхбаатар арслан энэ жил мөн од нь орсон Жаргалсайхан начинд уналаа. Мөнхбаатар арслан сүүлийн гурван жил дараалан наадмын үзүүр бөхчүүдэд унажээ. /Ж.Бат-Эрдэнэ, Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан/
Улсын гарьд Дамбийн Рагчаа дунд шөвөгт үлдээд түрүү бөхөд унав. Тэрээр найм дахь удаагаа шөвгөрлөө. /1 удаа найм даван үзүүрлэсэн, 2 удаа долоо, 3 удаа зургаа, 2 удаа тав/
Улсын наадамд түрүүлэх бөхөөийн нэгээр нэрлэгдэж байсан улсын гарьд Б.Гончигдамба мөн түрүүлэх бөхийн нэгээр нэрлэгдэж байсан улсын заан Ч.Санжаадамбатай аргагүй тунан ойрхон газардлаа. Гарьд сүүлийн дөрвөн жил дараалан шөвгөрч байна.
Улсын харцага, заан болно хэмээн олны итгэлийг хүлээсэн улсын начин Баатархүүгийн Пүрэвсайхан улсын арслан Д.Азжаргалаар улсын харцага цолонд хүрлээ. Пүрэвсайхан начны үнэхээр том бөхчүүдийг айлгадаг гэдгээ харуулан улсын заан цолноос дээш явна хэмээж байсан улсын шилдэг харцага Ц.Содномдоржтой тавд тунаж давсан.
Бага шөвөг /5 давсан/
Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат Дүнжингарав дэвжээ, Акс херо компаний бөх аймгийн хурц арслан Чулуунбаатарын Батчулуун, Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, Хилчин спорт хороо, Хилийн цэргийн 0311 дүгээр анги, Хантайшир дэвжээний бөх Балжиннямын Суманчулуун, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн бөх цэргийн арслан Базаргүрийн Бадамсүрэн, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн бөх аймгийн арслан Лхагваагийн Лха-Очир, Архангай аймгийн Тариат сумын харьяат Бөхбилэгт дэвжээ, Найдангийн Адъяабат нар улсын цолтны их гэр бүлд багтлаа.
Даян аварга болох зорилготой барилдсан эртэй хүчтэй улсын аварга С.Мөнхбат од нь гийсэн улсын начин Ш.Жаргалсайханд тахимаа өгөн шөвгийн тоогоо тав болголоо. /1 удаа арав даван түрүүлж, 1 удаа долоо, 1 удаа зургаа, 2 удаа тав давсан/
Улсын арслан Д.Азжаргал шөвгөө тав болголоо. /1 удаа ес даван түрүүлж, 4 удаа тав давсан/
Улсын харцага заан цолноос дээш яригдаж байсан улсын шилдэг начин Р.Пүрэвдагва начин цолоо баталж наадмын түрүү бөхтэй тунан уналаа.
Өсвөрийн барилдаанд
Өсвөр бөхийн барилдаанд 128 бөх барилдаж Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат 2012 2013 онуудын төрийн наадмын түрүү бөх улсын шонхор, сумын заан Батжаргалын Лхагвадорж дахин түрүүлж, үнэмлэхүй дээд амжилтыг тогтоолоо.
Үзүүрт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Хилчин спорт хорооны өсвөрийн залуу бөх Нямдоржийн Өсөхбаяр шалгарчээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...